Samstag, 14. Juli 2012

Өвгөд минь ...


Нэгэн удаа хэл зохиолын багш маань Ренчин гуайн “Нууцыг задруулсан захиа” зохиолыг уран сайхнаар уншиж өгөхөд анги дотор ниссэн ялаанд дургүйцмээр нам гүм байсан сан. 

... Хар Манжийнхан Өвөр, Халх Монголыг эрхэндээ оруулаад үлдсэн хэсэг болох зоригт Ойрадууд руу уулгалан довтлох цөвүүн цаг дор Өөлд баатар Шуну, “Хэлэх үг элчийн аманд бий” хэмээх эцгийнхээ сургаалийг үл итгэж, байлдааны чухал төлөвлөгөөгөө бичгээр илгээсэнд, элчийг илрүүлж бичгийг уншсан манжийн захирагч сөрөг арга хэмжээг өрсөн авч дагалдагч ардууд, цэргүүд болон гэр бүлийнхнийг нь бүгдийг барьж хориод, ганцхан болзлын доор голомт залгах Шунуг амьд үлдээн явуулна гэсэн нь, эцэг баатар, эх хатан, энхрий хоёр охин дүүгийнхээ толгойг өөрийн гараар цавчина гэсэн харгис тулгалт байлаа. Эцэг, эхийнхээ өр зүсэм гуйлтын доор Шуну ялыг гүйцэлдүүлэн манжийн бүслэлтээс гараад өшөөгөө авна гэж тангаргалдаг. 

Бидний түүх үнэндээ зүрх зүсч, амьсгал боогдуулсан эмгэнэлт явдлуудаар дүүрэн. Эрэлхэг баатар Ойрад ахан дүүсийг маань дагаар оруулах нэрийн доор толгой дараалан хядсан Манж, Хятад цэргүүдийн хүнсний хангалтанд Халх Монголчуудын халуун хошуут малыг татвар болгон татаж, ахынх нь гараар дүүгийнх нь хоолойг багалзуурдаж байсан тухай уншаад гол харлаж Манж Хятадын хорт бодлогыг жигшин зэвүүцэхийн дээдээр зэвүүцэж байж билээ. Галдан Бошигт, Чингүнжав, Амарсанаа нараас эхлээд Монголоо гэсэн ноёд, баатрууд, эгэл түмний амьдрал, тэмцэл үхлийн тухай уншихад бүлх залгисан мэт горойж, бүлтийсэн нүднээс минь нулимс бөмбөрдөг, одоо ч гэсэн.
Өвөг дээдэс Монголынхоо төлөө тэмцэхдээ амиа үл хайрлажээ...

Зүрхий нь сугалан тамлаж
Зоосоор биеийг нь түлэхэд ч
Нойтон хомхой шоронд
Нойр хоолгүй тарчлаахад ч
Нүдэн дээр нь инээгээд
Нүгэлт хорыг амсуулахад ч
Голт зүрхнээс хайртай
Гэр бүлийнхнийг нь хядахад ч...
ХААН Монголын үр удамд
Харлахын тавилан бий ч
ХАС их орчлонгийн
Хатуу хуулин дор
Хамаг бүгдийг засаглах
ХӨХ Тэнгэрийн зарлигтайг
Харж чадсандаа тэд
Халуун амиа өргөхдөө,
Харамсаа нь үгүй
Хараагаа дальдруулаагүй
Хатан зоригоо мохоогоогүй
Хойчоо хамгаалан хойш ухраагүй.
Аман зохиолоор түүхээ тархинд нь урлаад
Амьдралд нь олсон мэдсэнээ амьдаар нь үлдээгээд
Хос алаг нүдээрээ нэг ч удаа үзээгүй
Хоёр мянгаад оны хөвгүүд охид бидэнд
Хожмын нэгэн өдөр төр улсаа мандуулах
Хосгүй их найдварыг өртөөлүүлэн хүргүүлээд
“Үндэс минь тасраагүй цагт, нанхиад чи сонс
Үр минь Монголоор овоглож байгаа цагт, манж чи сонс
Тал нутгийг түйвээх чадал чинь нэгэн цагт дутнаа
Тансаг сайхныг минь булаах тэнхээ чинь бас барагднаа
Чөтгөрийн их шунал чинь өөрийгөө хөнөөхийн цагт
Чөмөгтөө тулсан дарлал дундаас миний хүүхдүүд өндийнөө
Нутагт минь тээн аваачих бузар бүхнийг чинь устгаад
Нуга бут болгондоо жаргалыг тарих болно
Налгар тэр амар амгалангаар дэлхий дутах цагт
Нармай Монголыг ахин байгуулж ертөнцийг засаглана тэд”
Хэмээж нэгэнтээ сануулахдаа эцсийн амьсгалаа цуглуулж
Хан Тэнгэрийн уудамд харцаа нэгэнтээ бэлчээгээд
Санаагаа шулуутгаж, найдвараа бадраагаад
Салж одсон байх даа, өвгөд минь, дээдсүүд минь.   

... Бидний амьдрал үнэндээ тэдний зүтгэлээр, тэдний амиар босгогдсон юм. Эрхэм хүндтэй ийм л үүрэг, энэ үеийн бидэнд тохиожээ, ЗАЛУУС АА.

Хүндэтгэсэн, 
2012 он

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen