Samstag, 14. Juli 2012

120 километр дугуйтай аялсан түүх

2012 оны 5 дугаар сарын 28. Цаг хугацааны хором мөч бүхэн, хорвоогийн эгэл эс бүхэн өгүүлэх түүхтэй гэнэм. Дэлхийн түүхэнд энэ өдөр юу гэж үлдсэнийг мэдэхгүй юм, ямартай ч Австри улсын Вена хотноо амьдран суралцаж буй 17 оюутан залуугийн хувьд дугуйн спорттой салшгүй холбогдсон өдөр байлаа.
Praterstern зогсоолын хажууханд биднийг цуглахад тэнгэр цэлмэж, нар мишэээсэн тунгалаг өглөө тохиов. Сүүхэлзсэн сайхан дугуйнууд түрээслээд сэвхийтэл яах ийхийн зуургүй Schwedenplatz орчихдог юм байна. Хотын дундуур сүлжилдэн давхиад л залуус маань эрч хүчээр дүүрэн байгааг харахад тун ч урамтай. Тэндээсээ Hütteldorf орж галт тэргээр Melk хүрэх ёстой төлөвлөгөө маань Zug-ний дугуйн багтаамж хэтэрсэн шалтгааны улмаас өөрчлөгдөж дараачийнхыг цаг гаран хүлээхээс өөр аргагүйд хүрсэнд, зохион байгуулагчдын ухаалаг шийдвэрийн дагуу эргээд Westbahnhof руу очоод хоосон галт тэргийг эхний буудал дээрээс нь “барьж”, багтаж чадсан нь нүдээ олсон алхам байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Зиа тэгээд замдаа гарлаа даа. Цаг гарангийн хугацаанд галт тэргэн дотор юу хийхэв, зарим нь унтлаа, зарим нь элгээ хөштөл инээлээ, зарим нь бүүр хажууд суугаа нөхрийнхөө “чихэн дээр цэцэг ургуулж” харагдсан. Харин аялалын маань жинхэнэ гарааны цэг болох Melk хот руу дөхөх тусам тэнгэр бараантан бараантсаар яг буух үед бороо шивэрч эхлэв ээ... Хаа холоос дугуй унах гэж, тэр тусмаа тодорхой зорилготой гарсан Монгол залуусыг юу саатуулаа аж, энгэр замаа хамхиж аваад л салхи бороог зүсэн аяллаа эхлүүлэв.
Бид ширүүн бороотой хэсгийг өнгөрсөн үү, эсвэл цаанаасаа зогссон уу ямар ч атугай эхний амралтын цэг дээр ирэхэд тэнгэр гийж эхэлсэн ба харамсалтай нь аялагчдын маань ихэнх нэвт норсон байлаа. Солих хувцастай бэлтгэлтэй гарсан хэд нь хувцсаа сольж аваад, солих хувцасгүй бэлтгэлгүйнүүд нь хэдэн зураг даруулж аваад л цааш жийцгээв.

... Шувуудын жиргээтэй цэлмэг тэнгэрийн доор цэцэгсийн үнэртэй анхилам тал хөндийгөөр, өндөр уулсын сүрийг бахдан, өргөн мөрний сайхныг биширч салхи хүнгэнүүлэн давхих шиг жаргал хаа байна? Нэг тийм... эрх чөлөөтэй, эрч хүчтэй мэдрэмж төрнө.
Зуун хувийн Bio хүчилтөрөгч ам хамрыг таатайяа сэнгэнүүлэх нь ч, зургаан араатай хурдан дугуй секундэд хоёр удаа жийлгэх нь ч, зуулттай уруулын завсраар амтагдах шорвог хөлсний шазуун амт ч, зур зурсхийн өнгөрөх зургийн мэт байгалийн үзэмж ч... хүн бас хааяа ингэж нүдтэй, амтай, хөлтэй, гартай, зүрхтэй, уушгитай гэдгээ мэдэрч байх хэрэгтэй юм байна гэж эрхгүй бодогдуулж байсныг нуух юун.
Янз бүрийн аялалын хувьд тохирсон хүнс гэдэг ерөөсөө хүч тэнхээний эх ундарга болж байдаг юм билээ. Гэхдээ их идэх бол дэмий. Яг дугуйн аялалд зориулагдсан “Оны шилдэг хүнс”-ээр тэгвэл “хуушуур”-ыг шалгаруулмаар надад санагдаж байгаа юм. Замын туршид хэн нэгний богцноос гэнэт гэнэт гарч ирж “барьц” алдуулж асан хуушуурууд бол манай аялалын “аврагчид” байсан гэх нь хайшаа юм, гэхдээ “амь тарианууд” гэчихвэл нэг их хилсдэхгүй ээ.

... Зиа ингээд бид ч жийгээд л, зам ч урамтай хорогдож 30 километр үлдээд байтал гэнэтхэн салхи ширүүсээд бороо дусалж байдал эвгүйтэж эхэллээ шүү. Зохион байгуулагчдын маань нэгний мэргэн санаачлагаар ойролцоо байсан нэг сүүдрэвчинд амжин орж айхтар ширүүн аадраас арай чүү хоргодоод хагас цаг хэртэй хүлээж аадрын үүл арай шингэрэхтэй зэрэг шиврэх бороог үл хайхран ширтэх замдаа дөрөө нийлэв. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор зорилгынхоо ихэнх хагасыг барчихсанаа мэдэнгүүт нүд хурцсаад, хөл чангараад ирэх юм билээ.
Linz орох сүүлийн 10 километрт цэцэг усалдаг данхны цоргон доор яваа юм шиг л тасралтгүй шавшуулсан ч амралтгүй явсаар хотынхоо хаяатай нийлсэн. Линцийн дундуур дуу аялан галигуулсаар төв вокзал дээр нь очиж энэ удаагийн хийморилог аялал өндөрлөсөн юм даа.

Нойтон хувцастай, олон цаг дугуй жийж аяншиж ядарсан ч зорилгоо биелүүлсэндээ золбоолог байсан аялагчид маань алжаалаа тайлахаар галт тэрэгний буудлын Mc Donald's ороход кассан дээр нь Монгол охидууд ажиллаж байж таарсан нь яагаад ч юм маш сайхан, өөриймсөг санагдаж байв.

Аливаа үйл ажиллагаанд зохион байгуулагчдын чадвар, туршлага шаардагдахын сацуу үнэлэгдэж чаддаг билээ. Үүний дагуу Австрийн Монгол Оюутны Холбооныхон уг аяллыг харьцангуй сайн зохион байгуулж чадсан гэж би хувийнхаа зүгээс дүгнээд талархал дэвшүүлж байгаа юм. Зарим нэг төлөвлөөгүй зүйлс гарч ирж, дарга маань ч "энэ жил их зүйлийг мэдлээ, дараагийн жил бүүр гоё болно оо" гэж байсан нь ямарваа юм "хийх тусам хөгждөг"-ийг сануулж, гольдрилоороо л дээш тэмүүлж явааг харуулж байлаа. 

... Би анх Австри улсад ирээд маш их гайхаж билээ. Учир нь Монголчууд энд их муу нэртэй, ажил хийвэл хамгийн мууг хийдэг, өөрсдөө "яадаг ч байсан Монголд очихгүй" гэсэн утгатай зүйлс их ярьдаг, заримдаа Монгол гэдгээ нуудаг... Нөгөө хаана ч явсан БИ МОНГОЛ гэж цээжээ дэлддэг байсан бардамнал минь нугараагүй боловч тодорхой хэмжээний шооконд орсон. 
Яагаад бид ийм байдалд орох болов оо? гэж их бодсоны эцэст ганцхан хариулт олдсон нь "Бид хаана ч явсан нэгдэж чаддаггүй, хөнжилдөө хөлөө жийлцэж байдгаас болдог юм байна." 

Харин сүүлийн үед хаа сайгүй Монголчууд нэгдэж, хамтдаа үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон нь хичнээн сайшаалтай. 
БИД чинь нэг үзэл санаан дор нэгдэхийн цагтаа хүн төрөлхтөнийг амар амгалангаар хангаж эх дэлхийг амарлиулдаг ХӨХ ТОЛБОТ МОНГОЛ ҮРС шүү дээ!!!

Та бүхнийг Тэнгэр ивээх болтуухай. 

Хүндэтгэсэн Монгол удам 
2012

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen