Samstag, 14. Juli 2012

Дэлхий юун дээр тогтдог вэ?


Нэг удаа Монгол хэл, уран зохиолын багш маань биднээс хувь хүний шинж чанарыг тодорхойлох асуулга авч билээ. Багш асуугаад бид дор бүрнээ хариултуудаа бичээд байсан хэрэг. Асуултууд хөвөрсөөр...
- Хайрлаж хүндэлдэг хүмүүсээ бичнэ үү?
Би: Өөртөө болон ойр дотныхондоо хайртай. 
Ингэж бичсэнээсээ болоод ангийнхандаа шоолуулж, А.П.Чеховын бил үү "Дугтуйтай хүн" болохоо шахаад нэг юм мултарсан сан. Яагаад гэвэл бусад хүүхдүүд аав, ээж, анд найзууд, ах дүү хамаатан гэх мэтийг бичээд өөрсдийгөө орхисон байсан.
Тийм ээ, тэгвэл би өөртөө бас хайртай. Тухайн үедээ хөөрхий минь эрүүл хоол хэрэглэдэг, эрдэм номдоо хичээдгээ л бодож тэгж өөртөө итгэлтэй бичиж байсан хэрэг.
Гэтэл би сая бодлоо. Би ер нь яагаад өөртөө хайртай байдаг юм бэ гэж? Яагаад хүмүүс өөрсөддөө аль л аятай тухтай, сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлсийг сонгож, яагаад бид зөв шийдвэр гаргахыг чухалчилдаг вэ? Яагаад бид бусдаар хайрлуулахыг хүсч, тэдний дэмжлэгт талархдаг вэ? Яагаад өвчин тусахдаа үхэлтэй үзэж таран тэмцэлддэг вэ?  Яагаад абортын үед нэг сартай бяцхан хүүхэд соруулах аппаратнаас эхийнхээ савны ханыг даган хэр чадлаараа зугтдаг вэ?
Яагаад амьтад аюулаас айж зугтдаг вэ? Шаварт зоогдсон шар яагаад тэнхээ мэдэн чадлаа барагдтал намаг дунд тэлчилдэг вэ?
Яагаад амьтад амьдралын төлөө тэмцдэг вэ?
Яагаад цэцэгс хадан дээр биш, хөрсөнд, уулын сүүдэрт биш энгэрт ургадаг юм бэ?
Эцэст нь яагаад амьдрал зөвхөн энэ гариг дээр үүсэв?
Тийм ээ байгалийн ХУУЛЬ гэж хүмүүс хариулах байх. Дээр дурьдсан адил шинж чанар бүхий амьтдын энэ үйлдлүүд бүгд байгалийн хууль юм бол тэмцэл дунд өнгөрдөг хүний амьдрал ч гэсэн байгалийн үзэгдэл ба хүний үүсгэсэн нийгмийн асуудлууд ч мөн бас нэгэн байгалийн үзэгдэл байх нь. Үнэндээ шоргоолжны нийгэм, зөгийний нийгэм гэх мэт хамаагүй илүү энгийн, гайхамшигтай нийгмүүд зөндөө л байдаг.Бүгд л нэг дэлхий дээр оршин байх учраас бүгд л дэлхийн буюу байгалийн үзэгдэл.
Ийм учраас бүгд хоорондоо харилцаа хамааралтай. Тиймээс дэлхий дээр хүнээс өөр бүх амьтан байгалийн хуульд захирагдаж, өөрсдийнхөө эрх ашгаас илүү дэлхийн эрх ашгийг илүүд тавьж буруудахдаа тулвал өөрсдөө зүйл дууссаар ирсэн. Жишээ нь: Үлэг гүрвэл, арслан заан гэх мэт эртний амьтад.

Тэгвэл байгалийн хууль гэж юу вэ? 
Асуултанд хариулахын тулд энэ дэлхий дээр байгаа бүх л зүйлс өөрсөддөө олдсон амьдралаа хайрлаж байна гэдэг зарчмыг харъя. Хүн, амьтан, ургамал бүгд. Тэгвэл дэлхий бас өөрийнхөө амьдралыг хайрладаг байх ёстой биз? Үнэндээ хөөрхий үлэг гүрвэлүүд буруу хэрэг хийсэндээ гэмшээд амиа хорлоцгоосон биш, дэлхий ээж өөр олон амьтан, ургамал болон өөрийнхөө амийг хамгаалахын тулд тэднийг генийн түвшинд нь устгасан байх л даа.
Тэгвэл байгалийн хууль гэдэг чинь амьдралаа хайрлах ХАЙР биш үү? Тодруулбал ОРШИХУЙГАА ХАЙРЛАХ ХАЙР.

Өөрөө бусдаас хамаарч байгаа учраас бусдыгаа бас хайрлах хэрэгтэй. Иймээс байгалийн бүх зүйлс энэ ХАЙРаараа уялдаж, төгс зохирлыг олсон байдаг. Гэрээ хэлэлцээр байгуулдагтай адилхан гэвэл илүү ойлгомжтой байх юм болов уу. Гэхдээ үр дүн нь төгс, аль алиныхаа оршин тогтнолыг хүндэтгэсэн гэрээ. Чоно хамгийн тэнхээ муутай, өвчний үүр болсон амьтныг барьж идсэнээрээ тухайн сүрэгт тус болдог гэх мэт энгийн жишээ захаас аваад олдоно.

Гэтэл хүн төрөлхтөн өнөөдөр юу хийцгээж байна вэ? Өөрсдийнхөө эрх ашгийг л хамгаас өндөрт тавьж, бусад амьтан байна уу, ургамал байна уу, хүн байна уу хамаагүй устгаж, эд хөрөнгө гэх өөрсдийнхөө үүсгэсэн хийсвэр зүйлийн төлөө Хайрлах сэтгэлээ уландаа гишгэж, байгалийн хуулийг зөрчиж байна бус уу?
Миний айдас юу гэхээр хүн гэх бие бага ч бэлчээр том амьтад, үлэг гүрвэл агаа нарынхаа цэвэрлэгдсэн түүхийг давтах вий дээ гэж. 

Хүмүүс хүний нийгэмдээ гэмт хэрэгтэн, болох бүтэхгүй нөхдүүдийг аваачаад шорон гянданд хийгээд, болохгүй бол цаазаар авчихаж байгаа юм. Яг үүнтэй адил шүү дээ.
Дэлхийн хүн амын тоо 7 тэрбум, нэгхэн өдрийн дотор хүмүүсийн хүнсний хэрэглээнд зориулж алтан амиа өргөдөг загасны түрсний тооны хаана ч хүрэхгүй. Цагаа тулвал байгаль ээжийн хувьд хүн, түрс хоёрын ялгаа огтхон ч байхгүй. Хүмүүс болохгүй байвал хүмүүсийг цөөлнө, түрснүүд давраад байвал түрснүүдийг нэг тийш болгоно.
Ингээд хэлэхээр хүмүүс "За арай үгүй байлгүй дээ" гээд үл итгэдэг. Тэгвэл өнөөдөр ижил сүрэгтэйгээ, далайн бүлээхэн усанд сэлж яваа сардин загасыг маргааш үд дундын 12 цагт консерв болно гэж хэн мэдэх юм бэ? Сардин өөрөө бол бүүр юу ч мэдэхгүй.
Азаар нэг магадлал багатай ч хонгилын үзүүрт асан буй хөх гэрэл хүн төрөлхтөнд байна аа.
Тэр нь юу гэхээр хүн, сардин хоёрын амьдралынхаа төлөө тэмцэх чадамж л юм. Хүмүүс алдаагаа засах хавьгүй өндөр чадамжийг эзэмшиж чадсанд л өнөөдөр дэлхийн бүх байгаль хамгаалагчид найдвар тавьж, хүмүүсийг ухааруулахын тулд хоолойгоо сөөтөл хашгирч тэмцээд байгаа юм. Улстөрчид өөдөөс нь санаандаа орсон эдийн засгийн "нийтэд тулгамдсан" асуудлыг сөргүүлэн тавих ба заримдаа нэгнийгээ маш их хэмжээний авилга авсан гэж сонин хэвлэлээр дүүрэн шуугиулж "хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь хандуулж" байдаг. 
Аргаа барвал НАСАгаас хэвлэж өгсөн нарнаас 500 гэрлийн жилийн зайд орших нэг ногоондуу гаригийн зургийг мэдээллийн хэрэгслээр "Дэлхийн ихрийг бараг олчихлоо" нэрийн доор сурталчлаад хэд хоногийн амьсгаа авдаг. Үнэн хэрэг дээрээ НАСА нь тэр гаригийг аль 5 жилийн өмнө олчихсон л байдаг байхгүй юу. 

Хүмүүс бидний гол найдвар НАСАгийн зураг биш, бидний зүрх болгонд орших хайр юм. Өөрийгөө, нийгмээ, хүрээлэн буй орчноо, эх дэлхийгээ зохих ёсоор хайрласнаар бид энэ дэлхий дээр удаанаас удаан амьдарч чадна.
Яагаад гэвэл дэлхийн мөн чанар нь ХАЙР юм.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen