Samstag, 14. Juli 2012

Өвөөгийн хайр амтагдсан чихэр ба өнөөгийн хууль зүйн орчин

Өвөө чихрэнд дургүй гэж багадаа яагаад ч юм боддог байж билээ... 
Бүгдээрээ цугларсан үедээ гэр, байшинд нь багтахааргүй болдог тул хэд хэдээрээ ээлжлэн ирж зуны амралтаа өнгөрүүлэнгээ хонь ямаа, гэрийн ойр зуурын ажилд нь туслалцдаг олон ач зээтэй өвөө минь айлд зочлоод гарахдаа чихэр хармаалсан бол өөрөө иднэ гэж л байдаггүй, тосоод ирсэнд нь өврөө уудлаад л өгдөг өндөр хөх өвгөн байсан сан. “Би яахав, та нар ид” гэчихээд ямар ч гоё зүйлээс татгалздаг байсан тул балчир жаахан бид “азны Коля” болж хуваан амтархахдаа “Өвөө яагаад ... ” хэмээн хааяа гайхан бодовч учир таних болоогүй хүүхэд насны мянга мянган “яагаад”-уудын дунд төөрүүлээд нэг ч удаа нухацтай авч үзээгүй юм байна. Одоо нэхэн санахнээ, амттанд дургүйдээ биш үр, үндэс биднийгээ баярлуулахын тулд өөрөөсөө татгалздаг байсан хайрын сэтгэл байж дээ... Өвөл өглөө эртээ босоод, гал түлж цай чанана. Тэгээд өчигдрийн хоолны үлдэгдлийг унтаж байгаа хүүхдийн тоогоор аягалаад дээр нь хав халуун цай хийж бүлээсгэнгээ нэг нэгээр нь зөөлөн дуудаж сэрээгээд “Үүнийг идчих, тэгээд бос” хэмээн биднийгээ эрхлүүлнэ. “Яах гэж хүүхдүүдэд оронд нь хоол зөөгөөд байгаа юм” гэж эмээг ширүүлэнгүүт мань хэд ч өвөөгөө загнуулахгүй гэсэндээ аягатайгаа гялс машиндчаад орноосоо год үсрэн босдог байлаа шүү дээ. Эмээ өвөө, ээж аав минь биднийгээ өөрсдөөсөө илүү хайрлаж, бид ч тэднийгээ бурхнаас илүү хүндэтгэдэг.
Хайр хайрыг төрүүлнэ гэгчээр хайранд өлгийдүүлж өссөн азтай хүмүүс насан туршдаа эргэн санаж уярах сайхан дурсамжтай, буй бүхнийг хайрлах нинжин сэтгэлтэй болж, харин тэр сэтгэл нь амьдралдаа ямар ч шийдвэр гаргахад туслах үнэнч зөвлөгч нь байдаг биз ээ. Хүн сэтгэлээ дагаж амьдардаг хойно доо.

Харин гадаадад ирсээр би олон нээлтийг хийв. Юун түрүүнд эндхийн өвөө нар хүүхдүүдтэйгээ уралдан зайрмаг долоож явахыг гайхасхийн харав. Төрөөд удаагүй байгаа нярайгаа энгэртээ үүрчихээд шоппинг хийн гүйх ээжүүдийг хараад шогшров. Хүүхэдгүйдээ өөрийгөө азтайд тооцдог гэж тавь орчим настай эрийн хэлэхийг дуулаад ёстой нүд орой дээрээ гарах нь тэр. Эцэг эх нь зэргэлдээх шахуу байшинд нь амьдардаг байхад жилдээ хоёр очдог гэж ярих залуусыг сонсоод ангайж л явлаа. Яахав үүнийг амьдралынх нь боломжтой холбож өнгөц дүгнэлт хийх нь бий. Өөрөөр хэлбэл манай Монгол ядуу болохоороо зайлшгүй бие биендээ ойр байж туслах хэрэгтэй болдог, харин эд нарын хувьд тусдаа байлаа гээд хүүхэд нь ч, эцэг эх нь ч дажгүй сайхан амьдраад байх тул хоорондоо холбоо сүлбээ багатай байдаг гэж. Тийм юм болов уу гэхээр бас арай үгүй ээ.

Нэгд, хүүхэдтэй болно гэдэг түүнд хамаг цагаа зарцуулна гэсэн үг. Манай Монголчууд шиг ач гучаа “үнэгүй” бөөцийлөөд жаргаж суудаг эмээ өвөө энд бараг олдохгүй. Ээж аав нь ч, эмээ өвөө нь ч эрх чөлөөгөө хасуулахаас айж байгаа хэрэг. Тэхээр аминч, зөвхөн өөрийгөө боддог үзэл нь дийлдэг байх нь. Ганцхан амьдрана гэж үздэг хүмүүс “олдсон насандаа өөрийгөө жаргааж, тансаглаж, “од”-уудын иддэгийг идэж, өмсдөгийг өмсөх хэрэгтэй биз дээ энчоодоо” гээл дайраад байна даа.
Хоёрт, хүүхэдтэй болохыг санхүүгийн асар том асуудал дагаж ирдэг. Хүрэлцэхүйц мөнгийг улсаас өгдөг боловч хүүхэд өсгөнө гэдэг энд бол хямдхан биш ээ. Хүүхэд болгон өрөөтэй байх ёстой, нийтийг хамарсан үйл ажиллагаануудад хамрагдах ёстой, машиндаа суулгахын тулд хүүхдийн суудал тавьсан байх ёстой, дугуй унуулахын тулд иж бүрэн хамгаалалтын хэрэгсэл хамтад нь авах ёстой гэх мэт. Баахан толгой эргүүлсэн ёстойнуудын араас төлбөрийн хуудаснууд эрээлжлэн хүрч ирнэ. Тэхээр хүүхдээ хэрхэн өсгөхөө эцэг эх нь мэдэж болдоггүй, бүгдийг хуулийн дагуу хийх ёстой болгосон учраас, хүүхдүүд нь ч эцэг эхийнхээ сэтгэлийг “ач” гэхээсээ илүү, хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байна гэж боддог бололтой юм. Арван найм хүртлээ авч авчихаад арай чадалтай болонгуутаа алга болчихдог хүүхдүүдээр яахав гэж ирээдүйн эцэг эхүүд үздэг байх л даа.
Аа гэтэл, зарим нь бүүр эсрэгээрээ, гэрээсээ холддоггүй. Үүрнээсээ хэзээ ч нисдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй шувуухай шиг ээжээрээ хувцсаа угаалгаж индүүдүүлээд, ааваараа хоол идсэн тавгаа угаалгаад амьдраад л байна даа. Аав ээж, эмээ өвөөдөө очиж туслалаа, ийш нь тийш нь аялууллаа гээд баярлаж явдаг Монгол үрсүүд шиг гадаад үрсүүдийг би л лав харсангүй, бодвол байдаг л байх. Зул сарын баяраар элдэв бэлэг солилцчихоод, гай түй болохгүй, ач буян нэхэхгүй шиг өөр өөрсдийгөө зугаацуулж явах нь “цэнгэлийн манлай” болдым шиг байна.

Ямар боловч үнэхээр эцэг эх, хүүхдийн харьцааг хууль зохицуулах ёстой юу гэдэг нь нэн эргэлзээтэй асуудал. Дэлхийн бүх хүмүүсийг арван найман дахь төрсөн өдөр нь насанд хүргэнэ гэж ер нь анх хэн тогтоосон юм бол доо. Насанд хүрлээ л бол ямар ч хариуцлага эцэг эхийн зүгээс үүрэх ёсгүй болдог хуультай. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шиг эх үрийн, эцэг хүүгийн нандин холбоонд хатуу хуулиуд сэв суулгадаг юм биш байгаа даа гэж анзаарагдах л юм. Ер нь англо-сакс, ромын гэсэн хоёр зарчмын дагуу бүрэлддэг дэлхийн улсуудад өнөөдөр мөрдөгдөж буй хуулиудын нэг инээдтэй тал нь нийгмийн бүхий л харьцааг зохицуулахын тулд маш олон зүйл заалтуудтай, маш нийлмэл бүтэцтэй, ний нуугүй хэлэхэд новшийн ойлгомжгүй зүйлүүд байдаг. Хүмүүсийн сэрэл, сэтгэгдэл, санал бодол, сэтгэхүйн арга барил нь үргэлж өөрчлөгдөж байдаг, өөрөөр хэлбэл хуулиар шийдэж чадахгүй өчнөөн асуудлууд үүсч л байдаг. Тэр бүгдэд зориулж хууль батлаад байх юм бол хууль зүйн орчин гэж хүн орооцолдохын аргагүй аймшигтай юм болох нь дамжиггүй. Харамсалтай нь үе үеийн хуульчид ийм л аргаар ажилтай байсаар ирсэн юм байна, харамсалтай нь улс орон болгон “тухайн тохиолдлуудын цуглуулга” болсон асар олон хуулиудтай, харамсалтай нь хуулийг пицца шиг “захиалдаг” манай оронд бүгдийн ирээдүйг үгүй хийхүйц дэндүү олон заалтууд хэдхэн хүний эрх ашгийн төлөө хэрэгждэг юм байна.

2008 оны 2 дугаар сарын 22ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр бүхий 385 хууль үйлчилж байсан бол өнөөдөр буюу 2012 оны 7 дугаар сарын 6 хүртэл энэ тоо 491 болтлоо өсчээ. За Австрийн төрийн албаны нэг нөхрөөс хэдэн хууль хүчинтэйг асуутал яг тодорхой хэлж мэдэхгүй байна, гэхдээ мянгаас хол илүү гэж байсан. Харин манай хууль зүйн багш, доктор профессор A.Weilinger гэж нөхөр: “Хэрвээ хуулиар шийдэж болохгүй, өөрөөр хэлбэл тухай тохиолдолд таарсан хуулийн заалт олдохгүй бол шүүгч нийгмийн ”зөв ёс суртахуун”-ы дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж айлдсан. Энд л хамаг учир байна аа даа янз нь...
Хууль өөрөө ёс суртахууныг сахиулахын тулд тухайн улсын ард түмний ёс уламжлал, ертөнцийг үзэх үзэл, зан заншил дээр нь суурилан анх бий болсон. Нийгмийн аль сайн муу бүхэнд зориулсан нэг нэг өгүүлбэртэй байх гэсээр жанрайсиг бурханы мянган гарнаас олон тоотой болж “хөгжлөө”. Гэтэл хөгжөөд хөгжөөд мянга мянган хуулиуд нь хэрэг дээрээ хүчин мөхөстөх тохиолдолд ширээ дүүрэн бичиг цаасаа хаагаад эцсийн эцэст шүүгч “хүн чанар” луугаа өнгийдөг байх нь.
Харин муу ч сайн ч хүн чанарыг хүмүүжил, сургааль бий болгоноо. Иймээс л өвөг дээдэс ИХ ЗАСАГ-аа хүүхдүүдэд бүүр багаас нь амьдрал дээр сургаж, хуулиар хүмүүжүүлдэг байсан байх юм. Дэлхийн түүхэнд хамгийн сайн мөрдөгдөж байсан хуулийг ИХ ЗАСАГ хэмээнэ. Нөгөө талаас хууль ч өөрөө энгийн, хэн хэнийхээ амар амгаланг бусниулахгүй байх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёс суртахуун дээр үндэслэгдсэн байдаг. Хамгийн гайхалтай нь ИХ ЗАСАГ-т зөвхөн материаллаг ертөнцийн биш, оюун санаа, энергийн түвшинд зориулагдсан, өөрөөр хэлбэл хэн нэгнийхээ сүнсэнд халдаж, муугаар нөлөөлөхгүй байх талаас заасан заалтууд ч байдаг. Ингэснээрээ хойд насны амьдралыг нь бас хамгаалж байгаа юм. Ингэж цор ганцхан хууль дэлхийг амар тайвнаар хангасан гэдэг. Мэдээж Их Монгол улс томрохын хирээр дагаар орсон хүмүүст зориулсан өөрчлөлтүүдийг ИХ ЗАСАГт оруулж байсан байна. Учир нь хууль гэдэг бол үйлчлэх орчныхоо газар зүйн байрлал, аж төрөх ёс, хүн зоны уламжлал, сэтгэхүйн зарчмаас гажиж ердөө болохгүй. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улирал дамнан нүүж иргүншдэг Монгол үндэстний хуулийг далайн нялцгай биетээр хооллодог хүмүүс мөрдөе гэсэн ч чадахгүй.
Хуулийг сахиулж, амар амгалан нийхэмд эрх чөлөөтэй амьдрах нь энгийн, хүчирхэг хуультай байхаас эхэлдэг юм байна. Ийм хууль дэлхий нийтийг хамарсан өнөөдрийн нийгмийн хувьд зөн мөрөөдлийн төдий гэдгийг нь би мэдэхийн дээдээр мэдэж байна л даа. Гэхдээ зөн биелж, зүүд амилах өдрүүд айсуй хэмээн өвгөдийн ухаан сануулсаар, өөрсдөө Хөх Монголчууд олон олноороо сэрсээр байна. Ийм нөхцөлд орчин цагт тохирсон Их Засагийг боловсруулах үүрэг нь Монголчууд биднээс өөр хэнд тохоогдоо аж. Дор бүрнээ тунгааж, өнгөрсөн одоог өрнө дорнотой нь харьцуулж явсу!!!
Биеийн хүчээр нэгийг давна сэтгэлийн хүчээр мянгыг давна.

Санааг ану авбаас бие инү хаа холдох.
Хүн төрөлхтөн үнэтэй юм сайхан, сайн юм нарийн нийлмэл, хүнд хэцүү байх ёстой гэж бодсоор ирсэн. Харин Монголчууд агуу юм энгийн байдгиймаа гэж, хамгийн сайхан хайр гэдэг зүйл үнэгүй байдаг юм аа гэдгийг, хамгийн бат бөх, чанартай эд зүйлсийг сэтгэлээсээ л хийдэг юм шүү гэж эртнээс нааш хүмүүжлээрээ хүүхэд болгондоо сургахыг эрхэмлэсээр иржээ.

... Өвөөгийн минь өгдөг байсан чихэр бол миний амьдралдаа амталсан хамгийн сайхан амттаан.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen