Samstag, 14. Juli 2012

Өвөөгийн минь хөшөө


Өнөөдөр өвөөтэйгөө уулзлаа. Очоод хувцас хунарыг нь угааж ганц тагш шөл хийж өглөө. Өвөө минь ядарчихаж. Эрийг нас даржээ.
Таван жилийн өмнө эмээ минь хотод орж ирснээс хойш тухтай очиж амжаагүй байсан Хөвсгөл далай, Дархадын цэнхэр хотгор луугаа аялж түүнээс түүнээс хойш рашаан ус, цэнгэг агаар, тоглож өссөн бууцандаа хоргодон гурван жил дараалан төрхөмдөө зочилсон билээ л.
Тэгэх бүрийд Дундговиос гаралтай бор өвөө минь гэртээ ганцаараа үлдэж, зуны амралтаараа зүгээр сууж байсан би очиж өвөөтэйгөө хамт, өвөөгөө халамжилж сар  гаруй хоёулаа байдаг байлаа.
Өвөөтэйгөө өнгөрүүлсэн нэг сар амар тайван, хурдан бас өвөөгийн ярьсан түүх сонин сайхнаар дүүрэн. Орой хоёулаа хөзөр “мушгина”.
 Өвөө өглөө эртээ босоод цайгаа чаначихдаг, би гэр орноо цэвэрлээд оройн хоолоо хийчихдэг, өвөө байрныхаа хөгшчүүлтэй шатар тоглоод гаднаас орж ирэхдээ чихэр олж ирээд намайгаа мялаачихдаг...
 Бие биедээ урам өгч амьдрах сайхаан.
ӨВӨӨ ТЭНДЭЭС ХЭЛЭХ НЬ: Би өвөө дээрээ өссөн хүн. Миний аав оторт явж байгаад ээжтэй танилцаж хайр сэтгэлтэй болоод нэг гэрт орно гэж тохиролцчихоод гэр малаа авч ирэх замдаа осолдчихсон гэдэг. Ээж намайг төрүүлчихээд аавыг хүлээж байхад нутгийнх нь хүн ирж аавын сургийг дуулгасан гэсэн. Намайг бага байхад ээж өөр хүнтэй сууж, хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ өвөө намайг дэргэдээ үлдээсэн. Би сургуульд орж дөрөв дүгээр анги төгсөөд гэртээ очдог өвөл хот үзэхийн мөн болсон амьтан байлаа шүүдээ. Манайхаар тээврийн жолооч нар их ирдэг, өвөө ч байгаагаараа дайлж цайлдаг. Нэг удаа хот руу явж байна гээд Гэндэн гэдэг жолооч хүрээд ирлээ. Би ч ганц үстэй дээлээ аваад суудлынх нь араар ороод шигдчихсэн. Удалгүй Гэндэн ах гарч ирээд чиргүүл ачаагаа янзалж үзээд яваад байлаа. Би ч мэдэгдчих вий гээд амьсгаа дараад л хөдлөхгүй суугаад байлаа. Машин хөдөлж нэлээд явсны дараа хөл хөшөөд хамаг яс хөндүүрлэж эхэллээ. Тэвчээд суугаад л байлаа. Үүр цайхын алдад аргагүйн эрхэнд босоод хөдөлтөл надаас цочоод сандарч байгаа гэж жигтэйхэн. Эхлээд сүг сүнс гээд элдвийн хий юм бодож л дээ. Намайг гэж мэдчихээд “Одоо би чамайг яана. Өвөөд чинь юу гэж хэлнэ. Буцаад явах хэцүү, болих хэцүү” гээд л загнаж байна. Би ч чимээгүй суугаад л байлаа. Тэгж тэгж хотод орж ирээд өөр машинд суулгаж буцаахаар боллоо. Явсаар хотод тэдний эгч ганц бие авгайнд ирээд намайг үлдээчхээд яваад өгөв. Маргааш нь “За машин олчлоо. Гэртээ харих уу” гээд ирэхэд нь би ч “Үгүй” гээд гэдийчихлээ. “Энэ хүүхдийг яана” гэж л байна...
Долоо хоногийн дараа өвөө минь хотын гал командад ажилд орсон гэдэг. Тэр үеийн хотын хамгийн өндөр барилга болох Улсын Их Дэлгүүрийн дээвэр дээр гарч зогсоод л хотын эргэн тойрныг харж гал гарвал мэдэгддэг байж. Ер нь миний өвөөд хийж үзээгүй ажил ховор. Гал сөнөөгч, гал командад ахлагч, мөрдөн байцаагч, прокурор, тэгснээ нярав, нягтлан, боловсон хүчин за тэгээд бүр зөгийчин хүртэл. Хамгийн сүүлд төмөр замд ажиллаж байсан гээд л бод.

Би боддог юм. Хүн үхэхдээ юу үлдээж, юу авч явдаг болохоороо эд хөрөнгө мөнгө бас бусад хэрэгтэй хэрэггүй “юмхан”-ы төлөө хамаг амьдралаа үрнэ вэ? Мэдээж хувь хүний тав тухтай хангалуун хэрэгцээгээ хангах нь буруушаах асуудал биш. Харин үүгээр ханадаггүй хүмүүс олон бий. Хүн энэ хорвоод үр хүүхдээ үлдээнэ, уран бүтээлээ үлдээнэ, нэр алдраа үлдээнэ. Харин юу ч авч явж чадахгүй. Үр хүүхэд бол бидний үргэлжлэл. /дараагийн үе гэдэг энэ үеийн үргэлжлэл л байдаг/.
Алдсан бүхнээ тэдэндээ хэлж, над шиг битгий зовоосой, битгий алдаасай гэсэндээ л амьдралд зааж сургаж байдаг. Үүнийг мэддэггүй асан би өөрөө үртэй болж байж учрыг бүрэн ойлгосон билээ. Гэдсэнд байхад нь л миний хүүхэд өвөө шигээ өндөр хамартай, над шиг хацартай биш байгаасай, тэгээд том болоход нь би тийм сургуульд сургана, тэгнэ ингэнэ гээд л өөрийн эрхгүй бодчихсон алхаж байж билээ.

ӨВӨӨ БАС ХЭЛЭХ НЬ : Хотод орж ирээд 6 жилийн дараа эмээтэй чинь танилцсан. Тэгэхэд ув улаан хацартай, дуугүй, ичимхий, их гоё дуулдаг охин байж билээ.
Би гайхав: Тийм үү? /Нүдээ том болгоод /. Эмээ дуугүй бас ичимхий байсан гэнэ ээ?
Өвөө үргэлжлүүлэн: Бид хоёр олон хүүхэдтэй болж, хажуугаар нь ажил хийгээд, эд нартайгаа учраа олох гэж их л ядардаг байлаа. Тэр их ажил, уур цухал дунд хүн өөрчлөгдөх нь аргагүй. Дулмаа гээд нэг их аманцар хэрнээ сайхан сэтгэлтэй нэг найз минь байдаг. Тэр л эмээ бид хоёрыг чинь нийлүүлсэн дээ. Би эмээгээс чинь “Суух уу” гэсэн утгатай юм арай гэж  асуугаадахтал дуугардаггүй. Дуугарахгүй болохоор нь татгалзаагүй юм чинь гээд аваад суучихсан. Тэр үед би хорин нэгтэй байсан гэдэг чинь, одоо далан дөрөвтэй, тавь гаран жил нэг тогооноос хооллож байна даа. Хагас зуун жил хамт байсан байна гэхэд нь өвөөгийн минь нүдэнд нулимс цийлэгнэж байсан сан…
Би бас боддог юм. “Өвөө эмээгийн цэцэрлэгт хүрээлэн гэж байгуулаад тэндээ эмээгийнхээ бичсэн шүлэг, өвөөгийнхөө хэлсэн үгийг бичсэн хөшөө босгох юм сан гэж. Судалж үзсэн боловч хүрээлэн байгуулж, хөшөө босгох байтугай хэдэн мод авч тарихад л дадлагын оюутан миний чадал хүчин мөхөстөж, түрийвч нимгэднэ.
Гэтэл нэгэн санаа оюунд харвав. Юу гэвэл, А.С.Пушкин нэгэнтээ ганц шүлгээрээ Александрын баганаас өндөр хөшөөг босгосон билээ л. Галуу дагаж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр Пушкиныг дуурайж байж онигоонд орохоос айвч, нэр алдрыг горилсондоо бус, өнгө мөнгөнд шунаж бус, энгийнээр, өвөөгийнхөө амьдралыг өөрийнхөө бодолтой хамтатган хүүрнэж байгаагаар халхавчлан үзэг сойж,  үг холбон, цаас эрээлж суугаа минь энэ ээ.
Үгэн биш чулуун хөшөө босгоно доо гэх билэгтэй бодлыг тээвч, бушуухан шиг ямар ч атугай хөшөөтэй л болох гэж яарсныг ойлгоно биз ээ.
ӨВӨӨ ХҮҮРНЭХ НЬ: Миний охин сайн л ханьтай болох хэрэгтэй. Шилэн байшин, дарга сайд, үнэтэй машин хамаагүй. Гол нь сэтгэл нь л чухал. Заяаны хань зам дээр гэдэг юм. Ханьтай болох гэж одоо яарсны хэрэггүй. Юмаа хийгээд явж байхад өөрөө гараад л ирнэ. Сэтгэл нь л чухал шүү...
Тийм ээ би мэднэ. Бүр яс махандаа тултал мэднэ. Хорвоод нэг бүдрэхдээ хоёулаа болж бүдэрсэн эрийн тэнгэргүй юм уу, тэр эр нь тэнгэргүй байсан юм уу  эцэггүй үр элгэндээ тэврээд үлдсэн бүсгүй заяатан билээ би. Амьдрах л гэж тэмүүлсэн “амь”-ийг тасалж,  хэвлийд байхад нь “авахуулж” төвдөлгүй тээсээр арван сарыг гүйцээж төрүүлсэн, харангуут л хайр хүрдэг хачин хөөрхөн амьтан надад нэг бий. Жирэмсэн байхдаа эмээ өвөө дээрээ очиж чадаагүй би охиноо тэврээд очиход эмээ минь уулга алдаж, өвөө минь уйлж угтсан сан. Тэхэд арай л хөгширсөн харагдаж билээ.
Охиныг таван сартайд өвөө уушгиндаа гар утасны дайтай том хорт хавдартай нь
гэнэт оношлогдож, хоолойд юм тээглэж хэд хоног харанхуй амьдарсан. Шөнөжин нойргүй ханиалгадаг байсан нь үүнээс болдог байсан биз хичнээн их өвддөг байсан бол гэж бодохоор өрөвдөж, зүрх зүсэгдэн уйлж байсан билээ. Азаар хагалгаа нь амжилттай болж одоо эрүүл болсон. Гэхдээ тэр том хавдар шууд л зүгээр болчихдоггүй, химийн хүчтэй эмчилгээ хийж хорыг нь бүр мөсөн устгадаг учир эм тариагаар “бөмбөгдүүлж”, далан наймтай хүн энэ хүнд эмчилгээнд сульдаж, өвөөг асраад эмээ минь ч бас ядраад байгаа болохоор өнөөдөр очиж балга шөл, багахан угаалгаар тус өргөөд харьж ирсэн даруйдаа үгэн хөшөөгөө ийнхүү үзэглэн босголоо.
 Өвдөж зовох
Өлсөх гомдох нь дэндсэн
Өөдгүй энэ орчлонд
Өдий удаан амьдарсанд нь талархаж
Өвгөдийгөөн би хайрладаг.

... гэж 2009 оны нэгэн бүрхэг саарал орой бичиж асан санагдана. Хэрвээ цэцэрлэгт хүрээлэн байгуулж жинхэнэ хөшөө барьж чадсан бол өвөө минь нээлтэн дээр нь очоод л, үг хэлээд л миний сэтгэлийг ойлгож, надад бага ч гэсэн баярлах л байсан байх. Гэвч надад зөвхөн үгэн хөшөө байсан. Амьдралын аар саар асуудлуудад толгойгоо мэдүүлж явсаар, үргэлж л намайг очихыг хүлээх юм шиг эндүүрсээр ингэж их яаран байж бичсэн юмаа ч уншуулж амжаагүй байхад нэг л өдрийн наран "өвөөгүй" жаргасан. Тэрнээс хойш өвөөтэй нар хэзээ ч дахиж мандаагүй...

Монгол Удам 2011 он

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen