Samstag, 14. Juli 2012

Нэгэн киноноос төрсөн сэтгэгдэл

 Хичнээн агуу ч энэ хайр ямар гунигтай юм бэ? Харахад хичнээн өрөвдмөөр бас атаархмаар юм бэ?
Хүнийг түүн шиг хайрлаж чадахгүйдээ гутарч бас баярланам. Хайраас өөр хийх зүйлтэйдээ олзуурхаж бас харамснам.
Тэд ийм хайртай учраагүй байсан бол тийм амжилтанд хүрч чадах байсан болов уу?
Тэр их хайраасаа илүү зүйлийг золиослож чадахгүй байсан болохоор, өөрсөддөө байсан хамгийн үнэтэй зүйл болох "хайр сэтгэлээ" золиослож байж амьдралынхаа замыг сонгосон болохоор, тийм өндөр үнээр олдсон ажлаа хамгийн сайнаар хийж тэгээд ч түүхэнд нэрээ мөнхөлж чаджээ. Jane Austin, Thomas Lefroy
Надад тийм халуун сэтгэл, тийм халуун дурлал тохиохгүйд Бурханд баярлаж, өөртөө гомдоё.
Хайраар дэлбээлж, хайраар шатаж, хайраар хурцалж, хайраар хагдарсан халуун залуу наснуудын өмнө нэгэнтээ бөхийе. Хайраар дэлбээлж амжаагүй байхдаа хагдраад хатуужчихсан, хатуужихдаа амьдралын хөрснөөс аль байдгаараа, хамаг чадлаараа зуураад шигдчихсэн "модон" цэцэг билээ би.

... Хайр чи хичнээн увайгүй юм бэ
Хиргүй тунгалаг сэтгэлүүдийг юунд тэгтлээ зовооном?
Хичнээн их зовлон гуниг бэтгэрлээс
Хэн, юуг хожиж байгаа юм тэгээд?
Хөггүй хөгжмөөр хөнгөхөн ая дарах шиг
Хүний сэтгэлээр даанч дэндүү тоглох юм чи
Хөөрхий залуусын шаналал уйтгар цөхрөл
Хөгжилтэй байна уу чамд? Хэлээч.


Аруухан гэгээлэг, агуу их хайрын тань төлөө би танд мэхийе.
Аа харин. Тэр их сэтгэлийг тань би бишрэе. Бас тэвчээрийг тань.
Үнэнийг хэлэхэд, энэ насыг таных шиг хайргүйгээр өнгөрөөнө гэхээр уйтгартай байгаа боловч өөрт минь хийх ажил дэндүү их, оюун санаа сэтгэл зүрхэнд минь түүнийг багтаах орон зай байхгүй учраас хөнгөхөн шохоорхлоор сэтгэлээ зугаацуулаад, дуу аялж дундуур нь исгэрсэн шиг өөрийнхөө замаар хөгжилтэй цааш алхаллаа шүү. Хонгор Jane! Хонгорхон дурлагчид минь!

Та бүхний агуу хайрыг гүнээ хүндэтгэсэн: Модон цэцэг

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen