Samstag, 14. Juli 2012

Багш та, ирээдүйг бүтээгч - цаг хугацаагаар аялагч

Сайн байна уу, багш аа.

Саран наран ээлжилсэн он жилүүдийн энэтэйгээс
Самбарт л бичигддэг асан салгуу хол тэртээгээс
Санаанд минь та шингээсэн сайн сайхны дээдтэйгээс
Салж, учрах тавилангийн санах, хайрлахын дэргэдээс
Шавь тань хэмээх алдраар нэгэн насаа чимсэн
Шаргалхан толгойт шадар нэгэн сурагч нь
Шад шүлэг талбиад мэхийн байж ёслоё.
Шавдуулж бас давраад тохойг тань хүндлэн золгоё.

Эрдмийн өргөө болсон 102 тоотдоо
Эрх тоодгийн дэгдээхий шиг ижилдэн суугаад
Эхний үсэг, эхний тоог эхэлж таниараа заалгасан
Энхрий балчир насны эрхэм андуудтайгаа хамт
Энэ өдрийг сонгон  ийн золголдохыг хүслээ.
Томоогүйхэн хүүхэд байхаасаа тогтож нөхөрлөж ирсэн
Тоотойхон хэдэн шавь нар нь одоо ч гэсэн
Эетэй, холбоотой емэйлддэг чаатладаг хэвээрээ
Эв, зав олдвол уулздаг учирдаг янзаараа.

Канттай хослол жавхайтал өмссөн таныгаа харж биширдэг
Коридороор нэг гүйлдсэн нусгайнууд байж дээ бид \хэхэх\
Цаг хугацаа гэгч сонин этгээд тэгтэл
Цаадуулыг чинь ямар болгоотохсоныг нэг хар даа \мммундаг\
... Гэвч
Бие өсөх яахав, ухаан өсөх гэдэг
Бэрхтэй нэгэн асуудал нийтэд тулгамдаад байх шиг
Бид харин тандаа шавилсан болохоор
Билэг оюуны минь суурийг та бат шавалсан болохоор
Чөтгөрийн тэр оюуны доройтолд автсан нь бас ч үгүй
Чиртааны зураас алгасах мэт дээгүүр нь дэгдсээр ирж.
Архинд орж амьдралаа уусан нь үгүй
Гутлаа чирээд гудамж метрлэсэн нь үгүй
Бүгдээрээ л дор бүрнээ явдал суудлаа цэгцэлж
Болохоос нь болохгүйг хүртэл тэмцэж, ялсаар л явна.
Түүх эргэлдэж, түүх давтагдаж,
Түүх, түүхээ бүтээдэг гэнэм
Тэхээр бид эцэстээ бүгдээрээ л ялах болно
Тэр чигтээ хүн төрөлхтний түүх ялгуусан байг.
За тэр яахав, жаахан даруухан байя,
Заяа нь босоо, тэнгэрлэг Монгол гэдгээрээ
Зүрхээ савчуулж цусаа булгилуулж бахархдаг болохоороо муу шавь нь
Завсар олдвол тэр сэтгэлээ, үг болгон цалгиулна
Зай олдвол түүнийгээ, бичээс болгон халгиулна
Бодол дэвэрвэл болоогүй, нулимс болгон мэлтэлзүүлнэ
Болзол тохиовол боломжоор нь, бодит болгон хэрэгжүүлнэ.
Тоо үсэг зааж томъёо уншуулсан төдийгөөр
Тоймгүй их гавъяаг тань тооцож яахан болох?
Үйлдэл бүрийг шүүж, зөв бурууд чиглүүлдэг
Үнэт хүмүүжил гэдэг таниас эхтэй билээ.
Дөрвөн жилийн турш таныгаа хормойлдохдоо бид
Дүн тавиулж, өгүүлбэр зохиож, үсэглэж хайчлахгүйгээр
Нэмж хасаж, ноогдуулж үржүүлж, тогтоож цээжлэхгүйгээр
Нэг л юмыг боловсролын системээс гадуур сурсан нь
Нэрлээд л хэлчихэе, зоригтойгоор, үнэндээ ХҮМҮҮЖИЛ шүү дээ.
Баримт бэлтгэж эрхлэгчээр батлуулсан юм байхгүй ээ, энэ тухайд.
Байгаа байдлаас чинь л бид нар копидоод авчихсан юм.

            Бяцхан хүүгээ орхичихоод бидэн дээр ирдэг байснаас тань “хариуцлагыг”
            Биеийнхээ алжаалыг умартан бичсэнийг минь засдагсанаас тань “тэвчээрийг”
            Болчимгүй асуултуудад минь хариулт эрэн суудгаас тань “үл шантрахуйг”
            Буруу зөвд бурхан чөтгөрийг ялгахгүй “хүний ёсыг”
            Заах аргын ямар ч тактик мактикгүйгээр
            Зан суртахуунаас чинь л залгуулаад авчихсан юм.
            Үүнийг магадгүй хэн ч анзаараагүй байж болно
            Үнэндээ энэ бол таны хамгийн том гавъяа,
            Оюуны шижир бүтээл,
            Та өөрөөрөө БИДнийг бүтээсэн байна.


Орчлон хорвоогийн олон ажил хөдөлмөр дундаас
Онцгойлж нандигнамаар нь БАГШ таны мэргэжил юм байна
Бусад нь буй юмны шинжийг өөрчилчихөөд бүтээж байна гэдэг бол
Багш та цэвэр оюун дээр эрдмийн үсэг өрөнгөө
Өөрөөрөө шавь нараа бүтээж байдаг юм байна.
Өрнөсөн их бүтээн байгуулалтан дунд алхалж явдаг юм байна.
Балчир шавийнхаа билгийн мэлмийг нээж хүний ёсонд үлгэрлэхдээ
Бүрэн улсынхаа ирээдүйг шийдэлцэж, цаг хугацаагаар аялдаг юм байна.
            Баярлалаа хайрт багш минь баярлалаа
            Бум түм дахин буян тань арвижих болтуухай.


Хорвоогийн бүх багш нарыг хүндэтгэн ёсолсон Монгол Удам
2012.05.19

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen