Samstag, 14. Juli 2012

"Тоглоомын онол ба шашин"


2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн хичээлийн гурав дугаар байрны 303 тоот ангид шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат багшийн "Тоглоомын онол ба шашин" сэдэвт өөрийнх нь чөлөөт ярилцлага хэмээн нэрийдсэн гайхамшигтай лекцийг сонсох завшаан тохиосон юм.
Лекцийн дараа тэрхүү ангиас инээмсэглэн гарах оюутан бүрийн нүдэнд баясал, ухаарал, басхүү гүн бясалгал тодорч байсан агаад жинхэнэ математикч, мэргэжлийн багшаар тогтохгүй чадварлаг уран илтгэгч гэдгээ бүрэн баталсан Энхбат багшийн ярианаас хөлсөө гоожуулж, нулимсаа гартал инээсэн би гэртээ харих замын туршид ганцаараа инээмсэглэн алхсан юм даа. Үнэхээр тэрхүү чөлөөт ярилцлагын хугацаанд минут тутамд дор хаяж зуун залуу оюутны инээх дуун сургуулиар нэг цуурайтаж байсан билээ. Харингуутаа энэ тэмдэглэлийг хөтөлж уг лекцийг санаачлан зохион байгуулсан тухайн үеийн сургалтын албаны дарга  Итгэл багшид өгөх гэж байсан боловч диплом миплом гээд үнэндээ цаг гарахгүй байсаар хуучирчихсан юм. Харин сая санамсаргүй нээж үзэнгүүт энэ лекцийн тэмдэглэлийг засан бичиж хүмүүст хүргэе гэж бодлоо.

Лекцийнхээ эхэнд багш цаашид хэрэг болох тоглоомын онолын (Game Theory) талаар хэд хэдэн тодорхойлолт үндсэн санааг өгсөн ба уг нь тэдгээрийг энд хамтад нь оруулсан бол математик судалдаг оюутнууöын хувьд илүү "амттай" байх сан боловч томъёо шивэх ажлаас жоохон залхуурч байгаагаа үнэнээр нь өчьеэ.

... Багш өөрөөсөө асуусан байгаа юм. Ер нь яах гэж Бурхан шүтдэг юм бэ? Шүтэхгүй бол юу алдах юм? Шүтлээ гээд юу хожих юм? гэж. Тэгээд шинжлэх ухаанч хүний ёсоор энэ асуултуудад тоглоомын онолын дагуу математик загвар зохиогоод тооцож үзэхэд хариу нь "Бурхан байхгүй" гэж байж тамд унаснаас байгаа гэж итгэсэн нь онодоггүй юм гэхэд алдахгүй эрсдэл багатай сонголт болохыг харуулсан байна. Тэгтэл дараа нь багшид дахиад асуулт тулгарав. Дэлхий дээр олон шашин бий, алиныг нь сонгох вэ? Будда ч юм уу Аллах тэнгэрийг насаараа шүтэж шүтэж очсон чинь жинхэнэ Бурхан нь Есүс байж таараад буруу номтон гээд нөгөөх халуун тамд хийчихвэл гүэ мөн баларсан юм болноо доо. Багш ч гэсэн тэгж "шатах"-ыг хүссэнгүй, сурснаараа математикдаа найдаж дээрх 3 голлох шашны алийг шүтэх ёстойг үзүүлэх бас нэгэн бодлого байгуулаад шийдийг нь хартал "Бүгдийг нь" гэж гарчээ. Нээрээ ч "Бурхан гэдэг бол бидний эргэн тойронд орших энергийн их урсгал бөгөөд бид энергийн хуулинд захирагдаж амьдардаг. Бурхан гэдэгт огт итгэхгүй байснаас итгэсэн нь дээр юм. Ямартаа ч энэ нь алдагдалгүй. Үнэхээр Бурхан гэж байгаад мань мэт нь нүд анихдаа өнгөрүүлсэн амьдралынхаа хором мөч бүрийг шүүлгэдэг бол шүтээгүй гэж шилээ маажиснаас "Шүтсээн, шүтэхдээ бүгдий нь холиод шүтчихсэн" гэсэн нь дээр л дээ. Залгуулаад багш өөрийнхөө амьдралаас өгүүлэв. Монголд анх Христийн сүмүүд үйл ажиллагаагаа эхлүүлж байхад англи хэл сурах зорилгоор нэг америк номлогчтой танилцаж нөгөөдөх нь хэлний хувьд үнэхээр тус болж чадсан ч эх орон луугаа багшийг санваартан болгохоор авч явахыг шахсан тухай элэг хөшөөм яриад, Бурхан Буддын сургаалын Энэрэхүй болон Коран сударт дурдагдсан гайхамшгуудын нууцыг одоо л эрдэмтэд нээж эхэлж байгаа талаар сонирхол татам өгүүлж билээ. Тэр ч байтугай Шри Шри Рави Шанкар, Их бясалгагч Чин Хай, Шри Чинмой нарын бясалгалыг туршиж амьдралын мөн чанарын төлөөх эрлээ үргэлжлүүлсээр байжээ.

Хүн болгонд л энэ лекц гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн боловч үзүүлэх хариу үйлдлүүд, өөртөө хэр тусгаж авах нь олон янз. Болдогсон бол хүн хүний толгойгоор нэг нэг ороод гарахсан. Тэгвэл бас их л юм мэдэж авах байх даа. Нэгэнт тэгж чадахгүйгээс хойш өөрийнхөө л хариу үйлдлийг сайн байлгах хэрэгтэй. Юу гэхээр өөдрөг үзэлтэй байж, бусдад тусалж, уур бухимдал, атаа жөтөө, хорсол гомдол бүхнээ цээжнийхээ мухарт нууж, өөрийгөө хүрээлэх ертөнцөд чин сэтгэлээсээ баяр талархалтай хандахыг багш номлоод авна лээ. Сонсох дуу, унших шүлэг, сонирхох мэдээнээс эхлээд өөрийнхөө орчинг анхааралтай бүрдүүлж үргэлж сайн сайханд үнэт цагаа зарцуулж байгаарай, бас "Математикаа сайн хийж, Махаа бага идээрэй" гэсэн шүү.
О. Дашбалбар агсны "Эх орон" хэмээх шүлгийг тэнгэрлиг шүлэг хэмээгээд Монгол хүн болгон заавал унших хэрэгтэй гэж захисан.

Уучил, уучил, уучил гэж чин сэтгэлээсээ хэлж байсан нь одоо хүртэл санаанаас гарахгүй л байна. "Хүн болгонд гомдож, өс санаж, тэрнийг тэгж хашраана, тэр намайг тэгсэн гээд л жагсаалт хийгээд байх юм бол би хэдий завандаа теоремоо батлах юм бэ? Тийм болохоор бүгдийг уучилж тархиа чөлөөлөөд, үлдсэн хэсгээр нь математикаа сур, бизнесээ хий. Уучилцгаа" гэж сургасан нь гайхамшигтай бас үнэн байсан.
Шинжлэх ухааны тэр том зүтгэлтэн хүн Бурхан буйг хэлж, болж өнгөрсөн төсөөлшгүй, үлгэрийн гэмээр бүгдэд итгэж байна гэдэг намайг багагүй гайхуулсан бөгөөд үүнтэй хамт тодорхой хэмжээний амжилтад хүрснийхээ дараа энэ хүн шиг ингээд олон оюутнуудтай амьдрал, шинжлэх ухаан, орших, үл оршихын талаар ярилцаж, тэднийгээ сургаж явах юм сан гэсэн хүслийг ч бас төрүүлж чадсан.
Анх удаа л сургуулиараа ингэтэл их бахархаж байна. Математик сурна гэж төлөвлөж байгаагүй болохоор бага зэрэг сэтгэл дундуур явдаг байсан, харин одоо МКС-даа дөрвөн жил сурсандаа баярлаж "ямар сайхан хамт олны дунд би хүн болж төлөвшөө вэ" гэж бахдаж сууна. Нээрээ би эндээс л амьдралынхаа чигийг олж, үзэл баримтлалаа бататгаж чадсан болохоор би энд л "хүн" болсон юм. Энэ хүмүүсийнхээ итгэлийг алдалгүй хаана ч явсан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явах болноо.
гэж бичсэн байх юм аа.

Үнэнийг хэлэхэд би ч сайн оюутан байгаагүй л дээ. Хүн ер нь өөрт байгаа юмаа зохих ёсоор үнэлээгүйгээс болж их зүйлийг алддаг юм байна. Жишээ нь би МКС-иа доогуур үнэлэснээс болоод олигтой сурч чадаагүй. Эрдэмтэн багш нарынхаа хэлсэн үг бүрийг цаг тухайд нь алдалгүй сонсч, хэрэгжүүлж, онц сурч чадсан бол сайхан сан.. гэж харамсдаг болохоороо доод курсын дүү нар надаас сургамж аваасай, хичнээн сайн багш нартай, хичнээн сайн сургуульд сурдгаа мэдээсэй гэсэндээ үүнийг бичиж байна. Одоо харин би ойлгосон, дахиж сурахдаа сурсан шиг сурч, МУИС-ийнхаа нэрийг олонд сайнаар таниулахыг хичээх болно.

Цаг хугацаа дахин ирдэггүйгээрээ өршөөлгүй боловч, хэзээд боломж байж л байдаг амьдрал юутай баян!

Хүндэтгэсэн Монгол Удам
2011 он, 8 дугаар сар
 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen