Samstag, 14. Juli 2012

Гашуун дурсамж - Хувь заяаны нэгэн гогцоо

Би уул усаа хамгаалах хөдөлгөөнд нэгдсэн ч тэмцлээсээ ухарсан өөдгүй хүн байгаа юм. Гэхдээ Өвөрхангайн Уянга сумынхан буюу одоогийн "Гал" холбооны удирдагч Мөнхбаяр, "Хүдэр голынхон", "Алаг нүдэн Мөндөөхэй" гэх мэт өнөөг хүртэл тэмцлээ үргэлжлүүлж үр дүнг нь нэлээдгүй үзэж байгаа тэмцэгч хүмүүсийг одоо хэр нь биширч явдаг ба үйл ажиллагааг нь байнга сонирхож, тэдэнтэй биш буруу хүмүүстэй хамтарч байсандаа одоо хэр нь харамсдаг юм. 
Тодруулбал "Хатан Туул голоо аврах Үндэсний Хөдөлгөөн"-ийг байгуулалцаад идэвхтэнээр ажиллаж байсан юм. 2008 оны сонгуулийн өмнөхөн. Туул голын татамд, өөрөөр хэлбэл голын урсгалаас 50 метрийн дотор, байшин барих ямар ч үндэслэлгүй газар барилга барихаар хатгасан хашааг нурааж, Туул голд л байдаг Улаан номонд орсон зэвэг нэрт загас сүүлийн жилүүдэд ихээр хорогдож байгаагийн учрыг асуугаад УСУГ-ын холбогдох даргаас "тэд чинь хөлдөөд үхчихсэн" гэдэг тэнэг хариултыг сонсож байлаа. Үүнээс өөр олон олон баримт, дурсамж хадгалагдаж дээ. 
Чин сэтгэлээсээ юунд ч бол туслахыг хичээж, хичээл номоо ч гаргуундаа гаргаад явж байсан. Гэхдээ биднийг удирдаж байсан хүн хувийн ашиг хөөж байснаас гадна, би өөрөө тухайн үед нас залуу, тэнэг, энгийн нэг оюутан л байсан юм. 
Монголд нам бус залуучуудын үгс ялаа жингэнэж байгаатай адил сонсогддогийг мэдэрсэн, бас яахын аргагүй улстөржсөн байсан. Ганц ч атугай байгаль орчинд ээлтэй хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтийг батлуулж, дараагийн парламентад гарах магадлалтай дэвшигч болгоноос Туул голын эхэн дээр олгогдсон ашиглалтын болон хайгуулын лицензүүдийг цуцална гэсэн амлалтыг авах гэж хөөцөлдөж байсан болохоор тэр. 
...Ууланд түймэр гарвал ганцаараа ч болов очоод унтраалцана, хэрвээ сайн дурын залуучууд байвал хичнээн сайхан бэ гээд л 10 гаруйхан хүний утас цуглуулчихсандаа баяртай байсан ах минь 2008 оны 7 дугаар сарын 1-нд Ху намын байрыг "Ху намынхан өөрсдөө нурааж" байхад тэнэсэн эсвэл зорьсон суманд оногдон өрөөсөн нүдгүй болчихсон юм даг. Тэр явдал надад ихийг бодогдуулж билээ.
Би өөрийгөө нүдгүй болчих вий гэж айсан юм биш, харин Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг, баячууд нь, төрийн түшээдүүд нь, угтаа Монголчууд Монголчуудыгаа хэрхэн нухчин дарж байгааг өөрийн нүдээр үзэж биеэр мэдэрсэн юм. 
Сэтгэлийн хөөрөлдөө автаж, саналаа луйвардуулсандаа шар нь гозойсон өрөвдмөөр ядуу иргэдийг зохион байгуулалттай хэдэн хүн, хэрхэн хатгаж, юу хийлгэснийг, наян жилийн түүхтэй гэгдэх намын байр түүдэг мэт асахыг яг дэргэдээс нь, Монголын Ахмадын Холбооны дээвэр дээрээс харж зогссон сон. Илүү хүчтэй байх ёстойгоо, боловсролтой байх ёстойгоо тэхэд л ухаарч шалдан оюутанг би-гээ бусадтай адил голсон юм. Тэр хүртэл Монгол минь битгий үгүй болчихоосой гэж залбираад, чадвартай, боловсролтой болохоор тэмцлээ түр хойш тавьсан юм. 
Сэтгэлгүй биш сэтгэлтэй байсаан, одоо ч гэсэн. 
Цөөн биш л нулимсан дуслуудыг эх орныхоо төлөө унагааж явдаг, одоо ч гэсэн. 
Харамсалтай нь намайг энэ бүгдийг хийж явахад, тэмцээд байгаа асуудлыг минь адаглаад сонирхон сонсохын оронд дооглон тохуурхаж, төрийн төлөө оготно боож үхнэ гэж сануулдаг байсан нь 18тай охиныг гомдоож чаддаг байсныг хэлэлгүй орхиж чадахгүй нь. Эсрэгцүүлэн "Эх оронч оготны үг" нэртэй илтгэл хүртэл бичиж байсан ч олон хүний чихэнд хүрч амжилгүй дарагдсан юм сан. "Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад, төрөө зас" гэж ээж минь надад сургаж, түүнийг яс махандаа шингээж ойлгосон би өнөөдрийг хүртэл биеэ засах үйлийг голчлон хийж ирлээ. 
Гэхдээ эх орноо гэх сэтгэлд ассан гал, зүрхэнд дүрэлзсэн хэвээрээ. Энэ цус байхад тэр сэтгэл хаа холдох билээ...

Монгол удам 2012 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen