Mittwoch, 29. August 2012

The conversation with Brother Hamit



Хамит ах арван хоёр жилийн өмнө арван зургаан настайдаа Австри улсад анх хөл тавьсан, таван хүүхэдтэй айлын том хүү. Энд ирснийхээ дараа өөр дээрээ авсан нэг дүүгээс нь бусад гэр бүлийнх нь үлдсэн гишүүд баруун Пакистаны Quetta гэдэг 896000 орчим оршин суугчтай хотод амьдардаг. Саяхан тэнд 18-23 насны гурван Хазара залууг буудаж алсан хэрэг гарсан ба гэр бүлийнхэндээ үргэлж маш их санаа зовж явдгаа гуниг дүүрэн харцтайгаар хэлж билээ.
Түүнийг энд амьдардгийг мэдээд уулзахыг хүссэн урилга явуулахад “тэгэлгүй яахав” хэмээн их л уриалгахан хүлээж авснаар барахгүй байн байн баярлалаа гээд л үнэхээр их баяртай байсныг хэлэхгүй байхын аргагүй. Ингээд товлосон өдөр ч ирж бид хоёр МакДоналдсын кафены нэг буланд тухалж аваад гурван цаг гаран ам хуурайгүй ярилцлаа даа. 
Түүх. Хазара гэж мянган морьтон гэсэн утгатай үг гэл үү гэж асуухад “Тийм ээ, тэхдээ Афганистаны тэр өндөрлөгт Хазара өвөг дээдэс сүүлийн таван мянга орчим жил амьдарч байгаа гэж манай түүхчид үздэг” гэхэд миний нүд орой дээрээ гарав. “Монголчууд Дундад Азийг байлдан дагуулсаар Афганд очиход тэдэнтэй яг адилхан тактик, арга барилаар тулалддаг яг ижил царай төрхтэй хэсэг хүмүүстэй тулгарсан нь олоон жилийн өмнө Төв Азиас нүүдэллэж очсон эртний өвөг Хазарачууд байсан. Тэдгээр Хазара хүмүүс нэг их эсэргүүцэлгүй дагаар орсон ба Монголчуудын хэдэн мянгат тэнд үлдэж тэдэнтэй уусан нэгдсэн нь одоогийн Хазара Монголчуудын язгуур болсон гэж үздэг” хэмээн тайлбарлав. Тав орчим мянган жилийн өмнө Монголоос нүүдэллэсэн өвөг Монголчууд тэнд байсан гэдэг нь бас ч ор үндэсгүй санагдаагүй шүү. Түүнчлэн Монголын мянгат тэднийг даргалж үлдсэн нь Хазара гэж нэрлэх шалтгаан болсон байх магадгүй юм. Ер нь найман зууны өмнө тэнд хоцорсон ганцхан мянгатын гэр бүл өдгөө арван сая болтол өснө гэдэг арай л үнэмшилгүй санагдаад байдаг юм. Гэхдээ энэ бол Хамит ах болон миний л үзэл бодол шүү гэдгийг дахин хэлье.
Дэлхийгээр тархан суурьшсан нь. Есөн зуун мянган Хазарууд Америк, Европ, Австрали, Канадад цагаачилсан байдаг юм байна. Зөвхөн Австрид гэхэд дөрвөн мянга гаран Хазара хүн байгаа гэнэ. Гэхдээ ихэнхийнх нь гэр бүл аюултай газар амьдардаг хэвээрээ бөгөөд яг л Монгол улсын  Монголчууд шиг мөнгө хийж гэр бүлдээ явуулдаг, тэднийгээ энд авчрах сонирхол их ч үнэтэй байдаг гэх юм. “Манай залуус их авъяастай, Пакистаны хамгийн шилдэг хөлбөмбөгч гэхэд Хазара Монгол байсан. Саяхан Олимпоор Афганистаны цорын ганц хүрэл медалийг Хазара залуу авсан” гээд л их бахархана.
 Шашин. Тэр Исламын шашинтай. “Бидний дэлхий бөмбөрцөг хэлбэртэй. Орчлон ертөнц бас бөмбөрцөг юм байна гэдэг загварыг саяхан эрдэмтэд гаргасан. Харин үүнийг Коран сударт аль эрт бичсэн байдаг юм. Тэр орчлон ертөнц бүхэлдээ Аллах. Бурхан үргэлж бидний дэргэд байж байдаг. Хүний харааны чадвар хязгаартай учраас бид Бурханыг харж чаддаггүй. Тэрээр бидний баруун чихний доор орших артерийн судсаар дамжин зүрхэнд байрлаж амьдралынхаа туршид хийх сайн ба муу үйлсийг бүгдийг ажигладаг. Бид Бурханыг хуурч чадахгүй, учир нь чи өөрөөсөө юуг ч нууж чадахгүй. Нас барсныхаа дараа бид өөр гариг дээр очиж дөч хоногийн туршид аялдаг. Хэрвээ чи цангавал хэн нэгэн чамд уумаар санагдсан ундааг чинь авчирч өгнө. Чамайг баярлалаа гэж хэлэхэд чинь тэр “Та талархах ёсгүй, яагаад гэвэл та амьд сэрүүндээ нэг хүнд яг ингэж тусалсан байна” гэж хэлнэ. Тиймээс бид хүнд тус болохыг эрхэмлэдэг.” Энэ бол түүний амьдралын зарчим, ертөнцийг үзэх үзэл. Мүүн мэтийн шашин шиг улайм цайм худал зүйл, онцгой хэрцгий номлол алгаар барахгүй энэрэнгүй юм. Тийм болохоор нь л үндэстний олонх болсон талибан, пушту нар тэднийг “хүн биш” гэж үзээд тааралдсан газраа шахуу амийг нь хороож байдаг. Нэг ёсондоо зөөлчлөөд байгаа хэрэг. Яагаад та нартай ингэтэл ёс бус харьцдаг юм бэ гэж намайг асуухад “Нэгдүгээрт шашин, бид адил муслим ч гэсэн өөр урсгал шүтдэг юм. Хоёрдугаарт бидний дүр төрх царай өөр, тэд том хамартай, хар царайтай, үсэрхэг, харин бид тийм биш. Бас тэд Чингис Хааны хүүхдүүдээс олон жилийн өмнөх өшөөгөө авч байгаа гэж үздэг. Өөр бусад шалтгаанууд ч бий” гэлээ. 
 Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан Олуулаа болох бодлогын талаар дуулсан эсэхийг сонирхтол “Хазара Монголчуудын дэлхийн санаачлага” группыг үндэслэгч залуугаас сонссон гээд нүд нь илтэд сэргэв. Энэ бодлого хэрэгжихэд нэлээдгүй хүндрэлтэй тулгарах байх даа гэж боддогоо ч надаас нуусангүй. “Хэрвээ амар тайван амьдрах газар олддог л юм бол Хазара Монголчууд тэндээ үйлдвэр, хот зэргийг маш хурдан барьж байгуулж чадна гэдэгт би бат итгэлтэй байна. Бидэнд оюуны болон биеийн хүчний чадавхи, эрч хүч, зорилго, тэмүүлэл бий” гэж байлаа.

“Би боддог л юм. Бид адилхан Монголчууд. Тал талд хэсэг хэсгээрээ удаан байх юм бол устаж үгүй болно. Чи бод. Хувин хар будганд дусал цагаан будаг хийгээд хутгахаар яах вэ? Цагаан байхгүй болно. Би энд, Европод үлдлээ гэж бодоход миний гурав дахь, дөрөв дэхь үе өөрийгөө Хазара Монгол гэж нэрлэхгүй шүү дээ. Үүнээс л би айдаг. Монгол улс хятад, америк эсвэл япон хүнийг иргэн болгоод оруулж болно л доо. Гэхдээ тэд хятаддаа, америкдаа, япондоо л хэрэгтэй зүйлсийг хийнэ. Тэд Монголын төлөө амьдарч, Монголын төлөө зүтгэхгүй шүү дээ. Монгол хүн л Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ хүчээ өргөнө... Ер нь чи мэдэх үү? Зөрчил гэдэг зөрүүтэй байдлаас эхтэй. Гадаад үзэмж, шашин шүтлэг, үндэс язгуур нь ӨӨР байвал зөрчил үүснэ. Харин бид адилхан харагддаг, адил угсаа гарвалтай, адил гентэй, адилхан Монгол хүмүүс. Бүгд хамтдаа улс, үндэстнээ хөгжүүлэхийн тулд зүтгэнэ!!!”
Энэ хүн эдгээр үгсийг ингэж догдлон хэлж байх үед Монгол улсад төрсөн, амар тайван орчинд өссөн, эрх чөлөөтэй хэрнээ юм уншдаггүй, бусдыгаа хайрладаггүй зарим залуусын өмнөөс ичих мэт сэтгэгдэл төрж байлаа. Монголоос ирсэн хоёр бүсгүйд Хамит ах өөрийнхөө Монгол хүн гэдгийг хэлжээ. Харин тэд “Зөвхөн Монгол улсад л жинхэнэ Монгол хүн байдаг юм” гэж ихэмсэг ба итгэлтэй хариулсан байх юм.
Хэн нэгэн, гадаад ертөнцөөс таслахыг оролдож, нүдийг нь боож, гарын нь сарвайлт, хөлийн нь гишгэлтийг хорьж, эрүүдэн тамлаж эсвэл үхлээр заналхийлж байвал нүднийхээ боолтыг тайлахын тулд, юунаас үл айн тэмцэж, тархиа эрүүл авч үлдэхийг, олон талын мэдээлэлтэй байхыг чармайдаг юм байна. Гэтэл буйдан дээр тухлуулаад, нүдний нь өмнө телевизор тавиад түүгээрээ нэг үгийг наян мянга давтаад байхад сүүлдээ зурагтнаасаа хөндийрөхөө больж, эрүүдэх шаардлагагүй илжирсэн тархитай болдог нь энэ цагийн шалгарсан арга ажээ.  
“Худал үгийг мянга дахин хэлбэл үнэн болно” гэдэг хошин шог биш байж. Ийм байдгийг сануулсан эмгэнэлт сануулга байж...
"Засгийн газартаа сэтгэл хангалуун байдаг уу" гэж асуухад “Тийм ч хангалуун биш, учир нь тэд улсын санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийхдээ ихэвчлэн пушту нар болон бусад үндэстнүүдийн амьдардаг муж, дүүрэгт хуваарилдаг. Иймээс бидний амьдардаг газар нутаг хөгжлийн хувьд дорой байдаг. Тэр ч байтугай цагдаа нар биднийг хамгаалдаггүй. Цагдаагийн байрнаас тавхан метрийн зайд Хазара хүнийг буудаж байхад алуурчин нь илэрдэггүй, тэд хөөхгүй, тоохгүй байна гэсэн үг. Хазара Монголчууд тэнд хэзээ ч үхэж магадгүй нөхцөлд, байнгын айдас түгшүүр дунд амьдарч байна шүү дээ. Энэ нь заримдаа ирээдүйдээ итгэл алдрахад хүргэдэг. Хөөрхий узбек, туркменүүд бидэнтэй адил царайтайдаа баахан хэлмэгддэг. Тэднийг зодох эсвэл буудахаар зэхэх үед “Би Хазара биш шүү дээ” гэж хэлдэг. Харин талибанчууд итгэхгүй. “Битгий худал ярь” гээд буудчихдаг” хэмээн сэтгэл зүрх шимшрүүлэн ярьж байв.
Афганистан нь улс төрийн газарзүйн хувьд Евразийн төвд оршдог үнэхээр ашигтай  байрлалд ерөнхийдөө уулархаг нутагтай. Америкчууд цэргээ оруулахын тулд хоёр байтугай өндөр байшингаа нураачмаар. Тэндээс Орос, Иран, Энэтхэг, Хятад, Пакистаныг пуужингаар хянах боломжтой бөгөөд 2014 онд ихэнх цэргээ татахаар төлөвлөсөн боловч хорин мянган хүнтэй байнгын баазаа татан буулгахгүй юм байна. Түүнчлэн тэдгээр уулсын гүнд дэлхийд хоёрт орох төмрийн орд ба зэс, уран, нүүрсний нөөц булаатай байгаа юм байна. Афганистаны эдийн засгийн байдал ойрын ирээдүйд сайжрах төлөв бий гэж та нар боддог уу гэж асуухад “Сайжирлаа ч Хазарачууд бидэнд наалдах юм биш дээ” гэж хайнга хариулав. Өсөж төрсөн газраа санаж хайрлахын аргагүй ийм тавилан бас байх гэж дээ...  
Тэрээр Монголчуудын тухай, Монгол улсын талаар ихэд сонирхдог боловч Өвөр Монголчуудын тухай мэдээлэл бараг аваагүй хүн байсанд өмнөт Монголчуудынхаа тэмцлийн  тухай жаал тайлбарлаж өгөв. Харин узбек, туркмен, казах зэрэг нүүдэлчин ахуйтай асан үндэстнүүдийг Монголтой холих хандлага ажиглагдсан. Тэдгээр үндэстнүүдийн гений хорин хувь нь Чингис хааныхтай таарч байсан гэх нэг судалгааны үр дүнд их ач холбогдол өгдөг бололтой. Магадгүй нөгөө “Чингис хаан сая сая хүнийг алсан боловч, өдгөө түүний гучин сая орчим үр удам дэлхий дээр амьдарч байна” гэсэн гаж дүгнэлтийг хийгчдийн судалгаа байж магадгүй юм.
Хазарачууд өөрсдийгөө Монгол гэдгээ батлахын тулд овгоо “Чингези” болгож өөрчилдөг гэсэн, аргагүй дээ, бид бол төрсөн нутаг дээрээ Монголоор овоглоод амьдарч байгаа учраас батлах шаардлага үгүй, харин тэд Монгол хүн гэдгээ бусдад мэдүүлье гэвэл дэлхийд танигдсан нэг Монгол хүний нэрийг хэлэх хэрэгтэй болно. Тэр хүн нь Чингис Хаан маань шүү дээ. Монгол гэсэн сайн муу бүхэнд өнөөдөр Чингис цол хавчуулаастай яваад сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн боловч Хазара Монголчууд нэрээ ийнхүү сольж байгааг би огтхон ч буруушаагаагүй, бас тэгж хэзээ ч зүрхлэхгүй ээ.
Бидний ярианы төгсгөл эргээд “Олуулаа болох бодлого” дээр ирэв. “Афганы уулархаг бүсийн нэг аймаг цэвэр эртний Монгол хэлээрээ ярьдаг, хэрвээ тэд Монголд очвол Монгол хэл судлалд хувь нэмэр оруулах л байх гэж би боддог юм. Бас Америк, Канад, Европ зэрэг улсуудад цагаачилсан Хазарачууд гэр бүл нь Монголд очвол тэд тусламжийн мөнгөө Монгол руу явуулж, эдийн засагт ашигтай” гэх мэт энэ бодлогын сайн талуудыг нээн гаргаж байлаа. Энэ талаар эх нутагтаа байгаа Хазара Монголчуудаасаа асууж санал бодлыг нь нэгтгэн үзүүлж чадах уу гэхэд “Чадна” гэдгээ хэлсэн юм.
... “Бид толгой гэдгийг толга, тохойг тога, жаахан хүүхдийг нилгха гэдэг, Адилхан байгаа биз” хэмээн баяртай өгүүлэх ийм нэгэн хүн. Нутагт нь цөмрөн орсон хэнбугай ч дээрэлхэж байдаг тийм нэг ядарсан ард түмний төлөөлөл. Аа гэхдээ Монгол гэдгээрээ зүрхэндээ шатаж, цусаа урссан ч бахархдаг тэр л баатруудын нэг.  Хэн ч хугалж дийлээгүй ноён нуруу, хэзээ ч ширгэж балраагүй их мөрний салаа. Энх тайван гэдгийг төрөхөөсөө хойш үзээгүй ч инээж бас зүтгэж чаддаг эр зориг дүрэлзсэн сэтгэлүүд. Ирээдүй хойч нь Хазара Монгол гэдгээ мартах вий гэхээс л эмээн болгоомжлох алсын хараатай Монгол эр.
Хамгийн анх танилцахдаа би амны алдас гаргаж билээ. Би бичсэн юм: “Сайн байна уу, та Хазара юу, Монгол уу?” Харин тэр: “Би Хазара Монгол” гэж хариулж билээ. 


Хүндэтгэсэн Монгол Удам 
26.08.2012

Mittwoch, 22. August 2012

Нэгэн хайрын түүх \шидэт өгүүллэг\


Охин гогод мангир түүхээр жил гарангийн өмнө гэрээсээ гарчээ. 
Амазоны хатан хаант улсын бүх эмэгтэйчүүд насанд хүрэх үедээ өсч хүмүүжсэн гэрээ орхиж амьдралынхаа замыг хайн олохоор адал явдалт ертөнцөд айж бэргэлгүй зориглон ордог аж. Гэхдээ энэ замаа хэр холоос эрэх нь өдөр шөнө шиг ялгаатай. Зарим нь хажуугийн тосгоноосоо будаа тарих шинэ арга сурснаар аялалаа өндөрлөх бол зарим нь юунд ч үл сэтгэл татагдан зогсолтгүй бэдэрсээр ертөнцийн хязгаарт уусан шингэх бүлгээ.  Харин энэ охин юм бүгдийг оролдож үзэх гэсэн сонин зантай хүүхэд байв. Тиймээс талх барих, хувцас нэхэх гэх мэт олон зүйлийг чин сэтгэлээсээ сонирхон сурсан боловч өөр газар хүмүүс яаж амьдардгийг мэдэх гэсэн хүсэл гэрээс нь нэлээн бол явуулчихсан байлаа. 

Нэг л удаа цыгануудын зургаан утаст уянгалаг хөгжимд дэндүү татагдаж, “Одоо эндээс үүнийгээ бариад нутагтаа буцъя” гэж хүртэл санаж байсан боловч яг энэ бодол төрөх үест тэртээд цайвалзан цайлалзах сүрлэг өндөр хайрханы цаст цагаан оройг Өвгөн Долоон од очис хаялуулан гийгүүлж ахуй ер бусын үзэсгэлэнтэй харагдахад хөгжмөө үүрээд тэр зүгийг чиглэн хөдөлжээ.  

Аа тийм, настай эмээ нь ургамал судалдаг нэгэн байсан тул түүний бага нас эмээгийн захисан эмчилгээний чанарт өвс, жимсийг зааврын дагуу түүн цуглуулахад зарцуулагдсан гэхэд бараг болно. Үүндээ мань хүн ч их дуртай байж. Тиймээс эмийн болон идэшний ургамлуудын амин чанарыг нь алдуулалгүйгээр ашиг шимий нь баяжуулан хэрэглэх шинэ аргыг нээн олох бол түүний голт зүрхний гүн дэх зорилго тэмүүлэл. 

... Нар тэнгэртээ эрхэлсэн сэтгэл сэргэм өглөө ажээ. Үүрээр эндхийн цэцэгс ямар дарааллаар дэлгэрдгийг ажих гэж ийш тийшээ гүйсээр ядарсан бүсгүй мод налан суугаад дуу аялангаа хамгийн сайхан цэцгүүдийг өнгө хоршуулан сүлжиж эмээ нь хийж өгдөг байсан шиг титмийг өөртөө урлаж суувай. Өссөн нутгийн уянгалаг аялгуунд сэтгэл нь тэртээд алсран одож, өглөөхөн орхиод гарсан мэт дотно мэдрэмж төрөхөд жаргал шигтгэсэн дурсамжуудаа хөврөөн дуудах тэрбээр ойртон ирэх морины алхааг огт ажирсан ч үгүй. Урлахуйн үйл дууссаны тэмдэг болгож бахтай нь аргагүй инээмсэглэнгээ ихэмсгээр толгойдоо байрлуулаад үсрэн босч гараа дэлгэн эргэлдэж байхдаа л өөрийг нь гайхан ажиглах морьтон залууг гэнэт харав.
... Эзгүй ойд бүдэгхэн сонсогдсон сайхан хоолойн эзнийг хайж явсан Бат баатрыг модны ёроолоос гэнэт босч ирээд инээмсэглэн бүжиглэж буй толгой дээрээ томоос том цэцэг тавьсан эрэмгий байрын бүсгүй баахан хачирхуулав. Маш сонин үзэгдэл! Бас сонин мэдрэмж. Хамаг бие нь цахилгаанд жирвэгнэх шиг. Хэг гээд амьсгаа нь тасалдчих шиг. 

... Энэ хоёроос өөр дүргүй зохиол маань ингэж эхэлсэн юм. Тийм ээ, хайр сэтгэл гэдэг бол хоёрхон хүний л оргүй хоосноос орчлонд бий болгодог агуу зүйл. Хайр дурлалаа тэд бүтээсэн учраас тэдний жинхэнэ өмч. Насанд туршдаа нандигнан хадгална уу, намрын навчистай зэрэг гандуулчихна уу, цэвэр тэдний дур зорго, эрх мэдэл, зохиогч бүтээгчийн балмад явдал, баатарлаг сэдэл.
Залуу, сонирхолтой амазон бүсгүйг мориндоо сундлаад зорьсон газарт нь хүрэхэд тусалж болно гэв. Бүсгүй инээмсэглэн зөвшөөрөв. Түүний анхилуун үнэр, аашны ялдам, энгийн яруухан ярианд дурласан залуугийн зүрх оволзон түчигнэнэ. Баатар эрийн өргөн цээжийг налж, цэцэн цэлмэг ухааныг нь бахдан явахдаа энэ хүнтэй яг л ингээд насан туршдаа аялсан ч болмоор санагдана. 

Залуу, бүсгүйгээ энхрийлэн хайрлав. Бүсгүй, залуугаа эрхэмлэн хайрлав. 

Үүнээс өмнө олон олон газрыг туулсан ч гайхалтай нь бүсгүй хэзээ ч ямар ч уулын орой дээр гарч үзээгүй байжээ. Залуу түүнийг ойролцоох өндөр уулын оройд дагуулж гаргав. Эргэн тойрон дэндүү сайхан харагдаж байлаа. Цаст цагаан уулаа ч харав. Түүнд хүрэх дөт замаа ч тодорхойлов.
“Гэхдээ чи минь өөр нэг замыг бас хараад ав. Юмыг яаж мэдэхэв, санаан зоргоор бүтэхгүй  байж болно. Амьдрал гэдэг там биш ч диваажин бас биш шүү дээ” хэмээн залуу сургамжилна. Хааяа тэр бүсгүйн үсийг илэнгээ “Чи минийхээ амьдралд гэрэл татуулан орж ирсэн, чамтай учирснаасаа хойш л би чин сэтгэлээсээ дахин инээдэг боллоо” гээд духан дээр нь үнэснэ. Заримдаа хэн хэн нь өөр юуг ч үл бодон нэг нэгнээ хайр дүүрсэн нүдээр ширтэн суудаг байв. 

Зургаан утаст хөгжимнөөсөө эгшиглэх сайхан аялгуунд уусах мэт нүдээ аниад дуулан суух бүсгүйгээсээ харцаа салгаж ч үл чадна. “Миний юу чамд хамгийн анх таалагдсан бэ” гэж эмэгтэй хүний зангаар эрхлэн байж асуухад тэр “Эхлээд дуу хоолой чинь, дараа нь нүд чинь, харин дараа нь бүх юм чинь” гээд хэзээ ч тавихгүй гэсэн мэт чангаар тэвэрдэг байлаа.
Өтгөн ой шугуй, өргөн гол мөрөнг туулж ахуйдаа ч, хязгаар хаяа нь үл төсөөлөгдөм одот тэнгэрийг ширтэн байхдаа ч баатар эр хайрт бүсгүйдээ хорвоогийн түмэн учгийг нээн өгүүлж, түүнд хэрэгтэй гэсэн бүхнээ хэлж заан ухааруулна. Аргагүй дээ. Цайзын вант улсын хамгийн шилдэг баатар юм хойно. Харин бүсгүй хэр чадлаараа тогтоон тунгаана.
Залуу: “Чи минь энэ бүгдийг мэдэх хэрэгтэй, танай улсад хамгийн чадалтай нь хатан хаан болдог хуультай. Чамайгаа хүчирхэг байгаасай гэж би хүсч байна. Надад хайртай л юм бол чи нь хамгийн мундаг нь болж, мөнх амьдралын хуулийг танихад бусдадаа туслаарай” хэмээн хайр бишрэл төрүүлэм хэлнэ. Бас нэг удаа сэлэмнийхээ ишин дээрх бадмаараг шигтгээг үзүүлээд зовнин байж өгүүлэв. “Энэ шигтгээг хөндөж унагасан хүнийг хэн ч байсан би үзэн ядах болдог юм. Тиймээс чи минь үүнээс бол байгаарай!”

... Бүсгүй дэндүү гэмээр жаргалтай байлаа. Залуудаа өөрөөсөө ч илүү итгэнэ. Үсэн буурал болтлоо хамтдаа байн олон үр хүүхэдтэй болохыг мөрөөднө. Бас Цаст цагаан уул хүртэл аялахдаа олон шинэ эмийн ургамал танихыг хичээж, тэгвэл бушуухан шиг гэртээ очиж олж мэдсэнээ бусдадаа заан сургана, насан туршдаа залуутайгаа амьдарна гэж зорьж тэмүүлж байлаа. Зарим зүйлсийн учрыг эс ухан ажлаа хойш тавих үед хайрт нь эгцлэн ширтэж байгаад л: “Хүнд итгэх сайхан, өөртөө итгэх түүнээс сайхан. Хүнийг уучлах сайхан, өөрийгөө уучлах түүнээс сайхан. Хүнийг дийлэх сайхан, өөрийгөө дийлэх түүнээс сайхан. ГЭХДЭЭ ЭНЭ БҮГД ХЭЦҮҮ. Хэцүүг дийлэх хамгийн сайхан” гэж зоригжуулна. 

Яг л тэд анх учирсан шиг ялдам сайхан нэгэн өглөө бүсгүй эртээ гэгч босоод ойгоор зугаалж байхдаа бахим үндэстэй нэг сонин ургамлыг олж харах нь тэр. Жижиг тонгорог нь үндсийг огтолж дийлэхгүй байсан тул баатрынхаа сэлмийг ганцхан удаа ашиглачихаад буцаагаад хуйнд нь хийчихэе гэж шийдээд нойрсон буй амрагаа сэрээхгүйг хичээн зөөлөн алхалсаар дэргэд нь очиж сэлмийг аваx тэрхэн агшинд бадмаараг шигтгээ торхийн дуугараад газарт уналаа. Тэр даруйд сэрсэн залуу асар ихээр уурлав. 

“Чамайг хайрласан хайр минь үзэн ядалт болохоос өмнө би буцаж цайздаа очих ёстой.” 

Залуу шууд мордож давхих гэсэн боловч гуниг шаналал дүүрсэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн байж гуйсан бүсгүйн гуйлтыг эсэргүүцэж эс чадан ардаа суулгаад мориндоо ташуур өгөв.  Цайзын хананд хэдхэн цагийн дотор тулж ирсэнд бүсгүй баахан гайхав. Замдаа тэд нэг ч үг хэлэлцсэнгүй. Баатар эр “Нар шингэхээс өмнө гарч ирэхгүй бол намайг хүлээсний хэрэггүй шүү” хэлэхтэй хамт цайзын дааман хаалга нээгдэж ганцхан харайгаад хайрт нь үзэгдэхээ байж ширмэн хаалга ч тасхийн хаагдав.
Бүсгүй юу ч бодож чадахгүй байв. Итгэж ч чадахгүй нэг хэсэг газар гөлрөн ширтэж байснаа асгартал чанга гэгч уйлав. Тэгснээ гэнэт маш ихээр гомдож вант улсын бараа үзэгдэхээ больтол хол алхсан ч сэтгэл төвдөлгүй эргээд ирэв. Гайхалтай нь нар байрнаасаа хөдлөөгүй л байв. Тэгээд бүсгүй цаг тоолж эхэллээ. Далан хоёр цаг зургаан утаст хөгжмөө нүдсэн ч нар хөдлөх янзгүй. Үүнд тэр маш ихээр баярлав. “Хайртыгаа нар шингэтэл хүлээх ёстой. Тиймээс нар шингэхгүй байх чинь сайн хэрэг, бүүр маш сайн хэрэг”.

Сэтгэл хөдөлсөн нүдээр эргэн тойрноо нэг ажаад тэр хавийн ургамалын байдлыг судалж эхлэв, бүүр махран зүтгэв. Гэхдээ заримдаа баатар нь ганцхан харайгаад орчихсон тэр хаалганы дэргэд ирээд маш удаанаар ширтэн зогсоно. Орилмоор санагдавч омголон зандаа дийлдэнэ. Тэгээд буцаад холдоно. Ажлаасаа өөр юм бодохгүй байхыг өөрөөсөө шаардан улайрна. Ингэж тэгсээр 3 сар 16 хоног өнгөрчээ. Нар жаргаагүйгээр барахгүй, үд ч болоогүй. Цайз орчмын газарт түүний гишгээгүй газар байхгүй болов.
Энэ хорвоо тоймгүй хатуу, ямар ч утга учиргүй мэт санагдаж сөхрөн унаад уйлахад долоон дусал нулимс газарт уусан толботсон нь Өвгөн Долоон одны хэлбэртэй ажээ. Тэр даруйд бүсгүй бүгдийг нэхэн санаж, Цаст цагаан уулаа дахин сэтгэлдээ дүрслэн бодов. “Хайрт минь надад тийшээ очиход хэрэг болох бүгдийг зааж өгсөн байхад би энд ийм удаж, сэтгэлээр унан уйлж суух ч гэж дээ” гэж бодоод үсрэн босч тоос шороогоо гөвөөд “Энэ цайзын дэргэд нар шингэдэггүй юм байна. Цагаан ууландаа ганцаараа хүрчихээд буцаад ирэхэд хайрт минь гарч ирж л таараа. Чи минь намайгаа сэтгэлдээ үргэлж харж мэдэрсээр байгаа гэдэгт би итгэнэм. Эсвэл..., би нь хамгийн хүчирхэг болсон цагт тэр минь намайгаа олоод ирж л таараа. Тийм ээ, яг тэгэх л юм байна шүү дээ. Чамайгаа хатан хаанаас өөр хүүхэнтэй суулгахыг би зөвшөөрөхгүй. Тиймээс би өөрөө хатан хаан болох болно. Хамгийн шилдэг нь болох болно”.
Алхах тутам зориг орон орж, эргэж ч харалгүй явсаар Цайзын вант улс хараа үл хүрэх алсад үлдэх мөчид нэг анзаархул үдшийн бүрий болж одод түгсэн байх ажээ. 

Donnerstag, 9. August 2012

Би бол ван, би боол, би - өт, бас БУРХАН.



Зээ хө, би гэдэг хүн ни герман хэлээ сайжруулах нэгэн аргыг өөр дээрээ туршсан маань энэ хэл дээр “уран зохиолын ном унших” байв. Ер нь уран зохиолд хорхойсдоггүй хүн цөөн байдаг байх, харин бүүр донтогчдын тэргүүн эгнээнд хацар дээрээ ялааны баас шиг ов товхон сэвхтэй нэгэн өндөр хүүхэн давхиж харагдах нь үүнийг бичиглэгч юм аа. 

... Хэл анхлан суралцагч над мэтийн хөөрхийсүүд уг ни үсгийн хэмжээ томхон, мөр хоорондын зай холхон, зураг хөрөг арвинтай номнуудыг сонговол хурдан хурдан уншаад урамтай байх байж хэмээн үг, үсэг шигүү бичигдсэн, ганцын төдий зураггүй найман зуу гаран хуудсыг уншиж байхдаа хэд хэдэн удаа харамссанаа нуугаад яахав. Тэдгээр хуудсууд нийлээд Ф.М.Достоевскийн “Чөтгөрүүд” хэмээх роман болно.
Тэнэг, тэг дундуур ни гэгчээр энэ бас их сайн юм боллоо, учир ни Оросын үндэстний үзлийн тухай  би энэ номноос олныг уншив. 

Оросууд ч бас нэгэн үед гадныхныг “шүтдэг” байсан. Герман гэхээр юу ч байсан “отличный” болж, Оросынх гэхээр ямар мундаг ч “плохой”-дож нутагтаа гологддог үе байсан. Арван долоогоос арван есдүгээр зууныг дуустал энэ үргэлжилсэн. Яахав, Европууд газарзүйн их нээлтийг хийж, шинэ шинэ тивүүдийг колоничлон газар нутгаа өргөтгөж, баяжиж, “алтжиж”, бас шинжлэх ухаан физикжиж, философи улам “гүнзгийрч” байхад эх газрын Оросууд хуучинсаг янзаараа, дундад зуунаараа үлдсэн байсан. Харсаар байтал хажуудах улсууд нь урагшлаад явчихыг Хаан I Петр өөрийн биеэр Европод жуулчлан явж мэдсэн гэдэг. Олон олон шинэтгэлийг тэр Орос оронд авчирсан, шашин ханхалсан Орос хэмээх байшинд шинжлэх ухааны салхийг оруулсан. Олон залуусыг Германд сургасны нэг нь бидний сайн мэдэх алдарт химич Ломоносов. 

Далан нурахад боогдсон ус асар хүчтэй сад тавидгийн адилаар олон талаар хоцорсноо мэдсэн Оросын ард түмэн Нэгдүгээр Петрээсээ хэд дахин илүү гайхан биширч, өөрсдөө хэт жижгэрч, шинжлэх ухааныг шүтэж, гадныхан, тэр дундаа Герман, Францыг бараг л бурханчлан тахисан. Яг л Ардчилсан хувьслаас хойш Монголчууд өөрснөөсөө бусдыг өндрөөр үнэлж, өөрсдийгөө өт хорхой мэт үзэж эхэлсэнтэй адил... Хүн төрөлхтний “уулгамч” зан гэчихвэл хөнгөдөхгүй байгаа.
“Ногоолин хайрцаг” гэдэг нэг ном надад байсан юм. Түүнийг би лав хорин удаа уншсан. Хувьсгалаас өмнөх Орос орны газрын баялагийг, за ер ни нэлэнхүйд ни Германууд хэрхэн тонон хоосруулж байсан тухай гардаг. Ихэнх уурхай, үйлдвэрийн эзэд, баячууд ни Герман хүмүүс байсан ба тэдэнд бялдуучлах Орос дарга нар ядуу ажилчдаа хэрхэн дарлаж байсныг дурсамж маягаар олон өгүүллэгт хуваан гаргасан ном. Басхүү бодит мэдлэг, туршлагагүй Герман мэргэжилтнүүд, түүхий шинжлэх ухаанчдыг Орос мастерууд унаган авияас чадвар, дадлагаар олж авсан амид танин мэдэхүйгээрээ хэрхэн “мадлаж” байсныг бахархалтай өгүүлнэ. За энэ бол өөр сэдэв.
Толгой сэргэг ажилладаг язгууртны хүүхэд болгон гадаадад боловсрол эзэмшиж, эх хэлээрээ зөв ч бичиж чадахаа байсан үе Орост байсан. Өөрөөр хэлбэл Оросууд өөрсдийнхөө юуг ч үнэлдэггүй байсан гэсэн үг. Өөрсдийгөө үгүйсгэж байсан гэсэн үг. Энэ бүхний хор уршгийг олж харж үндэстнийхээ үзлийг тодорхойлохыг хичээж байсан хүмүүс мэдээж байлгүй яахав, ялангуяа зохиолчид энэ үүргийг голчлон ба гарамгай гүйцэтгэсэн. Октябрын хувьсгал хэдхэн сарын дотор бүх Оросыг хамарч засгийн эрхийг ажилчин, тариачдын гарт өгсөн байж болноо, гэхдээ энэ хувьсгалын “сэтгэлзүйг” хэдэн арван жилийн турш Оросын их зохиолчид гардан бэлтгэсэн байдаг.
Хувьсгалыг хэн хийх вэ? Ард түмэн хийнэ. Түүн дотроо голлох үндэстэн хийнэ. Үндэстэн гэж юу вэ? Нэгэн нийтлэг шинжийн доор цугларсан олон хүмүүс. Тэр нийтлэг шинж нь юу вэ? Тэр нь “тухайн хүмүүсийн” буюу “үндэстний” үзэл санаа. Тэхээр үндэстэн бүрийн Үндэсний үзэл нь өөр байж таарах нь. Яагаад гэвэл газар газрын хүн зоны амьдрах орчноос эхлүүлээд, уламжлал, зан заншил, сэтгэхүйн арга барил, итгэл бишрэл нь ондоо шүү дээ. Шууд хэлбэл, хүмүүс ни ондоо учраас, Үндэстнүүд  ондоо, Үндэстнүүд ондоо учраас Үзэл Санаа ни бас ондоо байна. Гагцхүү Үндэстний үзэл үүсэн бүрэлдэх зүй тогтол адилхан байж болох юм. Өөрөөр хэлбэл ГАЗАР НУТАГ буюу БАЙГАЛИ ОРЧИН, ХЭЛ СОЁЛ буюу ТҮҮХ, ХҮҮН буюу ЭРҮҮЛ МЭНД, АХУЙ буюу ЭДИЙН ЗАСАГ, ТАРХИ буюу МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, БОЛОВСРУУЛАХ ЗАРЧИМаа хамгаалах арга ухаанаа боловсруулснаар тэр ни ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ болдог зүй тогтол.  Ингээд харвал Үндэстний үзэл бол өөрийн гэсэн бүхнээ хамгаалах “хамгаалалтын бодлого”. Яаж хамгаалах вэ гэдгийг тоймлон тогтооно гэдэг харин санаснаас бэрхшээлтэй. Учир ни уг үндэстэнд харияалагдаж буй бүх хүмүүсийг энэ бодлого доороо нэгтгэх ёстой, болж өгвөл бүүр бүгдийнх ни саналыг авах ёстой. (Дашрамд хэлэхэд олон түмний санал, сэтгэлийг хураах хамгийн шилдэг арга ни Аравтын зохион байгуулалтын хэлбэр юм. )

Хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөн нэгтгэх үйл явц нилээн удаан, хоёр гурван үе дамжин бэлтгэгдэнэ. Өвөөгийн үед яригдаж эхэлсэн шинэ санаа, ач хүүгийн үед биелэлээ олно гэсэн үг. Зиа яг энэ бэлтгэлийг манай зохиолчид хангасан байгаа юм даа. Пушкинаас эхлээд, Лермонтов, Некрасов, Гоголь, Белинский гэх мэт олон олон суут зохиолчид, мэдээж бас Достоевский.
“Чөтгөрүүд” зохиолоос би зохиолчийг өөрийг нь (чадлаараа л) хайв. Хэн гэдэг дүрийнхээ ямар үгээр юу гэж хэлэхийг хүсэв? Хэзээ, хаана зохиолч яг өөрөө гарч ирж хэдэн үг хэлчихээд буцаад дүрийнхээ ард нуугдчихаж байна?... гэх мэтчилэн, гэх мэтчилэн. Учир ни эл зохиолыг тэрээр 50 гаран насандаа туурвисан. Оюуны бүтээл ид боловсордог нас. Олон олныг үзэж туулсныхаа дараа охилон дээжилж ард түмэндээ барисан бэлэг. Иймээс үндэстний үзэлтнүүдийг дооглон тохуурхагчдаас эхлээд үл тоогчид, зөвхөн өөрийгөө бодож амидрагсад, зүгээр л материаллаг эд зүйлд шунан дурлагчдад Достоевскийн энэ зохиол, заримдаа аянгын цохилтыг өгч, заримдаа ахын ёсоор сургаж басхүү андын дайтай зөвлөж ч зүй ёсоор чадах юм.
Ингээд “түүний” зарим ишлэлийг орчуулан хүргэсү. 

 “Хэн төрсөн нутгаасаа хүйн холбоо тасарна, тэр бүх шүтээнээ алдана, бүх зорилгоо, өөрийгөө ч алдана.”

“... Үндсэндээ энэ бүгд зүгээр суухаас эхтэй. Энд ч ялгаагүй бидний бүх л зүйл, бүүр сайн нь ч тэр, сайхан нь ч тэр зөвхөн анхиагүй зүгээр суухаас л гарч ирж байна. Бүгд, бүх зүйл нөгөөх л бидний хайртай, чухал, боловсон, олон ааштай “ажилгүй суулт”-аас бий болж байна. Би үүнийг олон жилийн туршид сануулсаар ирлээ. Өөрийнхөө хөдөлмөрөөр амьдардаг гэдгийг Оросууд ойлгоогүй байна. Гэтэл бүгд л олон нийтийн үзэл санаа гэдгийг нэг өдөрт бий болчих юм шиг ярих юм? Тэр үзэл санаа нь надаас чамаас биш, Тэнгэрээс гэнэт буугаад ирнэ гэж үү? Олон нийтийн үзэл санаатай байхын тулд юуны түрүүнд өөрийнхөө хүчээр, өөрөө бүтээж, бий болгож, өөрөө хөдөлмөрлөж, дадлага туршлага хуримтлуулах хэрэгтэй гэдгийг ойлгохгүй байна гэж үү? Хичээл зүтгэл үгүй бол үнэ цэнэ үгүй. Бид өөрсдөө ажиллаж үзэж байж л тодорхой үзэл бодол, мэдлэгтэй болно шүү дээ. Хэрвээ бид өөрсдөө хэзээ ч хөдөлмөрлөж эхлэхгүй бол өнөөдрийг хүртэл бидний өмнөөс ажилласаар ирсэн тэдгээр Европууд, бидэнд сүүлийн хоёр зууны туршид багшилсаар ирсэн тэр Германуудын заасан, тэдний ноёрхсон тэр л үзэл санааг дагах ёстой болно. Тэр тусмаа Орос бол Германгүйгээр, ажил хөдөлмөргүйгээр, бид дангаараа, одоо байгаагаараа учрыг ни олж чадахааргүй эмх замбараагүй ахуй юм. Яг ингэж би сүүлийн хорин жилийн туршид Шуургын дохиог хонходсоор ажил хөдөлмөрт уриалан дуудсаар байна. Бүхий л амьдралаа би энэ хонхыг дуугаргахад зориулсан, одоо ч гэсэн дуудсаар, хонхоо дугтарсаар байна, үхэн үхтлээ ингэж уриалсаар байх болно, тэр хонхыг, тэр дохиог гараас минь автал оршуулгынхаа ёслол дээрээ ч би дуугаргасаар байх болно.” 

“Би үеээ өнгөрөөсөн нэг муу хөгшин эр боловч дараах зүйлийг баяртайгаар хэлэхийг хүснэ. Одоо үе, бидний хүүхдүүдийн энэ цагт амьдралын утга учир яг л бидний үе шиг дарцаглаж, сүр хүч нь огтхон ч ширгээгүй байнам.  Одооны залуусын урам зориг цэвэр ариун, гэрэл гэгээтэй, яг тэхэд бидэнд байсан шиг. Нэг л зүйл өөр болсон. Тэдний зорилго өөрчлөгдөж, нэг гоо сайхныг өөр нэг гоо сайхнаар орлуулдаг болсон... Аль нь илүү сайхан бэ? Шекспир үү, хос гутал уу? Раффаэл уу нефть үү? Үүн дээр санал зөрөлдөөд байгаа юм. Би харин хэлдэг, Шекспир ба Раффаэл нар хамжлагат ёсыг ялахаас ч өндөрт,  ард түмний нэгдлээс, социализмаас, химээс, бүхэл бүтэн залуу үеээс ч илүү өндөрт тавигдана гэж, бүхий хүн төрөлхтнөөс ч илүү чухалд  тооцогдоно гэж. Яагаад гэвэл тэд бүх хүн төрөлхтний үр жимс, магадгүй ерөөсөө байж болох хамгийн дээд үр дүнг бий болгосон. Тэр ялгуусан гоо сайхангүйгээр магадгүй би амьд гэдгээ ч мэдрэхгүй байсан байх. Англичуудгүйгээр, Германгүйгээр, Оросгүйгээр хүн төрөлхтөн цаашид оршин байсаар байхыг, шинжлэх ухаангүйгээр, талхгүйгээр амьдарч чадахыг, гагцхүү Гоо сайхан гэгчгүйгээр ертөнц өөрийгөө хөнөөхийг та нар ойлгохгүй байна гэж үү? Энэ бол дэлхийн түүхийн бүрэн нууц. Тэр бүү хэл шинжлэх ухаан ч гоо сайхангүйгээр оршин байж чадахгүй...”

“Амиа хорлохгүй амьдрахын тулд Бурхан гэдгийг хүн өөрөө санаанаасаа зохиосон.”

“Өдийг хүртэл шашингүй ард түмэн, үндэстэн гэж нэг ч байгаагүй. Энэ нь сайн, муугийн тухай ухагдахуунгүй ард түмэн гэж байхгүй гэсэн үг. Үндэстэн бүр сайн, муугийн тухайд өөрийн гэсэн өвөрмөц ойлголттой. Өөрсдийн нүгэл, буяны хэмжүүртэй. Сайн ба муугийн тухай энэ ойлголтууд олон үндэстний хувьд адилшаад ирэх үед тэдгээр үндэстнүүд мөхөх ба тэхэд сайн муугийн ялгаа арилж үгүй болж эхэлнэ. Хэзээ ч хүний оюун ухаан сайн ба мууг тодорхойлох, адаглаад барагцаагаар зааглаж чадахуйц хэмжээнд байгаагүй бөгөөд эсрэгээр ни эдгээр ойлглолтуудыг өрөвдөм басхүү ичгүүртэйгээр холиж солисоор ирсэн, шинжлэх ухаан гэхэд л энэ асуудалд маш бүдүүлэг хариултыг л өгч чадаж байна.” 

“Аливаа Үндэстэн оршин байсан цаг хугацааны мөчлөгт гарч байсан үйлдэл бүрийн зорилго нь Бурханыг хайх, өөрийн гэсэн, зөвхөн өөрсдөө итгэдэг Бурханыг заавал хайж олох байсан. Бурхан бол тухайн ард түмний хүн чанарын цогц юм. Хэзээ ч бүх Үндэстэн, эсвэл олон тооны Үндэстнүүд адилхан Бурхан, адил шүтээнтэй байсан нь үгүй бөгөөд эсрэгээр бүгд өөрсдийн гэсэн онцгой Бурхантай байсаар ирсэн.”

Шашин хэмээх маргаантай хэрнээ хамгийн хүчирхэг нэгэн ойлголт. Шашин гэж ... угтаа тухайн улс түмний ИТГЭЛ БИШРЭЛ л гэсэн үг шүү дээ. Хүн юунд итгэнэм, сэтгэл нь тэр зүгт хандаж, түүнд захирагддаг учраас шашнаар дамжуулж үндэстэн угсаатнуудыг өлмийдөө өвдөг сөхрүүлдэг арга маш удаан хугацаанд амжилттай хэрэгжиж байсан. Шинжлэх ухаан шашныг эсрэгцэн гарч ирсэн боловч, одоо өөрөө эргээд өөр нэгэн төрлийн шашин болох замдаа шааригдаж буй.
“Хүн төрөлхтөн Бурханыг хайсаар ирсэн” гэж зохиолч хэлжээ. Би бол Монголчуудаас бусад нь тийм гэж хэлмээр байна. Харин Монголчууд бол ҮНЭН-ийг хайсан ба олсон. Хэн нэгэн Бүтээгчийг хайхаасаа илүүтэй, оршин байхуйн зүй тогтлыг эрэн бэдэрсэн ба мэдсэн. Зүй тогтол гэдэг бол хууль. Тэхээр Ертөнцийн Оршихуйн Хуулийг нээн ойлгож түүнд захирагдахаас илүү юм юу байх билээ. Хэрхэхийг ТЭНГЭР мэднэ хэмээхүй ийм учиртай...
Тийм юм бол тэр ХУУЛЬ чинь хаа байна? Яагаад би мэдэхгүй байгаа юм? Яагаад Монголчууд өнөөдөр тэгвэл ийм гуйлгачин байгаа юм? ... гэх мэт асуултыг зарим уншигч авгай тавих нь зүй ёсных. Тэр хууль бол Их Засаг хууль болон “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах хутагтай Алтан Дээд ГЭР ИЭ” гэх судруудад, үлгэр домог, туульс хайлсад нуугдсан байгаа даа. Тэгээд “Эх орноо хайрла, ТҮҮХЭЭ СУДАЛ” гэж би өөрийн зүгээс нэмье. Зөвхөн би ч биш. Ф.М.Достоевский бас зөвлөж байгаа юм. Яагаад гэвэл энэ номонд “дэлхийн түүх харуулж байна” гэсэн дөрвөн үг ороогүй сэтгэлд хүрсэн харилцан яриа байгаагүй. Гэхдээ нэг анхаарууштай нь тухайн үеийн Оросууд дэлхийн түүх гэдэгтээ зөвхөн Европын түүхийг л оруулдаг байсан, өөр түүхийг мэддэггүй, мэдлээ гэхэд Арав, Энэтхэг, Хятадаар хязгаарлагддаг байсан биз. (Хэрвээ Достоевский Монголын ҮНЭН түүхийг мэддэг байсан бол түүний зохиолууд тийм эмгэнэлтэй байхгүй байхсан...)
Тэхээр эндээс түүх судлахын ач холбогдлыг гарган авч байгаа юм. Хэзээ ч ямар үед хэрхэн зөв шийдвэр гаргахаа мэдэхийн тулд хүн өөрийгөө таних хэрэгтэй. Өөрийгөө танихын тулд эхлээд түүхээ судлах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ түүхийг судласнаар танд хэний ямар ген удамшсаныг, хэний ямар эрчим хуралдсаныг олж эзэмшинэ гэсэн үг. Ер ни ямар ч юмны мөн чанарыг олж харахын тулд бас л хаанаас эхтэй, ямар зорилгоор бий болсныг судлах ёстой болдог. 

Феодор Михайловичийн хувийн амьдрал, янз бүрийн зүйлийг мэдэхийг огт хичээсэнгүй. Нийтэд чиглэсэн үзэл бодол нь юу байв гэдгийг олж үзэхийг эрмэлзлээ. Үүнтэй бас адилаар Үндэстний дорой буурай байдал, үзэмж, өнөө маргаашийн мөнгө төгрөгний асуудал “ёстой яамай” юм. Үндэстнийг ҮЗЭЛ САНАА нь тодорхойлно. Энэ Үзэл санаан дороо хэр бат нэгдсэн нь тодорхойлно. Хэрвээ энэ эв нэгдлээс зугтвал, эх орноо гээвэл юу болдгийг Ф.М.Достоевскийн анхааруулсныг дахин сануулсу:
“Хэн төрсөн нутгаасаа хүйн холбоо тасарна, тэр хүн бүх шүтээнээ алдана, бүх зорилгоо, өөрийгөө ч алдана.”

Хүндэтгэн ёсолсон, Монгол Удам