Montag, 23. Juli 2012

Жинхэнэ боловсрол гэж юу болохыг ухсан минь


Боловсрол оо гэж.
Миний нэг танидаг хайртай эгч байдаг юм. Социализмийн үед төрж, хүмүүжсэн тэрбээр Техник мэргэжлийн сургууль төгссөнөөр ачит багш нараасаа “амьдрал” хэмээх өөр нэгэн багшийн гарт шилжиж ажил хөдөлмөрөөр өөрийгөө чимсэн зүгээр сууж чаддаггүй зүтгэлтэй нэгэн. Эгч маань  бас ч үгүй нэг ид шидтэй. Юу гэхээр, ажил хэрэг ярихаар аль нэг газрын хаалгыг татсан л бол бүтээхгүй гарч ирнэ гэж түүхэнд байхгүй ээ. За тийм ч болохоор анд нөхөд, хамаатан садан нь хэдэн сар хөөцөлдөөд бүтээгүй юмаа барисаар түүнийг “гол найдвар”-аа болгон ирэх нь бий. Эгч бүсгүй ч өөрт нь итгэсэн баахан хүний сэтгэлийг өвөртлөөд даргын өрөө рүү давхиад орно доо... Инээмсэглээд л гараад ирнэ. За ингээд хэлэхээр зарим хүмүүс “дарга нартай иймээ тиймээ юм болдийм байгаа биз” гэж өөрийнхөөрөө ойлгоод тас намжирдна аягүй бол. Үгүй шүү, ханьдаа үнэнч, харин ч жинхэнэ Монгол бүсгүй байдаг юм. 

Нууц нь юундаа байна вэ гэхээр ерөөсөө л ганцхан зүйл, ярилцагчийнхаа сэтгэлд нөлөөлтөл өөрийгөө илэрхийлэх л байхгүй юу. 

Ярилцлагын үйл явцад анхаарлаа нэг хандуулсу. Аа гэхдээ, албархуу царай, алтан цаг, Армани ус, аятайхан бас бодолтойхон асуулт тавьж хэлэлцэгчдээ сэтгэгдэл төрүүлдэг америк маягийн арга барилыг ярихгүй шүү. Энергийн түвшинд өөрсөддөө аль болох ойлгомжтойгоор сонирхноо хө. 

Айл бүрт удмынх нь өвөг дээдэс болох онгод шүтээнүүд заларч, тэр байтугай шинжлэх ухаан сүнс гэж бийг, хүний биед гэрлэн бүрхүүл байдгийг батлаад, судалдаг, хэмждэг  тоног төхөөрөмж нь бий болчихсон өнөө үед “сүнс ярьж гажигтаад ...” гэж хамраа шуухитнуулан эсрэгцэх тийм ертөнцөөс тасарсан Монгол байхгүй биз ээ гэдэг итгэлээ дашрамд хэлмээр санагдах. 

Хүний бодол бол энерги буюу Монголоор эрчим юм. Тиймээс итгэл найдвар бол бүүр хүчтэй эрчим байдаг. Тэр ч ёсоор нөгөө дарга энэ тэрийг эргэцүүлсээр өөрийнхөө гэрлэн бүрхүүлээр хүрээлүүлэн, эрчмээ цацруулсаар өрөөнд сууж байна гэж төсөөлцгөөе. Энэ үест хаалга тогшин, өөртөө итгэх итгэл дээр нь өөр бусдын сэтгэлүүд дэм өгч хүчжүүлчихээд буй нэгэн хуйларсан эрчмийн урсгал буюу манай эгч орж очих нь тэр ээ. Басхүү өрөөний гадна хүлээх хоёр гурван хүний “Бүтээчихээсэйййй...” гэх залбирал, хүсэл уг эрчмийн хуйлралд хүч өгөн хурдасгах авай. Яг л Торнадо шиг. Ингээд ярилцлага эхэлж, эгчийн харц, үгээр дамжин дарга нэгийг бодох ба, түүнд нь нөгөө Торнадо байн байн давшилт өг, өгсөөр даргын эрчмийн урсгал, эгчийнхтэй нэг долгион дээр таарах үест мань дарга зөвшөөж, үзгээ аван гарын үсэг зурснаар эгч талархлаа илэрхийлээд инээмсэглэн гарч буй л юм.
Үүнд махан бие, бариу зангиа, бүдүүн гүзээний ач холбогдол огт харагдахгүй байгаа биз дээ? Даргын сэтгэл, оюун л асуудлыг шийдвэрлэнэ үү гэхээс хувцас, яс, цус нь биш. Харин орж байгаа хүний өөртөө итгэх итгэл буюу бас л сэтгэл, оюуны хүч нь шийдвэрт нөлөөлдөг байх нь. 
 Бидний амьдрал түг түмэн уулзалт, учрал тохиолуудын нэгдэл нийлбэр байдаг. Тиймээс бид буюу эрчмүүд маань өдөр тутам ийм харилцаанд орж л байдаг. Тэхээр ерөөсөө нийгмийн шинжлэх ухаан гээчийг хөгжүүлж ирсэн, тухайн нийгэмдээ байр суурьтай байх гэсэн эрмэлзэл бол угтаа энэ сэтгэл, оюуны хүчээ төгөлдөржүүлэх чармайлт байсан байж таарах нь. 

Өөрийгөө таниснаар үзэл бодолдоо тууштай байдаг, аливаа нөхцөл байдалд оновчтой дүгнэлт өгч шийдвэрлэдэг, ямарваа асуудлыг шийдэх гарцыг алсын хараатай олж хардаг, аливаа үзэгдлийн мөн чанарыг таниад тохирсон аргаар хариу үйлдэл үзүүлдэг, юу юугүй сэтгэл санаагаар уначхаад уйлж унжхааргүй сэтгэлийн тэнхээтэй байхыг л би ухаандаа сэтгэл, оюуны хүч гэж нэрлээд байгаа юм. 

Энэ чадваруудыг эцэг эхүүд нь үр удамдаа сургааль үгс, амьдралаараа зааж сургадаг байв. Харин сүүлийн зуун орчим жилд аав ээжийн үүрэг оролцоог багасгаж сургуулийн системээр сэтгэл оюуныг чадваржуулахаар оролдох болжээ. Тэгээд тэр системийн дамжлагуудаар бүрэн гүйцэд дамжигдаж бэлэн болсон оюуны бүтээгдэхүүнүүдээ “Боловсролтой хүн” гэж нэрлээд тал талаас нь гэрэл цохиулан рекламдсаар өдийг хүрлээ.
Энэ хугацаанд маш  олон хэлний зөв бичих дүрэм шинэчлэгдэн тогтоогдож, олон хүн уншиж бичиж, тоо бодож, физик ертөнцийн олон үзэгдлийн “өнгөц шалтгаан”-тай танилцсан нь гайхамшигтай. Гэвч агуу найрагч Р.Чойномын шүлэглэсэнчлэн “хэлбэрт баригдах дургүй хорвоо”-г хүмүүсийнх нь сэтгэхүйтэй хамт хэлбэрчлэх гэж оролдсон нь, тодруулбал үнэн түүхийг өөрсөддөө тохируулан хэлбийлгэсэн нь, шинжлэх ухаан гэдгээрээ ертөнцийн зөвхөн материаллаг оршихуйн зүй тогтлыг эрэн бэдэрснээ “цорын ганц ҮНЭН” байдлаар хүмүүсийн тархинд  "боловсрол"-оороо
дамжуулан суулгасан нь түүний өнөөх сэтгэл, оюуны хүчийг төгөлдөржүүлэх ёстой анхдагч зорилт, мөн чанарыг алдуулж, өдгөө зөвхөн махан бие, амьгүй эдлэл хэрэглэлд шунан дурлах сая сая хүн дүрстнүүдийг төрүүлсэн нь аймшигтай.
Асар их амиа хоохойлдог, өөрт нь итгэсэн олон хүнийг огтхон ч бодолгүйгээр авилгал, мөнгөнд толгойгоо мэдүүлнээ гэдэг боловсролтой ч сэтгэлгүйн шинж. Дэлхий даяар сэтгэлээр унасан, стрессдсэн, архи, тамхинд орсон, сэтгэл санааны цочролоос гардаггүй, сэтгэл зүйчийн хяналтанд байдаг маш, бүүр маш олон боловсрол бүхий хүмүүс байдаг. Би эндхийн нэг нийгмийн ажилтнаас сонсож байсан, Австричуудын 50 орчим хувь нь сэтгэлзүйн ямар нэг асуудалтай байдаг гэж.  
Эсрэгээр хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол түлхүүр нь бүтээгчдийн сэтгэлийн хүчээр л өдөөгдөж, тэтгэгдэж, бүтээгдсэн байдаг шүү дээ. 
Гэрлийн шилийг бүтээх гэж гурван мянга гаруй туршилтыг үл шантран хийх, бүхэл бүтэн арван жилийн хөдөлмөрөөр бүтсэн ном нь санаанд оромгүй байдлаар үнс болон хийссэн ч эхнээс нь дахин бичих эрэлхэг зориг, гэргийгээ бусдад булаалгасан ч хар булган дахны ачаар хагацсан улсаа ч, хайртай хатнаа ч эргүүлэн авах холч ухаан, гаргүй ч хөлөөрөө зурдаг, амаараа бичдэг, хөлгүй ч гараараа явдаг, сонсголгүй ч Сарны сонатыг бичиж чадсан гайхамшигт тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатан зориг, эцэг эх бүрийн элбэрэл хайрын хүч, энэ дэлхий дээр амьдарч байсан хүн бүрийн хүч чармайлтын үр шим нь бидэнд олгогдсон энэ амьдрал билээ. Гэвч ийм учир шалтгааныг умартан, ерөөс үндэс язгуургүй ба үр удамгүй мэт эх дэлхийгээ энд тэндгүй сэндийчиж, энэ биеээ элдвээр бигнэж, боож, эрээлж цоолчихоод хөгжил гэж хөөрцөглөх нь бөөсөө л түүж идэхгүй болохоос салбадай сармагчнаас юуны ялгаа. 

Байгаль дэлхийгээ хордуулж, байдаг бүхнийг нь ухаж хойч үеээ амьдрах газаргүй болгохоор зүтгэх нь хөгжил гэж үү? Засгийн газар шинжлэх ухааны судалгаа явуулж ямарваа нэгэн аюулыг биднээс холдуулна гэж найддаг хөөрхий хүмүүсийг яалтай. Засгийн газар нь угтаа бас л хүмүүс шүү дээ. Сэтгэлтэй, сэтгэлгүй сэхээтнүүд. Гэхдээ үнэндээ тэр засгийн газрын дарга нар нь ч баячуудын өрийн барьцаанд үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийг тэр чигээр нь хэрсэн өр, зээл, хүүний тор. Үндсэндээ шуналын тор. Энэ торноос гадуур явагддаг үйл ажиллагаа гэж байхгүй. Ийм асар их шунал сайн юманд хүргэсэн нь хэзээ ч үгүй. Тэрбум тэрбум хүмүүс ядуу, өлсгөлөн амьдарч байна, шинэ өвчин, байгалийн гамшиг, бохирдол, гэмт хэрэг, айдас ... 

Ер нь хүн төрөлхтний туйлын мөрөөдөл бол хэзээд “амар амгалан амьдрах” байсаар ирсэн, одоо ч ийм. Тэр амар амгаланг хэрхэн бий болгох арга замыг яаж тодорхойлсноосоо хамаарч алдаж оносоор ирсэн. Тухайлбал хүчирхэг байвал амар амгалан байна, баян байвал хүчирхэг байна гээд баахан алт мөнгө цуглуулж байхдаа өөрийгөө ороочихсон шуналынхаа хүлээсэнд унтах нойр ч үгүй тарчилсаар хорвоогоос халигсад олон байсан, одоо ч гэсэн. Эд хөрөнгөтэй байна гэдэг эрх чөлөөгөө хасуулах хамгийн тансаг арга. Гэхдээ ямар ч байсан эрх чөлөөгүй байхыг хүсэх юм биш.
Тэхээр боловсрол гэдэг ойлголтоо эргэн нэг харах хэрэгтэй болж байх шиг байна. Сайхан сэтгэлтэйчүүдийн эрчимээр өдий хүртэл үргэлжилсэн амьдрал, боловсролтой сэтгэлгүйчүүдийн шуналаар сөнөхийн аюул нүүрлээгүй байгаа даа. 

Үр хүүхдээ энэ дэлхий дээр хэрхэн “амар амгалан” амьдрахад сургах зорилгоор, энэ хорвоогийн жам хуулийг танин мэдэж зохицон оршихын тулд анхны сургалт, боловсрол гээч маань үүссэн байлтай. Яв явсаар сөнөөх чадлыг олсон нь шуналын дэв шүү. Тэгэхээр энэ бүхнийг хойч үедээ захиж ориг боловсролтой буюу сэтгэлийн тэнхээтэй, хүчирхэг оюунтай хөмүн болгохын төлөө Монголчууд бид өнөөдөр наадах цаадахын учрыг эн гүнтэй эргэцүүлж үзэх зайлшгүй шаардлага ирээд буй. 

Та хүүхдэдээ сайхан байшин, сайн унаа үлдээж болноо. Аюул тохиолдож байшин нурлаа гэхэд ахиад өөрийг бариад суух чадвар, юунд ч үл нугарах сэтгэлийн хатан зоригийг харин яасан ч битгий мартаж орхиорой.
Хүний сэтгэлийг татахын тулд хүнд сэтгэлээ өгдөг байхад суралцуулаарай. Та төсөөл дөө, бүх хүмүүс бие биенийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байвал энэ хорвоод амар амгалан тогтноо доо? Монголчууд Эзэн Хааныхаа удирдлаган доор нэгдэхдээ яг л ийм байсан гэдэг. Нэг хүн есөн зуун тавин мянган хүнд сэтгэлээ өгч, хариуд нь тэр хүн есөн зуун тавин мянган хүний сайхан сэтгэлээр эрчимнэж явсан байх юм. Манай эгч гурав, дөрөвхөн найзынхаа сэтгэлийн дэмээр ажил хэргээ яралзтал бүтээдэг байхад есөн зуун тавин мянган хүний тийм эрчим ямар их чадалтай байхыг нэг төсөөлөөч! Одоо бол Монголчууд бүүр олуулаа болсон. Арван саяуулаа болсон. Өвөг дээдсүүд минь нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө амьдардаг тэр нийХЭМийг байгуулж чадсан бол бид ч одоо цагт чадах л болно. 

Хүн төрөлхтөнд амар амгаланг өгч жинхэнэ хөгжлийг авчрагч нь өөрийн сэтгэлээ бусдад өгч, бусдын сэтгэлийг татах урлаг, түүгээр амьдралаа цэцэглүүлэн хөгжүүлэх чадвар, урдүй билээ. Үүнийг жинхэнэ БОЛОВСРОЛ хэмээнэ. Энэ л боловсролын үр шим нь ХӨГЖИЛ байх болой.


Мэхийн ёсолсон, Монгол Удам

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen