Би уул усаа хамгаалах хөдөлгөөнд нэгдсэн ч тэмцлээсээ ухарсан өөдгүй хүн байгаа юм. Гэхдээ Өвөрхангайн Уянга сумынхан буюу одоогийн "Гал"
холбооны удирдагч Мөнхбаяр, "Хүдэр голынхон", "Алаг нүдэн Мөндөөхэй" гэх мэт өнөөг хүртэл тэмцлээ үргэлжлүүлж үр дүнг нь нэлээдгүй үзэж байгаа тэмцэгч хүмүүсийг одоо хэр нь биширч явдаг ба үйл ажиллагааг нь байнга сонирхож, тэдэнтэй биш буруу хүмүүстэй хамтарч
байсандаа одоо хэр нь харамсдаг юм.
Тодруулбал "Хатан Туул голоо аврах
Үндэсний Хөдөлгөөн"-ийг байгуулалцаад идэвхтэнээр ажиллаж байсан юм. 2008
оны сонгуулийн өмнөхөн. Туул голын татамд, өөрөөр хэлбэл голын урсгалаас
50 метрийн дотор, байшин барих ямар ч үндэслэлгүй газар барилга
барихаар хатгасан хашааг нурааж, Туул голд л байдаг Улаан номонд орсон
зэвэг нэрт загас сүүлийн жилүүдэд ихээр хорогдож байгаагийн учрыг
асуугаад УСУГ-ын холбогдох даргаас "тэд чинь хөлдөөд үхчихсэн" гэдэг
тэнэг хариултыг сонсож байлаа. Үүнээс өөр олон олон баримт, дурсамж
хадгалагдаж дээ.
Чин сэтгэлээсээ юунд ч бол туслахыг хичээж, хичээл
номоо ч гаргуундаа гаргаад явж байсан. Гэхдээ биднийг удирдаж байсан хүн
хувийн ашиг хөөж байснаас гадна, би өөрөө тухайн үед нас залуу, тэнэг,
энгийн нэг оюутан л байсан юм.
Монголд нам бус залуучуудын үгс ялаа
жингэнэж байгаатай адил сонсогддогийг мэдэрсэн, бас яахын аргагүй
улстөржсөн байсан. Ганц ч атугай байгаль орчинд ээлтэй хуулийн төсөл,
нэмэлт өөрчлөлтийг батлуулж, дараагийн парламентад гарах магадлалтай
дэвшигч болгоноос Туул голын эхэн дээр олгогдсон ашиглалтын болон
хайгуулын лицензүүдийг цуцална гэсэн амлалтыг авах гэж хөөцөлдөж байсан
болохоор тэр.
...Ууланд түймэр гарвал ганцаараа ч болов очоод унтраалцана,
хэрвээ сайн дурын залуучууд байвал хичнээн сайхан бэ гээд л 10 гаруйхан
хүний утас цуглуулчихсандаа баяртай байсан ах минь 2008 оны 7 дугаар сарын 1-нд Ху намын байрыг "Ху
намынхан өөрсдөө нурааж" байхад тэнэсэн эсвэл зорьсон суманд оногдон өрөөсөн
нүдгүй болчихсон юм даг. Тэр явдал надад ихийг бодогдуулж билээ.
Би өөрийгөө нүдгүй болчих вий гэж айсан
юм биш, харин Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг, баячууд нь, төрийн
түшээдүүд нь, угтаа Монголчууд Монголчуудыгаа хэрхэн нухчин дарж байгааг өөрийн нүдээр үзэж биеэр
мэдэрсэн юм.
Сэтгэлийн хөөрөлдөө автаж, саналаа луйвардуулсандаа шар нь гозойсон өрөвдмөөр ядуу иргэдийг зохион байгуулалттай хэдэн
хүн, хэрхэн хатгаж, юу хийлгэснийг, наян жилийн түүхтэй гэгдэх намын байр
түүдэг мэт асахыг яг дэргэдээс нь, Монголын Ахмадын Холбооны дээвэр
дээрээс харж зогссон сон. Илүү хүчтэй байх ёстойгоо, боловсролтой байх
ёстойгоо тэхэд л ухаарч шалдан оюутанг би-гээ бусадтай адил голсон юм. Тэр
хүртэл Монгол минь битгий үгүй болчихоосой гэж залбираад, чадвартай,
боловсролтой болохоор тэмцлээ түр хойш тавьсан юм.
Сэтгэлгүй биш
сэтгэлтэй байсаан, одоо ч гэсэн.
Цөөн биш л нулимсан дуслуудыг эх
орныхоо төлөө унагааж явдаг, одоо ч гэсэн.
Харамсалтай нь намайг энэ
бүгдийг хийж явахад, тэмцээд байгаа асуудлыг минь адаглаад сонирхон
сонсохын оронд дооглон тохуурхаж, төрийн төлөө оготно боож үхнэ гэж
сануулдаг байсан нь 18тай охиныг гомдоож чаддаг байсныг хэлэлгүй орхиж
чадахгүй нь. Эсрэгцүүлэн "Эх оронч оготны үг" нэртэй илтгэл хүртэл бичиж
байсан ч олон хүний чихэнд хүрч амжилгүй дарагдсан юм сан. "Биеэ
засаад, гэрээ зас. Гэрээ засаад, төрөө зас" гэж ээж минь надад сургаж,
түүнийг яс махандаа шингээж ойлгосон би өнөөдрийг хүртэл биеэ засах
үйлийг голчлон хийж ирлээ.
Гэхдээ эх орноо гэх сэтгэлд ассан гал,
зүрхэнд дүрэлзсэн хэвээрээ. Энэ цус байхад тэр сэтгэл хаа холдох
билээ...
Монгол удам 2012
Samstag, 14. Juli 2012
Өвөөгийн минь хөшөө
Өнөөдөр өвөөтэйгөө уулзлаа. Очоод хувцас хунарыг нь угааж ганц тагш шөл хийж өглөө. Өвөө минь ядарчихаж. Эрийг нас даржээ.
Таван жилийн өмнө эмээ минь хотод орж ирснээс хойш тухтай очиж амжаагүй байсан Хөвсгөл далай, Дархадын цэнхэр хотгор луугаа аялж түүнээс түүнээс хойш рашаан ус, цэнгэг агаар, тоглож өссөн бууцандаа хоргодон гурван жил дараалан төрхөмдөө зочилсон билээ л.
Тэгэх бүрийд Дундговиос гаралтай бор өвөө минь гэртээ ганцаараа үлдэж, зуны амралтаараа зүгээр сууж байсан би очиж өвөөтэйгөө хамт, өвөөгөө халамжилж сар гаруй хоёулаа байдаг байлаа.
Өвөөтэйгөө өнгөрүүлсэн нэг сар амар тайван, хурдан бас өвөөгийн ярьсан түүх сонин сайхнаар дүүрэн. Орой хоёулаа хөзөр “мушгина”.
Өвөө өглөө эртээ босоод цайгаа чаначихдаг, би гэр орноо цэвэрлээд оройн хоолоо хийчихдэг, өвөө байрныхаа хөгшчүүлтэй шатар тоглоод гаднаас орж ирэхдээ чихэр олж ирээд намайгаа мялаачихдаг...
Бие биедээ урам өгч амьдрах сайхаан.
ӨВӨӨ ТЭНДЭЭС ХЭЛЭХ НЬ: Би өвөө дээрээ өссөн хүн. Миний аав оторт явж байгаад ээжтэй танилцаж хайр сэтгэлтэй болоод нэг гэрт орно гэж тохиролцчихоод гэр малаа авч ирэх замдаа осолдчихсон гэдэг. Ээж намайг төрүүлчихээд аавыг хүлээж байхад нутгийнх нь хүн ирж аавын сургийг дуулгасан гэсэн. Намайг бага байхад ээж өөр хүнтэй сууж, хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ өвөө намайг дэргэдээ үлдээсэн. Би сургуульд орж дөрөв дүгээр анги төгсөөд гэртээ очдог өвөл хот үзэхийн мөн болсон амьтан байлаа шүүдээ. Манайхаар тээврийн жолооч нар их ирдэг, өвөө ч байгаагаараа дайлж цайлдаг. Нэг удаа хот руу явж байна гээд Гэндэн гэдэг жолооч хүрээд ирлээ. Би ч ганц үстэй дээлээ аваад суудлынх нь араар ороод шигдчихсэн. Удалгүй Гэндэн ах гарч ирээд чиргүүл ачаагаа янзалж үзээд яваад байлаа. Би ч мэдэгдчих вий гээд амьсгаа дараад л хөдлөхгүй суугаад байлаа. Машин хөдөлж нэлээд явсны дараа хөл хөшөөд хамаг яс хөндүүрлэж эхэллээ. Тэвчээд суугаад л байлаа. Үүр цайхын алдад аргагүйн эрхэнд босоод хөдөлтөл надаас цочоод сандарч байгаа гэж жигтэйхэн. Эхлээд сүг сүнс гээд элдвийн хий юм бодож л дээ. Намайг гэж мэдчихээд “Одоо би чамайг яана. Өвөөд чинь юу гэж хэлнэ. Буцаад явах хэцүү, болих хэцүү” гээд л загнаж байна. Би ч чимээгүй суугаад л байлаа. Тэгж тэгж хотод орж ирээд өөр машинд суулгаж буцаахаар боллоо. Явсаар хотод тэдний эгч ганц бие авгайнд ирээд намайг үлдээчхээд яваад өгөв. Маргааш нь “За машин олчлоо. Гэртээ харих уу” гээд ирэхэд нь би ч “Үгүй” гээд гэдийчихлээ. “Энэ хүүхдийг яана” гэж л байна...
Долоо хоногийн дараа өвөө минь хотын гал командад ажилд орсон гэдэг. Тэр үеийн хотын хамгийн өндөр барилга болох Улсын Их Дэлгүүрийн дээвэр дээр гарч зогсоод л хотын эргэн тойрныг харж гал гарвал мэдэгддэг байж. Ер нь миний өвөөд хийж үзээгүй ажил ховор. Гал сөнөөгч, гал командад ахлагч, мөрдөн байцаагч, прокурор, тэгснээ нярав, нягтлан, боловсон хүчин за тэгээд бүр зөгийчин хүртэл. Хамгийн сүүлд төмөр замд ажиллаж байсан гээд л бод.
Би боддог юм. Хүн үхэхдээ юу үлдээж, юу авч явдаг болохоороо эд хөрөнгө мөнгө бас бусад хэрэгтэй хэрэггүй “юмхан”-ы төлөө хамаг амьдралаа үрнэ вэ? Мэдээж хувь хүний тав тухтай хангалуун хэрэгцээгээ хангах нь буруушаах асуудал биш. Харин үүгээр ханадаггүй хүмүүс олон бий. Хүн энэ хорвоод үр хүүхдээ үлдээнэ, уран бүтээлээ үлдээнэ, нэр алдраа үлдээнэ. Харин юу ч авч явж чадахгүй. Үр хүүхэд бол бидний үргэлжлэл. /дараагийн үе гэдэг энэ үеийн үргэлжлэл л байдаг/.
Алдсан бүхнээ тэдэндээ хэлж, над шиг битгий зовоосой, битгий алдаасай гэсэндээ л амьдралд зааж сургаж байдаг. Үүнийг мэддэггүй асан би өөрөө үртэй болж байж учрыг бүрэн ойлгосон билээ. Гэдсэнд байхад нь л миний хүүхэд өвөө шигээ өндөр хамартай, над шиг хацартай биш байгаасай, тэгээд том болоход нь би тийм сургуульд сургана, тэгнэ ингэнэ гээд л өөрийн эрхгүй бодчихсон алхаж байж билээ.
ӨВӨӨ БАС ХЭЛЭХ НЬ : Хотод орж ирээд 6 жилийн дараа эмээтэй чинь танилцсан. Тэгэхэд ув улаан хацартай, дуугүй, ичимхий, их гоё дуулдаг охин байж билээ.
Би гайхав: Тийм үү? /Нүдээ том болгоод /. Эмээ дуугүй бас ичимхий байсан гэнэ ээ?
Өвөө үргэлжлүүлэн: Бид хоёр олон хүүхэдтэй болж, хажуугаар нь ажил хийгээд, эд нартайгаа учраа олох гэж их л ядардаг байлаа. Тэр их ажил, уур цухал дунд хүн өөрчлөгдөх нь аргагүй. Дулмаа гээд нэг их аманцар хэрнээ сайхан сэтгэлтэй нэг найз минь байдаг. Тэр л эмээ бид хоёрыг чинь нийлүүлсэн дээ. Би эмээгээс чинь “Суух уу” гэсэн утгатай юм арай гэж асуугаадахтал дуугардаггүй. Дуугарахгүй болохоор нь татгалзаагүй юм чинь гээд аваад суучихсан. Тэр үед би хорин нэгтэй байсан гэдэг чинь, одоо далан дөрөвтэй, тавь гаран жил нэг тогооноос хооллож байна даа. Хагас зуун жил хамт байсан байна гэхэд нь өвөөгийн минь нүдэнд нулимс цийлэгнэж байсан сан…
Би бас боддог юм. “Өвөө эмээгийн цэцэрлэгт хүрээлэн гэж байгуулаад тэндээ эмээгийнхээ бичсэн шүлэг, өвөөгийнхөө хэлсэн үгийг бичсэн хөшөө босгох юм сан гэж. Судалж үзсэн боловч хүрээлэн байгуулж, хөшөө босгох байтугай хэдэн мод авч тарихад л дадлагын оюутан миний чадал хүчин мөхөстөж, түрийвч нимгэднэ.
Гэтэл нэгэн санаа оюунд харвав. Юу гэвэл, А.С.Пушкин нэгэнтээ ганц шүлгээрээ Александрын баганаас өндөр хөшөөг босгосон билээ л. Галуу дагаж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр Пушкиныг дуурайж байж онигоонд орохоос айвч, нэр алдрыг горилсондоо бус, өнгө мөнгөнд шунаж бус, энгийнээр, өвөөгийнхөө амьдралыг өөрийнхөө бодолтой хамтатган хүүрнэж байгаагаар халхавчлан үзэг сойж, үг холбон, цаас эрээлж суугаа минь энэ ээ.
Үгэн биш чулуун хөшөө босгоно доо гэх билэгтэй бодлыг тээвч, бушуухан шиг ямар ч атугай хөшөөтэй л болох гэж яарсныг ойлгоно биз ээ.
ӨВӨӨ ХҮҮРНЭХ НЬ: Миний охин сайн л ханьтай болох хэрэгтэй. Шилэн байшин, дарга сайд, үнэтэй машин хамаагүй. Гол нь сэтгэл нь л чухал. Заяаны хань зам дээр гэдэг юм. Ханьтай болох гэж одоо яарсны хэрэггүй. Юмаа хийгээд явж байхад өөрөө гараад л ирнэ. Сэтгэл нь л чухал шүү...
Тийм ээ би мэднэ. Бүр яс махандаа тултал мэднэ. Хорвоод нэг бүдрэхдээ хоёулаа болж бүдэрсэн эрийн тэнгэргүй юм уу, тэр эр нь тэнгэргүй байсан юм уу эцэггүй үр элгэндээ тэврээд үлдсэн бүсгүй заяатан билээ би. Амьдрах л гэж тэмүүлсэн “амь”-ийг тасалж, хэвлийд байхад нь “авахуулж” төвдөлгүй тээсээр арван сарыг гүйцээж төрүүлсэн, харангуут л хайр хүрдэг хачин хөөрхөн амьтан надад нэг бий. Жирэмсэн байхдаа эмээ өвөө дээрээ очиж чадаагүй би охиноо тэврээд очиход эмээ минь уулга алдаж, өвөө минь уйлж угтсан сан. Тэхэд арай л хөгширсөн харагдаж билээ.
Охиныг таван сартайд өвөө уушгиндаа гар утасны дайтай том хорт хавдартай нь
гэнэт оношлогдож, хоолойд юм тээглэж хэд хоног харанхуй амьдарсан. Шөнөжин нойргүй ханиалгадаг байсан нь үүнээс болдог байсан биз хичнээн их өвддөг байсан бол гэж бодохоор өрөвдөж, зүрх зүсэгдэн уйлж байсан билээ. Азаар хагалгаа нь амжилттай болж одоо эрүүл болсон. Гэхдээ тэр том хавдар шууд л зүгээр болчихдоггүй, химийн хүчтэй эмчилгээ хийж хорыг нь бүр мөсөн устгадаг учир эм тариагаар “бөмбөгдүүлж”, далан наймтай хүн энэ хүнд эмчилгээнд сульдаж, өвөөг асраад эмээ минь ч бас ядраад байгаа болохоор өнөөдөр очиж балга шөл, багахан угаалгаар тус өргөөд харьж ирсэн даруйдаа үгэн хөшөөгөө ийнхүү үзэглэн босголоо.
Өвдөж зовох
Өлсөх гомдох нь дэндсэн
Өөдгүй энэ орчлонд
Өдий удаан амьдарсанд нь талархаж
Өвгөдийгөөн би хайрладаг.
... гэж 2009 оны нэгэн бүрхэг саарал орой бичиж асан санагдана. Хэрвээ цэцэрлэгт хүрээлэн байгуулж жинхэнэ хөшөө барьж чадсан бол өвөө минь нээлтэн дээр нь очоод л, үг хэлээд л миний сэтгэлийг ойлгож, надад бага ч гэсэн баярлах л байсан байх. Гэвч надад зөвхөн үгэн хөшөө байсан. Амьдралын аар саар асуудлуудад толгойгоо мэдүүлж явсаар, үргэлж л намайг очихыг хүлээх юм шиг эндүүрсээр ингэж их яаран байж бичсэн юмаа ч уншуулж амжаагүй байхад нэг л өдрийн наран "өвөөгүй" жаргасан. Тэрнээс хойш өвөөтэй нар хэзээ ч дахиж мандаагүй...
Монгол Удам 2011 он
120 километр дугуйтай аялсан түүх
2012
оны 5 дугаар сарын 28. Цаг хугацааны хором мөч бүхэн, хорвоогийн эгэл
эс бүхэн өгүүлэх түүхтэй гэнэм. Дэлхийн түүхэнд энэ өдөр юу гэж
үлдсэнийг мэдэхгүй юм, ямартай ч Австри улсын Вена хотноо амьдран
суралцаж буй 17 оюутан залуугийн хувьд дугуйн спорттой салшгүй
холбогдсон өдөр байлаа.
Praterstern зогсоолын хажууханд биднийг цуглахад тэнгэр цэлмэж, нар мишэээсэн тунгалаг өглөө тохиов. Сүүхэлзсэн сайхан дугуйнууд түрээслээд сэвхийтэл яах ийхийн зуургүй Schwedenplatz орчихдог юм байна. Хотын дундуур сүлжилдэн давхиад л залуус маань эрч хүчээр дүүрэн байгааг харахад тун ч урамтай. Тэндээсээ Hütteldorf орж галт тэргээр Melk хүрэх ёстой төлөвлөгөө маань Zug-ний дугуйн багтаамж хэтэрсэн шалтгааны улмаас өөрчлөгдөж дараачийнхыг цаг гаран хүлээхээс өөр аргагүйд хүрсэнд, зохион байгуулагчдын ухаалаг шийдвэрийн дагуу эргээд Westbahnhof руу очоод хоосон галт тэргийг эхний буудал дээрээс нь “барьж”, багтаж чадсан нь нүдээ олсон алхам байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Зиа тэгээд замдаа гарлаа даа. Цаг гарангийн хугацаанд галт тэргэн дотор юу хийхэв, зарим нь унтлаа, зарим нь элгээ хөштөл инээлээ, зарим нь бүүр хажууд суугаа нөхрийнхөө “чихэн дээр цэцэг ургуулж” харагдсан. Харин аялалын маань жинхэнэ гарааны цэг болох Melk хот руу дөхөх тусам тэнгэр бараантан бараантсаар яг буух үед бороо шивэрч эхлэв ээ... Хаа холоос дугуй унах гэж, тэр тусмаа тодорхой зорилготой гарсан Монгол залуусыг юу саатуулаа аж, энгэр замаа хамхиж аваад л салхи бороог зүсэн аяллаа эхлүүлэв.
Бид ширүүн бороотой хэсгийг өнгөрсөн үү, эсвэл цаанаасаа зогссон уу ямар ч атугай эхний амралтын цэг дээр ирэхэд тэнгэр гийж эхэлсэн ба харамсалтай нь аялагчдын маань ихэнх нэвт норсон байлаа. Солих хувцастай бэлтгэлтэй гарсан хэд нь хувцсаа сольж аваад, солих хувцасгүй бэлтгэлгүйнүүд нь хэдэн зураг даруулж аваад л цааш жийцгээв.
... Шувуудын жиргээтэй цэлмэг тэнгэрийн доор цэцэгсийн үнэртэй анхилам тал хөндийгөөр, өндөр уулсын сүрийг бахдан, өргөн мөрний сайхныг биширч салхи хүнгэнүүлэн давхих шиг жаргал хаа байна? Нэг тийм... эрх чөлөөтэй, эрч хүчтэй мэдрэмж төрнө.
Зуун хувийн Bio хүчилтөрөгч ам хамрыг таатайяа сэнгэнүүлэх нь ч, зургаан араатай хурдан дугуй секундэд хоёр удаа жийлгэх нь ч, зуулттай уруулын завсраар амтагдах шорвог хөлсний шазуун амт ч, зур зурсхийн өнгөрөх зургийн мэт байгалийн үзэмж ч... хүн бас хааяа ингэж нүдтэй, амтай, хөлтэй, гартай, зүрхтэй, уушгитай гэдгээ мэдэрч байх хэрэгтэй юм байна гэж эрхгүй бодогдуулж байсныг нуух юун.
Янз бүрийн аялалын хувьд тохирсон хүнс гэдэг ерөөсөө хүч тэнхээний эх ундарга болж байдаг юм билээ. Гэхдээ их идэх бол дэмий. Яг дугуйн аялалд зориулагдсан “Оны шилдэг хүнс”-ээр тэгвэл “хуушуур”-ыг шалгаруулмаар надад санагдаж байгаа юм. Замын туршид хэн нэгний богцноос гэнэт гэнэт гарч ирж “барьц” алдуулж асан хуушуурууд бол манай аялалын “аврагчид” байсан гэх нь хайшаа юм, гэхдээ “амь тарианууд” гэчихвэл нэг их хилсдэхгүй ээ.
... Зиа ингээд бид ч жийгээд л, зам ч урамтай хорогдож 30 километр үлдээд байтал гэнэтхэн салхи ширүүсээд бороо дусалж байдал эвгүйтэж эхэллээ шүү. Зохион байгуулагчдын маань нэгний мэргэн санаачлагаар ойролцоо байсан нэг сүүдрэвчинд амжин орж айхтар ширүүн аадраас арай чүү хоргодоод хагас цаг хэртэй хүлээж аадрын үүл арай шингэрэхтэй зэрэг шиврэх бороог үл хайхран ширтэх замдаа дөрөө нийлэв. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор зорилгынхоо ихэнх хагасыг барчихсанаа мэдэнгүүт нүд хурцсаад, хөл чангараад ирэх юм билээ.
Linz орох сүүлийн 10 километрт цэцэг усалдаг данхны цоргон доор яваа юм шиг л тасралтгүй шавшуулсан ч амралтгүй явсаар хотынхоо хаяатай нийлсэн. Линцийн дундуур дуу аялан галигуулсаар төв вокзал дээр нь очиж энэ удаагийн хийморилог аялал өндөрлөсөн юм даа.
Нойтон хувцастай, олон цаг дугуй жийж аяншиж ядарсан ч зорилгоо биелүүлсэндээ золбоолог байсан аялагчид маань алжаалаа тайлахаар галт тэрэгний буудлын Mc Donald's ороход кассан дээр нь Монгол охидууд ажиллаж байж таарсан нь яагаад ч юм маш сайхан, өөриймсөг санагдаж байв.
Аливаа үйл ажиллагаанд зохион байгуулагчдын чадвар, туршлага шаардагдахын сацуу үнэлэгдэж чаддаг билээ. Үүний дагуу Австрийн Монгол Оюутны Холбооныхон уг аяллыг харьцангуй сайн зохион байгуулж чадсан гэж би хувийнхаа зүгээс дүгнээд талархал дэвшүүлж байгаа юм. Зарим нэг төлөвлөөгүй зүйлс гарч ирж, дарга маань ч "энэ жил их зүйлийг мэдлээ, дараагийн жил бүүр гоё болно оо" гэж байсан нь ямарваа юм "хийх тусам хөгждөг"-ийг сануулж, гольдрилоороо л дээш тэмүүлж явааг харуулж байлаа.
Praterstern зогсоолын хажууханд биднийг цуглахад тэнгэр цэлмэж, нар мишэээсэн тунгалаг өглөө тохиов. Сүүхэлзсэн сайхан дугуйнууд түрээслээд сэвхийтэл яах ийхийн зуургүй Schwedenplatz орчихдог юм байна. Хотын дундуур сүлжилдэн давхиад л залуус маань эрч хүчээр дүүрэн байгааг харахад тун ч урамтай. Тэндээсээ Hütteldorf орж галт тэргээр Melk хүрэх ёстой төлөвлөгөө маань Zug-ний дугуйн багтаамж хэтэрсэн шалтгааны улмаас өөрчлөгдөж дараачийнхыг цаг гаран хүлээхээс өөр аргагүйд хүрсэнд, зохион байгуулагчдын ухаалаг шийдвэрийн дагуу эргээд Westbahnhof руу очоод хоосон галт тэргийг эхний буудал дээрээс нь “барьж”, багтаж чадсан нь нүдээ олсон алхам байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Зиа тэгээд замдаа гарлаа даа. Цаг гарангийн хугацаанд галт тэргэн дотор юу хийхэв, зарим нь унтлаа, зарим нь элгээ хөштөл инээлээ, зарим нь бүүр хажууд суугаа нөхрийнхөө “чихэн дээр цэцэг ургуулж” харагдсан. Харин аялалын маань жинхэнэ гарааны цэг болох Melk хот руу дөхөх тусам тэнгэр бараантан бараантсаар яг буух үед бороо шивэрч эхлэв ээ... Хаа холоос дугуй унах гэж, тэр тусмаа тодорхой зорилготой гарсан Монгол залуусыг юу саатуулаа аж, энгэр замаа хамхиж аваад л салхи бороог зүсэн аяллаа эхлүүлэв.
Бид ширүүн бороотой хэсгийг өнгөрсөн үү, эсвэл цаанаасаа зогссон уу ямар ч атугай эхний амралтын цэг дээр ирэхэд тэнгэр гийж эхэлсэн ба харамсалтай нь аялагчдын маань ихэнх нэвт норсон байлаа. Солих хувцастай бэлтгэлтэй гарсан хэд нь хувцсаа сольж аваад, солих хувцасгүй бэлтгэлгүйнүүд нь хэдэн зураг даруулж аваад л цааш жийцгээв.
... Шувуудын жиргээтэй цэлмэг тэнгэрийн доор цэцэгсийн үнэртэй анхилам тал хөндийгөөр, өндөр уулсын сүрийг бахдан, өргөн мөрний сайхныг биширч салхи хүнгэнүүлэн давхих шиг жаргал хаа байна? Нэг тийм... эрх чөлөөтэй, эрч хүчтэй мэдрэмж төрнө.
Зуун хувийн Bio хүчилтөрөгч ам хамрыг таатайяа сэнгэнүүлэх нь ч, зургаан араатай хурдан дугуй секундэд хоёр удаа жийлгэх нь ч, зуулттай уруулын завсраар амтагдах шорвог хөлсний шазуун амт ч, зур зурсхийн өнгөрөх зургийн мэт байгалийн үзэмж ч... хүн бас хааяа ингэж нүдтэй, амтай, хөлтэй, гартай, зүрхтэй, уушгитай гэдгээ мэдэрч байх хэрэгтэй юм байна гэж эрхгүй бодогдуулж байсныг нуух юун.
Янз бүрийн аялалын хувьд тохирсон хүнс гэдэг ерөөсөө хүч тэнхээний эх ундарга болж байдаг юм билээ. Гэхдээ их идэх бол дэмий. Яг дугуйн аялалд зориулагдсан “Оны шилдэг хүнс”-ээр тэгвэл “хуушуур”-ыг шалгаруулмаар надад санагдаж байгаа юм. Замын туршид хэн нэгний богцноос гэнэт гэнэт гарч ирж “барьц” алдуулж асан хуушуурууд бол манай аялалын “аврагчид” байсан гэх нь хайшаа юм, гэхдээ “амь тарианууд” гэчихвэл нэг их хилсдэхгүй ээ.
... Зиа ингээд бид ч жийгээд л, зам ч урамтай хорогдож 30 километр үлдээд байтал гэнэтхэн салхи ширүүсээд бороо дусалж байдал эвгүйтэж эхэллээ шүү. Зохион байгуулагчдын маань нэгний мэргэн санаачлагаар ойролцоо байсан нэг сүүдрэвчинд амжин орж айхтар ширүүн аадраас арай чүү хоргодоод хагас цаг хэртэй хүлээж аадрын үүл арай шингэрэхтэй зэрэг шиврэх бороог үл хайхран ширтэх замдаа дөрөө нийлэв. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор зорилгынхоо ихэнх хагасыг барчихсанаа мэдэнгүүт нүд хурцсаад, хөл чангараад ирэх юм билээ.
Linz орох сүүлийн 10 километрт цэцэг усалдаг данхны цоргон доор яваа юм шиг л тасралтгүй шавшуулсан ч амралтгүй явсаар хотынхоо хаяатай нийлсэн. Линцийн дундуур дуу аялан галигуулсаар төв вокзал дээр нь очиж энэ удаагийн хийморилог аялал өндөрлөсөн юм даа.
Нойтон хувцастай, олон цаг дугуй жийж аяншиж ядарсан ч зорилгоо биелүүлсэндээ золбоолог байсан аялагчид маань алжаалаа тайлахаар галт тэрэгний буудлын Mc Donald's ороход кассан дээр нь Монгол охидууд ажиллаж байж таарсан нь яагаад ч юм маш сайхан, өөриймсөг санагдаж байв.
Аливаа үйл ажиллагаанд зохион байгуулагчдын чадвар, туршлага шаардагдахын сацуу үнэлэгдэж чаддаг билээ. Үүний дагуу Австрийн Монгол Оюутны Холбооныхон уг аяллыг харьцангуй сайн зохион байгуулж чадсан гэж би хувийнхаа зүгээс дүгнээд талархал дэвшүүлж байгаа юм. Зарим нэг төлөвлөөгүй зүйлс гарч ирж, дарга маань ч "энэ жил их зүйлийг мэдлээ, дараагийн жил бүүр гоё болно оо" гэж байсан нь ямарваа юм "хийх тусам хөгждөг"-ийг сануулж, гольдрилоороо л дээш тэмүүлж явааг харуулж байлаа.
... Би анх Австри улсад ирээд маш их гайхаж билээ. Учир нь Монголчууд энд их муу нэртэй, ажил хийвэл хамгийн мууг хийдэг, өөрсдөө "яадаг ч байсан Монголд очихгүй" гэсэн утгатай зүйлс их ярьдаг, заримдаа Монгол гэдгээ нуудаг... Нөгөө хаана ч явсан БИ МОНГОЛ гэж цээжээ дэлддэг байсан бардамнал минь нугараагүй боловч тодорхой хэмжээний шооконд орсон.
Яагаад бид ийм байдалд орох болов оо? гэж их бодсоны эцэст ганцхан хариулт олдсон нь "Бид хаана ч явсан нэгдэж чаддаггүй, хөнжилдөө хөлөө жийлцэж байдгаас болдог юм байна."
Харин сүүлийн үед хаа сайгүй Монголчууд нэгдэж, хамтдаа үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон нь хичнээн сайшаалтай.
БИД чинь нэг үзэл санаан дор нэгдэхийн цагтаа хүн төрөлхтөнийг амар амгалангаар хангаж эх дэлхийг амарлиулдаг ХӨХ ТОЛБОТ МОНГОЛ ҮРС шүү дээ!!!
Та бүхнийг Тэнгэр ивээх болтуухай.
Хүндэтгэсэн Монгол удам
2012
"Тоглоомын онол ба шашин"
2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн хичээлийн гурав дугаар байрны 303 тоот ангид шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат багшийн "Тоглоомын онол ба шашин" сэдэвт өөрийнх нь чөлөөт ярилцлага хэмээн нэрийдсэн гайхамшигтай лекцийг сонсох завшаан тохиосон юм.
Лекцийн дараа тэрхүү ангиас инээмсэглэн гарах оюутан бүрийн нүдэнд баясал, ухаарал, басхүү гүн бясалгал тодорч байсан агаад жинхэнэ математикч, мэргэжлийн багшаар тогтохгүй чадварлаг уран илтгэгч гэдгээ бүрэн баталсан Энхбат багшийн ярианаас хөлсөө гоожуулж, нулимсаа гартал инээсэн би гэртээ харих замын туршид ганцаараа инээмсэглэн алхсан юм даа. Үнэхээр тэрхүү чөлөөт ярилцлагын хугацаанд минут тутамд дор хаяж зуун залуу оюутны инээх дуун сургуулиар нэг цуурайтаж байсан билээ. Харингуутаа энэ тэмдэглэлийг хөтөлж уг лекцийг санаачлан зохион байгуулсан тухайн үеийн сургалтын албаны дарга Итгэл багшид өгөх гэж байсан боловч диплом миплом гээд үнэндээ цаг гарахгүй байсаар хуучирчихсан юм. Харин сая санамсаргүй нээж үзэнгүүт энэ лекцийн тэмдэглэлийг засан бичиж хүмүүст хүргэе гэж бодлоо.
Лекцийнхээ эхэнд багш цаашид хэрэг болох тоглоомын онолын (Game Theory) талаар хэд хэдэн тодорхойлолт үндсэн санааг өгсөн ба уг нь тэдгээрийг энд хамтад нь оруулсан бол математик судалдаг оюутнууöын хувьд илүү "амттай" байх сан боловч томъёо шивэх ажлаас жоохон залхуурч байгаагаа үнэнээр нь өчьеэ.
... Багш өөрөөсөө асуусан байгаа юм. Ер нь яах гэж Бурхан шүтдэг юм бэ? Шүтэхгүй бол юу алдах юм? Шүтлээ гээд юу хожих юм? гэж. Тэгээд шинжлэх ухаанч хүний ёсоор энэ асуултуудад тоглоомын онолын дагуу математик загвар зохиогоод тооцож үзэхэд хариу нь "Бурхан байхгүй" гэж байж тамд унаснаас байгаа гэж итгэсэн нь онодоггүй юм гэхэд алдахгүй эрсдэл багатай сонголт болохыг харуулсан байна. Тэгтэл дараа нь багшид дахиад асуулт тулгарав. Дэлхий дээр олон шашин бий, алиныг нь сонгох вэ? Будда ч юм уу Аллах тэнгэрийг насаараа шүтэж шүтэж очсон чинь жинхэнэ Бурхан нь Есүс байж таараад буруу номтон гээд нөгөөх халуун тамд хийчихвэл гүэ мөн баларсан юм болноо доо. Багш ч гэсэн тэгж "шатах"-ыг хүссэнгүй, сурснаараа математикдаа найдаж дээрх 3 голлох шашны алийг шүтэх ёстойг үзүүлэх бас нэгэн бодлого байгуулаад шийдийг нь хартал "Бүгдийг нь" гэж гарчээ. Нээрээ ч "Бурхан гэдэг бол бидний эргэн тойронд орших энергийн их урсгал бөгөөд бид энергийн хуулинд захирагдаж амьдардаг. Бурхан гэдэгт огт итгэхгүй байснаас итгэсэн нь дээр юм. Ямартаа ч энэ нь алдагдалгүй. Үнэхээр Бурхан гэж байгаад мань мэт нь нүд анихдаа өнгөрүүлсэн амьдралынхаа хором мөч бүрийг шүүлгэдэг бол шүтээгүй гэж шилээ маажиснаас "Шүтсээн, шүтэхдээ бүгдий нь холиод шүтчихсэн" гэсэн нь дээр л дээ. Залгуулаад багш өөрийнхөө амьдралаас өгүүлэв. Монголд анх Христийн сүмүүд үйл ажиллагаагаа эхлүүлж байхад англи хэл сурах зорилгоор нэг америк номлогчтой танилцаж нөгөөдөх нь хэлний хувьд үнэхээр тус болж чадсан ч эх орон луугаа багшийг санваартан болгохоор авч явахыг шахсан тухай элэг хөшөөм яриад, Бурхан Буддын сургаалын Энэрэхүй болон Коран сударт дурдагдсан гайхамшгуудын нууцыг одоо л эрдэмтэд нээж эхэлж байгаа талаар сонирхол татам өгүүлж билээ. Тэр ч байтугай Шри Шри Рави Шанкар, Их бясалгагч Чин Хай, Шри Чинмой нарын бясалгалыг туршиж амьдралын мөн чанарын төлөөх эрлээ үргэлжлүүлсээр байжээ.
Хүн болгонд л энэ лекц гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн боловч үзүүлэх хариу үйлдлүүд, өөртөө хэр тусгаж авах нь олон янз. Болдогсон бол хүн хүний толгойгоор нэг нэг ороод гарахсан. Тэгвэл бас их л юм мэдэж авах байх даа. Нэгэнт тэгж чадахгүйгээс хойш өөрийнхөө л хариу үйлдлийг сайн байлгах хэрэгтэй. Юу гэхээр өөдрөг үзэлтэй байж, бусдад тусалж, уур бухимдал, атаа жөтөө, хорсол гомдол бүхнээ цээжнийхээ мухарт нууж, өөрийгөө хүрээлэх ертөнцөд чин сэтгэлээсээ баяр талархалтай хандахыг багш номлоод авна лээ. Сонсох дуу, унших шүлэг, сонирхох мэдээнээс эхлээд өөрийнхөө орчинг анхааралтай бүрдүүлж үргэлж сайн сайханд үнэт цагаа зарцуулж байгаарай, бас "Математикаа сайн хийж, Махаа бага идээрэй" гэсэн шүү.
О. Дашбалбар агсны "Эх орон" хэмээх шүлгийг тэнгэрлиг шүлэг хэмээгээд Монгол хүн болгон заавал унших хэрэгтэй гэж захисан.
Уучил, уучил, уучил гэж чин сэтгэлээсээ хэлж байсан нь одоо хүртэл санаанаас гарахгүй л байна. "Хүн болгонд гомдож, өс санаж, тэрнийг тэгж хашраана, тэр намайг тэгсэн гээд л жагсаалт хийгээд байх юм бол би хэдий завандаа теоремоо батлах юм бэ? Тийм болохоор бүгдийг уучилж тархиа чөлөөлөөд, үлдсэн хэсгээр нь математикаа сур, бизнесээ хий. Уучилцгаа" гэж сургасан нь гайхамшигтай бас үнэн байсан.
Шинжлэх ухааны тэр том зүтгэлтэн хүн Бурхан буйг хэлж, болж өнгөрсөн төсөөлшгүй, үлгэрийн гэмээр бүгдэд итгэж байна гэдэг намайг багагүй гайхуулсан бөгөөд үүнтэй хамт тодорхой хэмжээний амжилтад хүрснийхээ дараа энэ хүн шиг ингээд олон оюутнуудтай амьдрал, шинжлэх ухаан, орших, үл оршихын талаар ярилцаж, тэднийгээ сургаж явах юм сан гэсэн хүслийг ч бас төрүүлж чадсан.
Анх удаа л сургуулиараа ингэтэл их бахархаж байна. Математик сурна гэж төлөвлөж байгаагүй болохоор бага зэрэг сэтгэл дундуур явдаг байсан, харин одоо МКС-даа дөрвөн жил сурсандаа баярлаж "ямар сайхан хамт олны дунд би хүн болж төлөвшөө вэ" гэж бахдаж сууна. Нээрээ би эндээс л амьдралынхаа чигийг олж, үзэл баримтлалаа бататгаж чадсан болохоор би энд л "хүн" болсон юм. Энэ хүмүүсийнхээ итгэлийг алдалгүй хаана ч явсан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явах болноо.
гэж бичсэн байх юм аа.
Үнэнийг хэлэхэд би ч сайн оюутан байгаагүй л дээ. Хүн ер нь өөрт байгаа юмаа зохих ёсоор үнэлээгүйгээс болж их зүйлийг алддаг юм байна. Жишээ нь би МКС-иа доогуур үнэлэснээс болоод олигтой сурч чадаагүй. Эрдэмтэн багш нарынхаа хэлсэн үг бүрийг цаг тухайд нь алдалгүй сонсч, хэрэгжүүлж, онц сурч чадсан бол сайхан сан.. гэж харамсдаг болохоороо доод курсын дүү нар надаас сургамж аваасай, хичнээн сайн багш нартай, хичнээн сайн сургуульд сурдгаа мэдээсэй гэсэндээ үүнийг бичиж байна. Одоо харин би ойлгосон, дахиж сурахдаа сурсан шиг сурч, МУИС-ийнхаа нэрийг олонд сайнаар таниулахыг хичээх болно.
Цаг хугацаа дахин ирдэггүйгээрээ өршөөлгүй боловч, хэзээд боломж байж л байдаг амьдрал юутай баян!
Хүндэтгэсэн Монгол Удам
2011 он, 8 дугаар сар
Мэдрэмжийн тухай дахь хэдэн модернист үг
Рене Декарт “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” гэжээ. (Барууны
филосифи сэтгэлгээний суурь)
Тэгвэл “Би сэтгэдэг төдийгүй мэдэрдэг болохоороо оршдог” гэж
цэвэр Монгол ухаанаас гарсан пост-постмодернист хандлага хариулж байна.
Монголчууд модерн сэтгэж, модерн бүтээж, модерн амьдрах цаг
ирээ юу?
Материаллаг хэрэгцээний “моодорхог” дэвшилтийн тухай энд ярих
гэсэнгүй.
Байсан, байдаг, байгаа юмыг урьд нь харж байгаагүй ӨӨР маягаар
харж, өөртөө дахин нээгээд, тухайн үзэгдлийг мөн чанарыг шинжлэх замаар жинхэнэ ҮНЭНийг олдог болцгооё, хэн
нэгний хэлснийг шууд хүлээж авахаасаа өмнө, харагдаж байгаа хэлбэрээс нь
илүүтэйгээр үр дагавар, нууцлаг ач холбогдлыг нь таниж урьдчилан бэлтгэдэг
болъё гэсэн санаа. Ер нь модерн гэдгийг хүмүүс юу гэж ойлгодог юм бол? Би хувьдаа нэлэнхүй утгаараа ерөөсөө л "өөр" гэсэн үг юм байна гэж ухах.
Сэтгэлгээ, мэдрэмжээ хөгжүүлнэ гэж бусдын хийснийг дуурайж
хөгөө чирж явахаар өөрсөддөө найдаж, өөрсдөө сэтгэдэг болцгооё.
Өнөөдөр жорлонд авч
орсон сонин дээрээс уншсанаа маргааш нь бусдад чухал царайлан ярихыг
“жорлонгийн сонин сэтгэлгээ” гэвэл таарна.
Дөрөвдөгч засаглал гэх сүржин нэрний цаана “тархи
угаалга”-ын машины хүчирхэг сэнс эргэлдсээр удаж байна. Захиалгаар бичдэг,
хэвлэдэг, үнэн мэдээллийг дардаг, хаадаг, хуурамч сенсааци дэгдээдэг, хүмүүсийн
анхаарлыг буруу зүгт чиглүүлдэг. Энэ олон кино, сериал “одко” нарын скандал... эд нар чинь
бүх хүмүүсийг ав адилхан сэтгэдэг
болгох гэсэн сэтгэл мэдрэлийн “саван вок”-ууд шүү дээ. Дэлхий тэр чигтээ л ийм
байна. Барууныхан бол аль хэдийн адилшаад эхэлчихсэн. Энийгээ Глобалчлал гээд
их гоё нэрлэчихнэ. Тэр нь үнэн хэрэгтээ
иддэг, хэрэглэдэг, өмсдөгөө ижилсүүлэхээс цааш нөлөөгүй. За нэмье гэвэл уншдаг үздэг ший,
сонсдог хөгжим, найгадаг бүжгээр шувтарна.
Аа гэтэл зарим нь бүүр “хүйсийн глобалчлал”
хийгээд талийж өгсөн. Санаа зовмоор нь, байгаалиасаа эр, эм гэж хоёр л төрлийн хүйс байдаг болохоор
эрэгтэй нь эмэгтэйжээд, эмэгтэй нь эрэгтэйжээд жонхуурсан юм болж байна гэж.
Тэгээд энийгээ "зарим хүмүүс төрөлхийн ийм сэрэл мэдрэмжтэй төрдөг" гэж
өмгөөлсөөр, хүйсээ солигчдын тоо жилээс жилд хаа сайгүй өссөөр л.
Үүнийг мэдрэмж гэхгүй ээ. Барууныхан бүгдийг махан биетэйгээ
холбож, махан биеэрээ л мэдэрдэг зүйлсээ мэдрэмж гэж ойлгодгийн нэг гай энэ.
Ингэж мэдрэлийнхээ
системийн үйл ажиллагааг хүртэл глобалчилж байхаар, хүнлэг ёсны үүднээсээ бол
амьжиргааны түвшнийг тивээс хамаарахгүй болгон тэнцвэржүүлж, сайхан амьдрах
арга, боломж, чадварыг л дэлхийчилмээр сэн. Өөрөөр хэлбэл, Японд төрсөн хүүхэд
эцэг эх, улсынхаа халамжинд бөмбөрч өсдөг бол, Афганд Монгол Хазара жаалын амь
ганц тахианы үнэд ч үл хүрэх ийм ГАЖ тогтолцоог халах нь хүн төрөлхтний зорилго
баймаар.
Гэвч ийм олон сая хүний хувьд утга учиртай, тэдний амьдралыг
өөрчилж чадахаар асуудал хэд хэдэн эрхэмсэг ноёдын “халдашгүй дархан”
данснуудтай нь ямар нэгэн байдлаар хутгалдаж таарах тул тэгсгээд янз янзын
жүжиг дэглэгдээд мартагнуулна. Ард түмний анхаарлыг үүнээс хавьгүй илүүгээр
татах өнгө будаг тохирсон нэвтрүүлэг, кино, дүрс бичлэг, элдэв шуугиан тэдэнд
хангалттай олон бий.
Дэлхийн агаар, ус, хөрсний бохирдлын дийлэнх хэсэг нь зөвхөн
үйлдвэрлэл хөгжсөн орнуудын өндөр хэрэглээ, үүнээс шууд үүсэх асар их хог хаягдлаас
бүрддэгийг харуулсан Австрийн Байгаль Орчны газрын судалгааны тайлан миний гар
дээр байна.
Гэтэл эдгээр үйлдвэрийн болон химийн хорт хаягдлаас үүдэлтэй
уур амьсгалын дулаарал, цөлжилт, огцом хүйтрэлт, озоны цооролт, экологийн
сүйрэл гэх мэт байгалийн гамшгуудын уршиг хэний буруу вэ гэдгийг огтхон ч ялгалгүйгээр
хүн бүрт адил үйлчлээд байдаг???
Энэ бүхнийг уншаад танд ямар мэдрэмж төрж байна? Хэн нэгэн
дотроос чинь “энэ шударга биш байна” гээд орилоод байна уу? Яааааг наадах чинь
өнөөх ориг мэдрэмж шүү дээ.
Мэдрэмж бол ходоодны чимээ, хонгорын чинь үнсэлт, өвдөлт,
тансаглалын аль нь ч биш.
Мэдрэмж бол нутгийнхаа барааг хараад урсгах нулимс, нуган үр
нь наадамд зодоглоход нууж дэврэх эцгийн бардамнал, ижийн мутар магнайд хүрэхэд
ивээж төөнөх амар амгалан, эх орны чинь
хэвлийг хайр гамгүй ухахад эр зоригийг чинь хурцлах өр зүрхний чинь дуудлага.
Мэдрэмж бол ухаанаа уралдуулж хөлсөө шавхсан бүтээл тань
хүнийг баярлуулж нэрийг тань өргөхийн бахархал, өрөөлийг гомдоож зовлонд
учруулсан үедээ өөртөө харамсаж санаа алдуулдаг гэмшил, чин сэтгэлээ зориулсан
хайртынхаа гарыг атгаад чимээгүй нүд рүү нь ширтэхэд цээжинд амтагдах жаргал...
Хүндэтгэсэн Монгол Удам
2012 оны 3 дугаар сарын нэгэн шөнө
Өвгөд минь ...
Нэгэн удаа хэл зохиолын багш маань Ренчин гуайн
“Нууцыг задруулсан захиа” зохиолыг уран сайхнаар уншиж өгөхөд анги дотор ниссэн
ялаанд дургүйцмээр нам гүм байсан сан.
... Хар Манжийнхан Өвөр, Халх Монголыг эрхэндээ оруулаад үлдсэн
хэсэг болох зоригт Ойрадууд руу уулгалан довтлох цөвүүн цаг дор Өөлд баатар
Шуну, “Хэлэх үг элчийн аманд бий” хэмээх эцгийнхээ сургаалийг үл итгэж,
байлдааны чухал төлөвлөгөөгөө бичгээр илгээсэнд, элчийг илрүүлж бичгийг уншсан манжийн
захирагч сөрөг арга хэмжээг өрсөн авч дагалдагч ардууд, цэргүүд болон гэр
бүлийнхнийг нь бүгдийг барьж хориод, ганцхан болзлын доор голомт залгах Шунуг
амьд үлдээн явуулна гэсэн нь, эцэг баатар, эх хатан, энхрий хоёр охин
дүүгийнхээ толгойг өөрийн гараар цавчина гэсэн харгис тулгалт байлаа. Эцэг, эхийнхээ
өр зүсэм гуйлтын доор Шуну ялыг гүйцэлдүүлэн манжийн бүслэлтээс гараад өшөөгөө
авна гэж тангаргалдаг.
Бидний түүх үнэндээ зүрх зүсч, амьсгал боогдуулсан
эмгэнэлт явдлуудаар дүүрэн. Эрэлхэг баатар Ойрад ахан дүүсийг маань дагаар оруулах нэрийн доор
толгой дараалан хядсан Манж, Хятад цэргүүдийн хүнсний хангалтанд Халх
Монголчуудын халуун хошуут малыг татвар болгон татаж, ахынх нь гараар дүүгийнх
нь хоолойг багалзуурдаж байсан тухай уншаад гол харлаж Манж Хятадын хорт
бодлогыг жигшин зэвүүцэхийн дээдээр зэвүүцэж байж билээ. Галдан Бошигт, Чингүнжав,
Амарсанаа нараас эхлээд Монголоо гэсэн ноёд, баатрууд, эгэл түмний амьдрал, тэмцэл үхлийн тухай уншихад бүлх
залгисан мэт горойж, бүлтийсэн нүднээс минь нулимс бөмбөрдөг, одоо ч гэсэн.
Өвөг дээдэс Монголынхоо төлөө тэмцэхдээ амиа үл
хайрлажээ...
Зүрхий нь сугалан тамлаж
Зоосоор биеийг нь түлэхэд ч
Нойтон хомхой шоронд
Нойр хоолгүй тарчлаахад ч
Нүдэн дээр нь инээгээд
Нүгэлт хорыг амсуулахад ч
Голт зүрхнээс хайртай
Гэр бүлийнхнийг нь хядахад ч...
ХААН Монголын үр удамд
Харлахын тавилан бий ч
ХАС их орчлонгийн
Хатуу хуулин дор
Хамаг бүгдийг засаглах
ХӨХ Тэнгэрийн зарлигтайг
Харж чадсандаа тэд
Халуун амиа өргөхдөө,
Харамсаа нь үгүй
Хараагаа дальдруулаагүй
Хатан зоригоо мохоогоогүй
Хойчоо хамгаалан хойш ухраагүй.
Аман зохиолоор түүхээ тархинд нь урлаад
Амьдралд нь олсон мэдсэнээ амьдаар нь үлдээгээд
Хос алаг нүдээрээ нэг ч удаа үзээгүй
Хоёр мянгаад оны хөвгүүд охид бидэнд
Хожмын нэгэн өдөр төр улсаа мандуулах
Хосгүй их найдварыг өртөөлүүлэн хүргүүлээд
“Үндэс минь тасраагүй цагт, нанхиад чи сонс
Үр минь Монголоор овоглож байгаа цагт, манж чи сонс
Тал нутгийг түйвээх чадал чинь нэгэн цагт дутнаа
Тансаг сайхныг минь булаах тэнхээ чинь бас барагднаа
Чөтгөрийн их шунал чинь өөрийгөө хөнөөхийн цагт
Чөмөгтөө тулсан дарлал дундаас миний хүүхдүүд
өндийнөө
Нутагт минь тээн аваачих бузар бүхнийг чинь устгаад
Нуга бут болгондоо жаргалыг тарих болно
Налгар тэр амар амгалангаар дэлхий дутах цагт
Нармай Монголыг ахин байгуулж ертөнцийг засаглана
тэд”
Хэмээж нэгэнтээ сануулахдаа эцсийн амьсгалаа
цуглуулж
Хан Тэнгэрийн уудамд харцаа нэгэнтээ бэлчээгээд
Санаагаа шулуутгаж, найдвараа бадраагаад
Салж одсон байх даа, өвгөд минь, дээдсүүд минь.
... Бидний амьдрал үнэндээ тэдний зүтгэлээр, тэдний амиар босгогдсон юм. Эрхэм хүндтэй ийм л үүрэг, энэ үеийн бидэнд тохиожээ, ЗАЛУУС АА.
Хүндэтгэсэн,
2012 он
Дэлхий юун дээр тогтдог вэ?
Нэг удаа Монгол хэл, уран зохиолын багш
маань биднээс хувь хүний шинж чанарыг тодорхойлох асуулга авч билээ. Багш
асуугаад бид дор бүрнээ хариултуудаа бичээд байсан хэрэг. Асуултууд
хөвөрсөөр...
- Хайрлаж хүндэлдэг хүмүүсээ бичнэ үү?
Би: Өөртөө болон ойр дотныхондоо хайртай.
Ингэж бичсэнээсээ болоод ангийнхандаа шоолуулж, А.П.Чеховын бил үү "Дугтуйтай хүн"
болохоо шахаад нэг юм мултарсан сан. Яагаад гэвэл бусад хүүхдүүд аав, ээж, анд
найзууд, ах дүү хамаатан гэх мэтийг бичээд өөрсдийгөө орхисон байсан.
Тийм ээ, тэгвэл би өөртөө бас хайртай.
Тухайн үедээ хөөрхий минь эрүүл хоол хэрэглэдэг, эрдэм номдоо хичээдгээ л бодож
тэгж өөртөө итгэлтэй бичиж байсан хэрэг.
Гэтэл би сая бодлоо. Би ер нь яагаад
өөртөө хайртай байдаг юм бэ гэж? Яагаад хүмүүс өөрсөддөө аль л аятай тухтай,
сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлсийг сонгож, яагаад бид зөв шийдвэр гаргахыг
чухалчилдаг вэ? Яагаад бид бусдаар хайрлуулахыг хүсч, тэдний дэмжлэгт талархдаг
вэ? Яагаад өвчин тусахдаа үхэлтэй үзэж таран тэмцэлддэг вэ? Яагаад абортын үед нэг сартай бяцхан хүүхэд
соруулах аппаратнаас эхийнхээ савны ханыг даган хэр чадлаараа зугтдаг вэ?
Яагаад амьтад аюулаас айж зугтдаг вэ? Шаварт зоогдсон шар яагаад тэнхээ мэдэн чадлаа барагдтал намаг дунд тэлчилдэг вэ?
Яагаад амьтад
амьдралын төлөө тэмцдэг вэ?
Яагаад цэцэгс хадан дээр биш, хөрсөнд,
уулын сүүдэрт биш энгэрт ургадаг юм бэ?
Эцэст нь яагаад амьдрал зөвхөн энэ гариг
дээр үүсэв?
Тийм ээ байгалийн ХУУЛЬ гэж хүмүүс
хариулах байх. Дээр дурьдсан адил шинж чанар бүхий амьтдын энэ үйлдлүүд бүгд байгалийн
хууль юм бол тэмцэл дунд өнгөрдөг хүний амьдрал ч гэсэн байгалийн үзэгдэл ба хүний үүсгэсэн нийгмийн
асуудлууд ч мөн бас нэгэн байгалийн үзэгдэл байх нь. Үнэндээ шоргоолжны нийгэм,
зөгийний нийгэм гэх мэт хамаагүй илүү энгийн, гайхамшигтай нийгмүүд зөндөө л байдаг.Бүгд л нэг дэлхий дээр оршин байх учраас бүгд л дэлхийн буюу байгалийн үзэгдэл.
Ийм учраас бүгд хоорондоо харилцаа
хамааралтай. Тиймээс дэлхий дээр хүнээс өөр бүх амьтан байгалийн хуульд
захирагдаж, өөрсдийнхөө эрх ашгаас илүү дэлхийн эрх ашгийг илүүд тавьж
буруудахдаа тулвал өөрсдөө зүйл дууссаар ирсэн. Жишээ нь: Үлэг гүрвэл, арслан
заан гэх мэт эртний амьтад.
Тэгвэл байгалийн хууль гэж юу вэ?
Асуултанд хариулахын тулд энэ дэлхий
дээр байгаа бүх л зүйлс өөрсөддөө олдсон амьдралаа хайрлаж байна гэдэг зарчмыг
харъя. Хүн, амьтан, ургамал бүгд. Тэгвэл дэлхий бас өөрийнхөө амьдралыг
хайрладаг байх ёстой биз? Үнэндээ хөөрхий үлэг гүрвэлүүд буруу хэрэг хийсэндээ гэмшээд
амиа хорлоцгоосон биш, дэлхий ээж өөр олон амьтан, ургамал болон өөрийнхөө
амийг хамгаалахын тулд тэднийг генийн түвшинд нь устгасан байх л даа.
Тэгвэл байгалийн хууль гэдэг чинь
амьдралаа хайрлах ХАЙР биш үү? Тодруулбал ОРШИХУЙГАА ХАЙРЛАХ ХАЙР.
Өөрөө бусдаас хамаарч байгаа учраас
бусдыгаа бас хайрлах хэрэгтэй. Иймээс байгалийн бүх зүйлс энэ ХАЙРаараа уялдаж,
төгс зохирлыг олсон байдаг. Гэрээ хэлэлцээр байгуулдагтай адилхан гэвэл илүү
ойлгомжтой байх юм болов уу. Гэхдээ үр дүн нь төгс, аль алиныхаа оршин
тогтнолыг хүндэтгэсэн гэрээ. Чоно хамгийн тэнхээ муутай, өвчний үүр болсон
амьтныг барьж идсэнээрээ тухайн сүрэгт тус болдог гэх мэт энгийн жишээ захаас аваад олдоно.
Гэтэл хүн төрөлхтөн өнөөдөр юу хийцгээж
байна вэ? Өөрсдийнхөө эрх ашгийг л хамгаас өндөрт тавьж, бусад амьтан байна уу,
ургамал байна уу, хүн байна уу хамаагүй устгаж, эд хөрөнгө гэх өөрсдийнхөө
үүсгэсэн хийсвэр зүйлийн төлөө Хайрлах сэтгэлээ уландаа гишгэж, байгалийн
хуулийг зөрчиж байна бус уу?
Миний айдас юу гэхээр хүн гэх бие бага ч
бэлчээр том амьтад, үлэг гүрвэл агаа нарынхаа цэвэрлэгдсэн түүхийг давтах вий
дээ гэж.
Хүмүүс хүний нийгэмдээ гэмт хэрэгтэн,
болох бүтэхгүй нөхдүүдийг аваачаад шорон гянданд хийгээд, болохгүй бол цаазаар
авчихаж байгаа юм. Яг үүнтэй адил шүү дээ.
Дэлхийн хүн амын тоо 7 тэрбум, нэгхэн
өдрийн дотор хүмүүсийн хүнсний хэрэглээнд зориулж алтан амиа өргөдөг загасны
түрсний тооны хаана ч хүрэхгүй. Цагаа тулвал байгаль ээжийн хувьд хүн, түрс
хоёрын ялгаа огтхон ч байхгүй. Хүмүүс болохгүй байвал хүмүүсийг цөөлнө,
түрснүүд давраад байвал түрснүүдийг нэг тийш болгоно.
Ингээд хэлэхээр хүмүүс "За арай
үгүй байлгүй дээ" гээд үл итгэдэг. Тэгвэл өнөөдөр ижил сүрэгтэйгээ, далайн бүлээхэн
усанд сэлж яваа сардин загасыг маргааш үд дундын 12 цагт консерв болно гэж хэн
мэдэх юм бэ? Сардин өөрөө бол бүүр юу ч мэдэхгүй.
Азаар нэг магадлал багатай ч хонгилын
үзүүрт асан буй хөх гэрэл хүн төрөлхтөнд байна аа.
Тэр нь юу гэхээр хүн, сардин хоёрын
амьдралынхаа төлөө тэмцэх чадамж л юм. Хүмүүс алдаагаа засах хавьгүй өндөр
чадамжийг эзэмшиж чадсанд л өнөөдөр дэлхийн бүх байгаль хамгаалагчид найдвар
тавьж, хүмүүсийг ухааруулахын тулд хоолойгоо сөөтөл хашгирч тэмцээд байгаа юм.
Улстөрчид өөдөөс нь санаандаа орсон эдийн засгийн "нийтэд тулгамдсан"
асуудлыг сөргүүлэн тавих ба заримдаа нэгнийгээ маш их хэмжээний авилга авсан
гэж сонин хэвлэлээр дүүрэн шуугиулж "хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь хандуулж"
байдаг.
Аргаа барвал НАСАгаас хэвлэж өгсөн нарнаас 500 гэрлийн жилийн зайд
орших нэг ногоондуу гаригийн зургийг мэдээллийн хэрэгслээр "Дэлхийн ихрийг
бараг олчихлоо" нэрийн доор сурталчлаад хэд хоногийн амьсгаа авдаг.
Үнэн хэрэг дээрээ НАСА нь тэр гаригийг аль 5 жилийн өмнө олчихсон л байдаг
байхгүй юу.
Хүмүүс бидний гол
найдвар НАСАгийн зураг биш, бидний зүрх болгонд орших хайр юм. Өөрийгөө,
нийгмээ, хүрээлэн буй орчноо, эх дэлхийгээ зохих ёсоор хайрласнаар бид энэ
дэлхий дээр удаанаас удаан амьдарч чадна.
Яагаад гэвэл дэлхийн мөн чанар нь ХАЙР юм.
Блог нээх үг
Алтай, Говь, Хөвсгөл, Хангайгаар нутаглаж асан эрх чөлөөт, эрэлхэг Нүүдэлчдийн цусны урсгал болсон Монгол удам би ийнхүү өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө ертөнцөөс тасдан та бүхэндээ дэлгэн хуваалцаж буй.
Би ямар ерөнхийлөгч биш ганц блог нээхийн төдийд мянга түмэн үг бичин улаан тууз энэ тэр хайчилж эрхмийг уйдаахын хэрэг юун. Гагцхүү танихгүй хүн мэдэхгүй айлдаа орсон ч аягатай цай, айраг цэгээ, ааруул ээзгий юу байгаагаараа дайлан хүндэлдэг Монгол заншлаар амар мэндийг тань эрэн мэндчилж, алсын ирээдүйд тань ерөөл юуг өргөн барихыг хүссэн билээ.
Сонор тань соргог, мэлмий тань мэргэн байх болтуухай.
Хүндэтгэсэн,
Би ямар ерөнхийлөгч биш ганц блог нээхийн төдийд мянга түмэн үг бичин улаан тууз энэ тэр хайчилж эрхмийг уйдаахын хэрэг юун. Гагцхүү танихгүй хүн мэдэхгүй айлдаа орсон ч аягатай цай, айраг цэгээ, ааруул ээзгий юу байгаагаараа дайлан хүндэлдэг Монгол заншлаар амар мэндийг тань эрэн мэндчилж, алсын ирээдүйд тань ерөөл юуг өргөн барихыг хүссэн билээ.
Сонор тань соргог, мэлмий тань мэргэн байх болтуухай.
Хүндэтгэсэн,
Abonnieren
Posts (Atom)