Posts mit dem Label Урлаг werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Урлаг werden angezeigt. Alle Posts anzeigen

Mittwoch, 22. August 2012

Нэгэн хайрын түүх \шидэт өгүүллэг\


Охин гогод мангир түүхээр жил гарангийн өмнө гэрээсээ гарчээ. 
Амазоны хатан хаант улсын бүх эмэгтэйчүүд насанд хүрэх үедээ өсч хүмүүжсэн гэрээ орхиж амьдралынхаа замыг хайн олохоор адал явдалт ертөнцөд айж бэргэлгүй зориглон ордог аж. Гэхдээ энэ замаа хэр холоос эрэх нь өдөр шөнө шиг ялгаатай. Зарим нь хажуугийн тосгоноосоо будаа тарих шинэ арга сурснаар аялалаа өндөрлөх бол зарим нь юунд ч үл сэтгэл татагдан зогсолтгүй бэдэрсээр ертөнцийн хязгаарт уусан шингэх бүлгээ.  Харин энэ охин юм бүгдийг оролдож үзэх гэсэн сонин зантай хүүхэд байв. Тиймээс талх барих, хувцас нэхэх гэх мэт олон зүйлийг чин сэтгэлээсээ сонирхон сурсан боловч өөр газар хүмүүс яаж амьдардгийг мэдэх гэсэн хүсэл гэрээс нь нэлээн бол явуулчихсан байлаа. 

Нэг л удаа цыгануудын зургаан утаст уянгалаг хөгжимд дэндүү татагдаж, “Одоо эндээс үүнийгээ бариад нутагтаа буцъя” гэж хүртэл санаж байсан боловч яг энэ бодол төрөх үест тэртээд цайвалзан цайлалзах сүрлэг өндөр хайрханы цаст цагаан оройг Өвгөн Долоон од очис хаялуулан гийгүүлж ахуй ер бусын үзэсгэлэнтэй харагдахад хөгжмөө үүрээд тэр зүгийг чиглэн хөдөлжээ.  

Аа тийм, настай эмээ нь ургамал судалдаг нэгэн байсан тул түүний бага нас эмээгийн захисан эмчилгээний чанарт өвс, жимсийг зааврын дагуу түүн цуглуулахад зарцуулагдсан гэхэд бараг болно. Үүндээ мань хүн ч их дуртай байж. Тиймээс эмийн болон идэшний ургамлуудын амин чанарыг нь алдуулалгүйгээр ашиг шимий нь баяжуулан хэрэглэх шинэ аргыг нээн олох бол түүний голт зүрхний гүн дэх зорилго тэмүүлэл. 

... Нар тэнгэртээ эрхэлсэн сэтгэл сэргэм өглөө ажээ. Үүрээр эндхийн цэцэгс ямар дарааллаар дэлгэрдгийг ажих гэж ийш тийшээ гүйсээр ядарсан бүсгүй мод налан суугаад дуу аялангаа хамгийн сайхан цэцгүүдийг өнгө хоршуулан сүлжиж эмээ нь хийж өгдөг байсан шиг титмийг өөртөө урлаж суувай. Өссөн нутгийн уянгалаг аялгуунд сэтгэл нь тэртээд алсран одож, өглөөхөн орхиод гарсан мэт дотно мэдрэмж төрөхөд жаргал шигтгэсэн дурсамжуудаа хөврөөн дуудах тэрбээр ойртон ирэх морины алхааг огт ажирсан ч үгүй. Урлахуйн үйл дууссаны тэмдэг болгож бахтай нь аргагүй инээмсэглэнгээ ихэмсгээр толгойдоо байрлуулаад үсрэн босч гараа дэлгэн эргэлдэж байхдаа л өөрийг нь гайхан ажиглах морьтон залууг гэнэт харав.
... Эзгүй ойд бүдэгхэн сонсогдсон сайхан хоолойн эзнийг хайж явсан Бат баатрыг модны ёроолоос гэнэт босч ирээд инээмсэглэн бүжиглэж буй толгой дээрээ томоос том цэцэг тавьсан эрэмгий байрын бүсгүй баахан хачирхуулав. Маш сонин үзэгдэл! Бас сонин мэдрэмж. Хамаг бие нь цахилгаанд жирвэгнэх шиг. Хэг гээд амьсгаа нь тасалдчих шиг. 

... Энэ хоёроос өөр дүргүй зохиол маань ингэж эхэлсэн юм. Тийм ээ, хайр сэтгэл гэдэг бол хоёрхон хүний л оргүй хоосноос орчлонд бий болгодог агуу зүйл. Хайр дурлалаа тэд бүтээсэн учраас тэдний жинхэнэ өмч. Насанд туршдаа нандигнан хадгална уу, намрын навчистай зэрэг гандуулчихна уу, цэвэр тэдний дур зорго, эрх мэдэл, зохиогч бүтээгчийн балмад явдал, баатарлаг сэдэл.
Залуу, сонирхолтой амазон бүсгүйг мориндоо сундлаад зорьсон газарт нь хүрэхэд тусалж болно гэв. Бүсгүй инээмсэглэн зөвшөөрөв. Түүний анхилуун үнэр, аашны ялдам, энгийн яруухан ярианд дурласан залуугийн зүрх оволзон түчигнэнэ. Баатар эрийн өргөн цээжийг налж, цэцэн цэлмэг ухааныг нь бахдан явахдаа энэ хүнтэй яг л ингээд насан туршдаа аялсан ч болмоор санагдана. 

Залуу, бүсгүйгээ энхрийлэн хайрлав. Бүсгүй, залуугаа эрхэмлэн хайрлав. 

Үүнээс өмнө олон олон газрыг туулсан ч гайхалтай нь бүсгүй хэзээ ч ямар ч уулын орой дээр гарч үзээгүй байжээ. Залуу түүнийг ойролцоох өндөр уулын оройд дагуулж гаргав. Эргэн тойрон дэндүү сайхан харагдаж байлаа. Цаст цагаан уулаа ч харав. Түүнд хүрэх дөт замаа ч тодорхойлов.
“Гэхдээ чи минь өөр нэг замыг бас хараад ав. Юмыг яаж мэдэхэв, санаан зоргоор бүтэхгүй  байж болно. Амьдрал гэдэг там биш ч диваажин бас биш шүү дээ” хэмээн залуу сургамжилна. Хааяа тэр бүсгүйн үсийг илэнгээ “Чи минийхээ амьдралд гэрэл татуулан орж ирсэн, чамтай учирснаасаа хойш л би чин сэтгэлээсээ дахин инээдэг боллоо” гээд духан дээр нь үнэснэ. Заримдаа хэн хэн нь өөр юуг ч үл бодон нэг нэгнээ хайр дүүрсэн нүдээр ширтэн суудаг байв. 

Зургаан утаст хөгжимнөөсөө эгшиглэх сайхан аялгуунд уусах мэт нүдээ аниад дуулан суух бүсгүйгээсээ харцаа салгаж ч үл чадна. “Миний юу чамд хамгийн анх таалагдсан бэ” гэж эмэгтэй хүний зангаар эрхлэн байж асуухад тэр “Эхлээд дуу хоолой чинь, дараа нь нүд чинь, харин дараа нь бүх юм чинь” гээд хэзээ ч тавихгүй гэсэн мэт чангаар тэвэрдэг байлаа.
Өтгөн ой шугуй, өргөн гол мөрөнг туулж ахуйдаа ч, хязгаар хаяа нь үл төсөөлөгдөм одот тэнгэрийг ширтэн байхдаа ч баатар эр хайрт бүсгүйдээ хорвоогийн түмэн учгийг нээн өгүүлж, түүнд хэрэгтэй гэсэн бүхнээ хэлж заан ухааруулна. Аргагүй дээ. Цайзын вант улсын хамгийн шилдэг баатар юм хойно. Харин бүсгүй хэр чадлаараа тогтоон тунгаана.
Залуу: “Чи минь энэ бүгдийг мэдэх хэрэгтэй, танай улсад хамгийн чадалтай нь хатан хаан болдог хуультай. Чамайгаа хүчирхэг байгаасай гэж би хүсч байна. Надад хайртай л юм бол чи нь хамгийн мундаг нь болж, мөнх амьдралын хуулийг танихад бусдадаа туслаарай” хэмээн хайр бишрэл төрүүлэм хэлнэ. Бас нэг удаа сэлэмнийхээ ишин дээрх бадмаараг шигтгээг үзүүлээд зовнин байж өгүүлэв. “Энэ шигтгээг хөндөж унагасан хүнийг хэн ч байсан би үзэн ядах болдог юм. Тиймээс чи минь үүнээс бол байгаарай!”

... Бүсгүй дэндүү гэмээр жаргалтай байлаа. Залуудаа өөрөөсөө ч илүү итгэнэ. Үсэн буурал болтлоо хамтдаа байн олон үр хүүхэдтэй болохыг мөрөөднө. Бас Цаст цагаан уул хүртэл аялахдаа олон шинэ эмийн ургамал танихыг хичээж, тэгвэл бушуухан шиг гэртээ очиж олж мэдсэнээ бусдадаа заан сургана, насан туршдаа залуутайгаа амьдарна гэж зорьж тэмүүлж байлаа. Зарим зүйлсийн учрыг эс ухан ажлаа хойш тавих үед хайрт нь эгцлэн ширтэж байгаад л: “Хүнд итгэх сайхан, өөртөө итгэх түүнээс сайхан. Хүнийг уучлах сайхан, өөрийгөө уучлах түүнээс сайхан. Хүнийг дийлэх сайхан, өөрийгөө дийлэх түүнээс сайхан. ГЭХДЭЭ ЭНЭ БҮГД ХЭЦҮҮ. Хэцүүг дийлэх хамгийн сайхан” гэж зоригжуулна. 

Яг л тэд анх учирсан шиг ялдам сайхан нэгэн өглөө бүсгүй эртээ гэгч босоод ойгоор зугаалж байхдаа бахим үндэстэй нэг сонин ургамлыг олж харах нь тэр. Жижиг тонгорог нь үндсийг огтолж дийлэхгүй байсан тул баатрынхаа сэлмийг ганцхан удаа ашиглачихаад буцаагаад хуйнд нь хийчихэе гэж шийдээд нойрсон буй амрагаа сэрээхгүйг хичээн зөөлөн алхалсаар дэргэд нь очиж сэлмийг аваx тэрхэн агшинд бадмаараг шигтгээ торхийн дуугараад газарт уналаа. Тэр даруйд сэрсэн залуу асар ихээр уурлав. 

“Чамайг хайрласан хайр минь үзэн ядалт болохоос өмнө би буцаж цайздаа очих ёстой.” 

Залуу шууд мордож давхих гэсэн боловч гуниг шаналал дүүрсэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн байж гуйсан бүсгүйн гуйлтыг эсэргүүцэж эс чадан ардаа суулгаад мориндоо ташуур өгөв.  Цайзын хананд хэдхэн цагийн дотор тулж ирсэнд бүсгүй баахан гайхав. Замдаа тэд нэг ч үг хэлэлцсэнгүй. Баатар эр “Нар шингэхээс өмнө гарч ирэхгүй бол намайг хүлээсний хэрэггүй шүү” хэлэхтэй хамт цайзын дааман хаалга нээгдэж ганцхан харайгаад хайрт нь үзэгдэхээ байж ширмэн хаалга ч тасхийн хаагдав.
Бүсгүй юу ч бодож чадахгүй байв. Итгэж ч чадахгүй нэг хэсэг газар гөлрөн ширтэж байснаа асгартал чанга гэгч уйлав. Тэгснээ гэнэт маш ихээр гомдож вант улсын бараа үзэгдэхээ больтол хол алхсан ч сэтгэл төвдөлгүй эргээд ирэв. Гайхалтай нь нар байрнаасаа хөдлөөгүй л байв. Тэгээд бүсгүй цаг тоолж эхэллээ. Далан хоёр цаг зургаан утаст хөгжмөө нүдсэн ч нар хөдлөх янзгүй. Үүнд тэр маш ихээр баярлав. “Хайртыгаа нар шингэтэл хүлээх ёстой. Тиймээс нар шингэхгүй байх чинь сайн хэрэг, бүүр маш сайн хэрэг”.

Сэтгэл хөдөлсөн нүдээр эргэн тойрноо нэг ажаад тэр хавийн ургамалын байдлыг судалж эхлэв, бүүр махран зүтгэв. Гэхдээ заримдаа баатар нь ганцхан харайгаад орчихсон тэр хаалганы дэргэд ирээд маш удаанаар ширтэн зогсоно. Орилмоор санагдавч омголон зандаа дийлдэнэ. Тэгээд буцаад холдоно. Ажлаасаа өөр юм бодохгүй байхыг өөрөөсөө шаардан улайрна. Ингэж тэгсээр 3 сар 16 хоног өнгөрчээ. Нар жаргаагүйгээр барахгүй, үд ч болоогүй. Цайз орчмын газарт түүний гишгээгүй газар байхгүй болов.
Энэ хорвоо тоймгүй хатуу, ямар ч утга учиргүй мэт санагдаж сөхрөн унаад уйлахад долоон дусал нулимс газарт уусан толботсон нь Өвгөн Долоон одны хэлбэртэй ажээ. Тэр даруйд бүсгүй бүгдийг нэхэн санаж, Цаст цагаан уулаа дахин сэтгэлдээ дүрслэн бодов. “Хайрт минь надад тийшээ очиход хэрэг болох бүгдийг зааж өгсөн байхад би энд ийм удаж, сэтгэлээр унан уйлж суух ч гэж дээ” гэж бодоод үсрэн босч тоос шороогоо гөвөөд “Энэ цайзын дэргэд нар шингэдэггүй юм байна. Цагаан ууландаа ганцаараа хүрчихээд буцаад ирэхэд хайрт минь гарч ирж л таараа. Чи минь намайгаа сэтгэлдээ үргэлж харж мэдэрсээр байгаа гэдэгт би итгэнэм. Эсвэл..., би нь хамгийн хүчирхэг болсон цагт тэр минь намайгаа олоод ирж л таараа. Тийм ээ, яг тэгэх л юм байна шүү дээ. Чамайгаа хатан хаанаас өөр хүүхэнтэй суулгахыг би зөвшөөрөхгүй. Тиймээс би өөрөө хатан хаан болох болно. Хамгийн шилдэг нь болох болно”.
Алхах тутам зориг орон орж, эргэж ч харалгүй явсаар Цайзын вант улс хараа үл хүрэх алсад үлдэх мөчид нэг анзаархул үдшийн бүрий болж одод түгсэн байх ажээ. 

Dienstag, 24. Juli 2012

Еврейн цохилт ба ирээдүйн эзэд


Нэлээдгүй зовсон бас нэлээдгүй шуналтай тиймээс ч хамгийн баян нэгэн хүчирхэг үндэстэн энэ дэлхийд оршин буй нь Давидын одыг дээрээ залсан Еврей нар.
Ер нь яагаад еврей үндэстний тухай сонирхох болсноо сайн мэдэхгүй юм. Гэхдээ аль багын л энэ ухаалаг хэрнээ хүйтэн мэдрэмж төрүүлсэн хүмүүс миний сонирхлын төвд байсан ба өчигдөр нэгэн найзтайгаа энэ тухай хөөрөлдсөн минь уг бичлэгийг бичих сэдлийг хүчтэй төрүүлэв.
Юуны өмнө тэр найз маань хэн байв гэдгийг цухас дурдсу. Тэр бол Австрид хүүхэд насаа өнгөрүүлсэн ч англи сургуульд сурдаг байсан болохоороо эх хэлээ Англи хэл гэж өөрөө итгэдэг, Америкт дипломатын сургууль төгсөөд одоо Австри улсын Гадаад Хэргийн яаманд түр ажиллаж буй Сири ээжтэй, Палестин аавтай араб удмын хүн билээ. Ажил мэргэжилтэй нь холбоотой болоод тэр үү түүнд сонирхоогүй, мэдэхгүй сэдэв ховор. Бид хоёр үе үе уулзаж хорвоо ертөнцийн сонин хачны талаар ярилцах ба заримдаа санал нийлж заримдаа түс тас маргалдана аа.
Өчигдрийн яриа нэг л мэдэхэд Хятадууд хүүхэд иддэг тухай руу халтирсан байв. Мань хүн ч “Чи өөрөө Хятадуудыг үзэн яддаг болохоороо ийм юм ярьж байна. Хэдэн хүн тэнэг үйлдэл хийсний төлөө чи бүхэл бүтэн үндэстнийг тэгж хэлж болохгүй” гэдэг байгаа. “Тэд нарт чинь иддэггүй юм байдаггүй юм. Чи өөрөө мэдэхгүй байж” гээд би бууж өгсөнгүй. Харин тэр “Ер нь хүүхэд иддэг гэсэн яриаг бие биенээ үзэн яддаг үндэстнүүд түүхийн туршид л тарааж ирсэн байдаг. Би хүртэл Еврей нар хүн иддэг гэж итгэдэг байсан” гэснээр бидний маргаан Еврей нар луу хандлаа. 

Тэхээр 2500 орчим жилийн өмнө одоогийн Израилын нутаг дэвсгэр дээр Еврей нар амьдарч байгаад ихэнх нь Европоор тархан амьдарсан байдаг. Цөөхөн хэд нь газар нутагтаа үлдсэн ч одоогийн Палестинчууд олноороо уг газрыг сүүлийн хоёр мянган жилийн хугацаанд эзэгнэн суурьшсан ба, тодруулбал мань найзын аавын төрсөн нутаг нь одоогийн Израилд байжээ.
Еврейчүүд нутгаасаа гараад жаргасан нь бараг үгүй. Байнгын дарамт шахалтанд, өөр шашинтай гэж ад үзэгдэн хөнөөгдөж, бөөнөөрөө алуулж байсан нь олон. Гэвч “мөнгө” гэдэг зүйлийн жинхэнэ мөн чанарыг таньсан хүмүүс юм болов уу гэж би боддог юм. Тиймдээ ч баяжсан. 

Вена хотын Еврейчүүдийн тухай товхимлыг би өнгөрсөн жил бүтэн өдөржин сууж орчуулан уншиж байснаас товчлон хүргэе. Вена хотыг үүсгэн байгуулагдсаны дараахан буюу 12 дугаар зууны дунд үед хамгийн анх ирсэн Еврей эрийг хотын дарга “зоос цохиулах” ажлаар гэр бүлийнхний нь хамт урьжээ. (Бүүр тэр цагт л мөнгөний нарийн ухааныг олчихсон байж шүү!!!) Тэр хүний араас олон олноор ирсээр байсан Еврейчүүд хоёр, гурван зууны дараа ч  нутгийн иргэдтэй огт уусаагүйгээр үл барам өөрсдийн зан заншил шашнаа хадгалсаар амь бөхтэй, амьжиргаа дээгүүр аж төрдгөд атаархахдаа зүйл зүйлээр хахин хавчсан байдаг. Жишээ нь Еврей хүн газар тариалан, гар урлал, гахай шувуу тэжээх зэрэг аж ахуй эрхлэх, тийм төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулах эрхгүй байсан, сургуульд сурах, хотын төв газраар явах эрхээ хасуулсан, ганц нэгээрээ явж байхад нь зүйл бүрээр дээрэлхэх нь энгийн үзэгдэл болсон гэх мэт. Ганц л зүйлийг эрхэлж болдог байсан нь “мөнгө зээлэх”. Мөнгөгүй болсон нутгийн иргэд аргаа барсан үедээ хаанаас баяжаад байдаг нь үл мэдэгдэх Еврей нараас хүүтэй мөнгө авдаг байлаа. Учир нь тэр үед Христийн шашинд мөнгө хүүлэхийг хориглосон байж. Еврейн шашинд энэ нь хориотой биш. Тэр ч байтугай хаан нь аян дайн хийхдээ Еврей нараасаа мөнгө зээлж байсан гээд бод. Гэвч энхийн цагт дарамт шахалт ихтэй хэвээрээ байсан ба амьдралд цөхөрсөн ядуу Еврей нар сүмдээ цуглараад өөрсдийгөө шатааж амиа егүүтгэсэн тохиолдол ч цөөнгүй байв гэж бичсэн байсан. Цаг арай нааштай болсон үе нь мянга долоон зуугаад оны үе. Тухайн үедээ Европын бас л нэгэн хүчирхэг улсын тоонд зүй ёсоор багтдаг байсан Австри-Унгарын эзэнт гүрний нэгэн хаан Вена хотынхоо Еврейчүүдэд анх удаа нутаг зааж өгсөн байдаг. Тэр газар нь тухайн үедээ хотоос холгүй орших нэг тосгон байсан бол одоо Вена хотын нэг хэсэг буюу хоёрдугаар дүүрэг нь болсон. Одоо ч тэнд сонин малгай, этгээд сахал бүхий Еврей нар олон хөлхөлдөнө.
Ингээд тэд хөөцөлдсөөр тосгондоо сургууль байгуулах эрхтэй болжээ. Арван есдүгээр зууны сүүл хагас гэхэд Еврей эмч, эрдэмтэд төрөн гарч нэг үгээр хэлэхэд сэхээтний давхарга бий болов. Хаант засагт нөлөөлөх сувагтай болохыг зүйл бүрээр оролдсоор байсан байдаг. Мөн энэ цагаас дэлхийн бусад улсад амьдран суух ижил үндэстнүүдтэйгээ холбоо тогтоож газар газрын Жүүдүүд ариун газар болох Израилдаа очих ёстой хэмээх үзэл санааг болгоомжтойгоор цухалзуулж эхэлжээ. Америкийн Жүүдүүд бас америктаа маш нөлөөтэй болсон байлаа. Гэвч Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл энэ асуудал “зөн мөрөөдөл”-ийн төдий байсан юм. Гитлерийн Германуудад олон сая хүнээ алдсаныг шалтаглан НҮБ-д санал хүсэлтээ тууштай тавьснаар 1948 онд Палестинаас газар тасдан Израил улсыг байгуулав. Иерусалимаа авч чадав.
Үүнд дэлхийн даяарх Еврейчүүд өдийг хүртэл маш хүчтэйгээр нөлөөлсөөр байгаа билээ. Тэд жил бүр маш их хэмжээний мөнгийг орчин үеийн армидаа зарлагаддаг. Америк ч чадлынхаа хэрээр тусалдаг. Яагаад Америк тусалдаг вэ?
Америкийн баруун эрэг, зүүн эргийнхэн бол цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг гэх юм уу, дэвшилтэт үзэл санаатай хүмүүс байдаг бол төв хэсгийнхэн нь нэлээн хуучинсаг, тэр тусмаа загалмайтны шашны евангилист урсгалд гүнээ бишрэгчид байдаг ба тэдний дийлэнх нь “хэрвээ Еврей нар ариун газраа эргүүлэн авбал Есүс Христ энэ дэлхий дээр эргэн ирнэ” гэж бат итгэдэг учраас энэ үйл хэрэгт идэвхийлэн зүтгэдэг байна. Хэрвээ Америкт ерөнхийлөгч юм уу, сонгуульд өрсөлдөж буй хэн нэгэн Еврей нарын тухай эвгүй зүйл хэлбээс тухайн газраас олонхын санал авах шаансгүй болдог юм гэнэ. Тийм  ч болохоор тэнд Еврейн хөрөнгө оруулалт бүхий олон төрлийн тусламжийн үйл ажиллагаанууд хэрэгждэг байна. Түүнчлэн АНУ-ын парламентад хүчирхэг нөлөөлөл бүхий улс төрийн хэд хэдэн бүлэглэл байдаг. Эдгээр бүлэглэлүүдийг тодорхой үзүүлэлтээр харьцуулсан жагсаалт жил бүр гардаг бөгөөд айргийн тавд Еврейн бүлэглэл ороогүй байх нь үгүй. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь мэдээж манай Жүүдүүдийн өмч байна. Энэ бол нийгмийн сэтгэлзүйг өөрсөддөө татах хамгийн үр дүнтэй арга шүү, нэг талыг хэт хайрласан мэдээлэл үндсэндээ тархи угаалт л гэсэн үг..?

Дэлхийд хамгийн анх “мөнгө хүүлэлт”-ийг санаачилж, өдгөө дэлхийг өр, зээлийн торонд оруулчихаад буй хүмүүс нь зоосон мөнгө цохьдог байснаасаа доллар хэвлэдэг болтлоо хөгжсөн Еврей нараас өөр хэн байхав. Өөрийнхөө хутгасан жанхуугаа “жанхуучин гуай” даанч сайн мэдэлгүй дээ. Тиймээс ч тэд хамгийн баян хүмүүс. Жил бүр Палестин дахь Израилын газар нутаг өргөссөөр... Палестинд ардууд нутгаа хамгаалан тэмцсээр. Тэд ядуу, зэвсэггүй учраас зарим нь амиа золиосолж бөмбөг дэлбэлнэ. Үүгээр шалтаглан Израилууд Палестинд хаа сайгүй хяналт, тагнуул, дурангаа оруулж цэргийн хүчээр ноёрхлоо тогтоосон ба урьд нь Израилд байсан Палестинчууд төрсөн нутагтаа орон эрхгүй болчихсон. Дэлхийн хэвлэл мэдээллээр харин дараах утгатай мэдээлэл цацагдана. “Палестины алан хядагч, амиа золиослогч хоёр эр энгийн иргэдийн өглөөний цайгаа ууж байсан кафед бөмбөг дэлбэлж ... хүний амь нас эрсэдлээ” гэх мэт. 

Ер нь тэгээд Дундад Азид цэрэг зэвсгийн баазаа байгуулах нь Америкийн хувьд “газрын тосны нөөцтэй ойртох” сайхан боломж. Үүнийг зөвхөн Еврейчүүдэд туслахын төлөө гэж харвал бас дутуудах юм болов уу. Түүнчлэн Иерусалим бол Ази, Европын дунд оршдогоороо газарзүйн үнэ цэнээ одоо болтол алдаагүй. Загалмайтны аян дайн ч бас энэ газрын төлөө болж өнгөрсөн билээ. Мусульман удирдагч Саладдин тэрхүү дайныг зогсоосон гэж хүмүүс боддог ч ер нь бол Европууд буцаад ирэх л байсан, гагцхүү дорно зүгээс ирсэн Монголын эзэнт гүрний цөөхөн хирнээ гайхалтай эрэлхэг цэргүүд, мэргэн жанжид христ лал гэлтгүй нэгэн тугийн дор нэгтгэсэн учраас шашны үзлээр шалтагдсан уг аян дайны утга учир алдагдаж, Ромын пап, европын хаад хатдын Иерусалимд ноёрхлоо тогтоох гэсэн асар их шунал айдас хүйдсээр солигдон “Мөнх Тэнгэр нь дайчиддаа хэрх” хэмээхийг хүлээж омгоо хийсгэж дүмбийн суусан бөлгөө. Басхүү хоорондоо нэгдэн нягтарсан ба энэ нь ирээдүйн буюу өнөөдрийн улсууд үүсэх анхдагч шижим байлаа. Үнэндээ Монголчууд очоогүйсэн бол Аллах, Христийн хүүхдүүд хоорондоо алалдаад дуусах байсан биз ээ.
Зиа өнөөгийн байдал ч дордсон уу гэхээс дээрдээгүйдэг. Долоон тэрбум өлсгөлөн хүн хамтраад хэдэн Еврей нарын сэдлээр “санхүү” гэдэг бас нэгэн “шашин”-д сохроор сүсэглээд байгаль дэлхий рүүгээ дайрч байгаа харагдана. Техник, өөрөөр хэлбэл шинжлэх ухаан гэдэг "зэвсэгтэй". Нум сум нь угтаа ан ав хийхэд тустай аж ахуйн хэрэглэгдэхүүн байгаа юм. Дайны үед хүмүүс бие бие рүүгээ шагайснаар зэвсэг болсон. Шинжлэх ухаан ч бас хүнийг хөгжүүлэх, орчноо танин мэдэж, байгальтайгаа зохицон амьдрахын тулд үүсэн бий болсон. Харин өнөөдөр хүн төрөлхтөн түүний тусламжтайгаар оршихуйгаа, өөрсдийгөө, үр удмаа дэлхийтэйгээ сөнөөхөөр ханцуй шамлан буй.
Инээдтэй нь хүчирхэг баян Еврей нарын юу хийгээд, хүн төрөлхтнийг хааш нь хөтлөөд байгааг анзаарч хараад бусдадаа ойлгуулахыг хичээн байх нь хэдэн бор Монголчууд. Үлгэрээр бол даахьтай даагатай нусгай хүү. Атгаалжин мангас байдаг юм уу айшхи шулам байдаг юм уу атаатан дайсан, ар өврийн зарц нар нь хүүг “хөөрхөн бацаан” хэмээн шоолж басна. Өнөөдөр Монголчуудыг хүн төрөлхтөн бас л дооглосон, үл тоомсорлосон янзтай харж байна. Бүүр өргөн дэлгэр газар нутгийг нь “эдийн засгийн аргаараа” эзлэн хоосруулахыг зорин ирж байна. Яс нь пиавар, мах нь хаймар болсон жангийн үнэртэй Гуулингийн боолууд хүртэл Монголчууд Солонгосын нэг хэсэг байсан юм гэх санаа цухалзуулж уур хүргэх. Цохдож нэг үзнэ, нясалж нэг үзнэ, одоо давраад өшиглөж байна... Монголчууд тэссээр л. Цаг нь л арай болоогүй юм уу даа. Гэхдээ зүрх нь омогшоод, Хөх Толбо нь сэргээд эхэлчихсэн.
Дэлхийн хаа сайгүй Хөх Монголын үрс улс үндэстэн бүрийн соёл, ахуй, уламжлал, хэл, сэтгэлгээтэй нь танилцан эрэн бэдэрч ахуй. Хэрвээ Монголдоо баян тансаг байсан бол эх нутагтаа л хөлөө ачаад суугаад байх хүмүүс шүд зуун тэсч энд тэнд амьдрахдаа олныг ухаарна, танин мэднэ, басхүү эх орноо сэтгэлдээ дээдэлнэ. Эргэлдэгч дэлхийн ирээдүйн эзэд шүү дээ. Ингэж танилцахаас өөр аргагүй юм. Тиймээс өнөөдөртөө Монгол ядуу байгаа нь Мөнх Тэнгэрийн учир зангидсан таалал ажгуу.
Ган болд давтахын тулд байн байн галд дүрэн улайсгадгийн адилаар Монголчууд хувь заяаны хүндхэн сорилтуудыг давсаар өдийг хүрсээн. Эцсийн цохилт, эцсийн хурцлалт Еврейчүүдээс ирж байна. Ядарч сульдсан нь тоймгүй гэж биднийг ам уралдан шаагих л юм. Үнэндээ “ядарсан Монгол” гэж бидэнд “ойлгуулчихаад” байгаа учраас л Монголчууд гадныхныг шүтээд байгаа юм. Бид ядраагүй шүү!!!
Оюуны гайхамшигт бүтээл Соракуктай Сэцэн хатны Алтан судараа найман зууныг дамнуулан авчирч чадсан, Их засаг хуулиа ам дамжуулан ач үрдээ захисаар ирсэн, мянга түмэн жилийн түүхтэй МАЛЧИН заяагаа шүтсээр өдийг хүрсэн Монгол түмний хувцас гандсан байж болно, ходоод өлссөн байж болно, харин хатан цагаан яс нь харласан байх учиргүй, хатуу булчин, халгих зүрх нь хатсан байх учиргүй, эрэлхэг зориг нь элэгдсэн байх учиргүй, энгүй сэтгэхүй нь эвдэрсэн байх учиргүй. МОНГОЛ ядарсан байх учиргүй ээ.
Хүч тэнхээ авахаар дугхийснийг үхсэн гэж бодоод яаран хөөрцөглөх хэрэггүй шүү, хүн заяагаа хорлогчид, Хөх толбонд атаархагчид аа. Хэн гэдгээ мэдэж хэлхээ түүхээ судалж ураг удмаа дээдэлж учраа олсон хөвгүүд, уран аргат охидууд байх байрыг чинь зааж баашилсныг нь байхгүй болгоно.
Монгол баатрууд гэдэг дайснаа хүртэл хайрладаг, тэдэнд амьдрал өгөхийг алдаа төөрөгдлийг нь засахыг хичээдэг учраас баярлан хүлээж авсан нь Монголыг мохоох гэж мунгинан зүтгэхээс хамаагүй дээр. 

Харин Монголчууд сэртүгэй,
Хэнээс томилгоотойгоо
Хэрхэх учиртайгаа
Хэний үр гэдгээ
Хийх ёстой үйлээ
Тунгаан бодож, тааж онож
Талын энтэй ухаарч галын эрчтэй сэтгэ.
ХААН МОНГОЛ СЭР СЭР СЭР. 

Хөх толботнуудад мэхийн ёсолсон, Монгол Удам

Montag, 23. Juli 2012

Жинхэнэ боловсрол гэж юу болохыг ухсан минь


Боловсрол оо гэж.
Миний нэг танидаг хайртай эгч байдаг юм. Социализмийн үед төрж, хүмүүжсэн тэрбээр Техник мэргэжлийн сургууль төгссөнөөр ачит багш нараасаа “амьдрал” хэмээх өөр нэгэн багшийн гарт шилжиж ажил хөдөлмөрөөр өөрийгөө чимсэн зүгээр сууж чаддаггүй зүтгэлтэй нэгэн. Эгч маань  бас ч үгүй нэг ид шидтэй. Юу гэхээр, ажил хэрэг ярихаар аль нэг газрын хаалгыг татсан л бол бүтээхгүй гарч ирнэ гэж түүхэнд байхгүй ээ. За тийм ч болохоор анд нөхөд, хамаатан садан нь хэдэн сар хөөцөлдөөд бүтээгүй юмаа барисаар түүнийг “гол найдвар”-аа болгон ирэх нь бий. Эгч бүсгүй ч өөрт нь итгэсэн баахан хүний сэтгэлийг өвөртлөөд даргын өрөө рүү давхиад орно доо... Инээмсэглээд л гараад ирнэ. За ингээд хэлэхээр зарим хүмүүс “дарга нартай иймээ тиймээ юм болдийм байгаа биз” гэж өөрийнхөөрөө ойлгоод тас намжирдна аягүй бол. Үгүй шүү, ханьдаа үнэнч, харин ч жинхэнэ Монгол бүсгүй байдаг юм. 

Нууц нь юундаа байна вэ гэхээр ерөөсөө л ганцхан зүйл, ярилцагчийнхаа сэтгэлд нөлөөлтөл өөрийгөө илэрхийлэх л байхгүй юу. 

Ярилцлагын үйл явцад анхаарлаа нэг хандуулсу. Аа гэхдээ, албархуу царай, алтан цаг, Армани ус, аятайхан бас бодолтойхон асуулт тавьж хэлэлцэгчдээ сэтгэгдэл төрүүлдэг америк маягийн арга барилыг ярихгүй шүү. Энергийн түвшинд өөрсөддөө аль болох ойлгомжтойгоор сонирхноо хө. 

Айл бүрт удмынх нь өвөг дээдэс болох онгод шүтээнүүд заларч, тэр байтугай шинжлэх ухаан сүнс гэж бийг, хүний биед гэрлэн бүрхүүл байдгийг батлаад, судалдаг, хэмждэг  тоног төхөөрөмж нь бий болчихсон өнөө үед “сүнс ярьж гажигтаад ...” гэж хамраа шуухитнуулан эсрэгцэх тийм ертөнцөөс тасарсан Монгол байхгүй биз ээ гэдэг итгэлээ дашрамд хэлмээр санагдах. 

Хүний бодол бол энерги буюу Монголоор эрчим юм. Тиймээс итгэл найдвар бол бүүр хүчтэй эрчим байдаг. Тэр ч ёсоор нөгөө дарга энэ тэрийг эргэцүүлсээр өөрийнхөө гэрлэн бүрхүүлээр хүрээлүүлэн, эрчмээ цацруулсаар өрөөнд сууж байна гэж төсөөлцгөөе. Энэ үест хаалга тогшин, өөртөө итгэх итгэл дээр нь өөр бусдын сэтгэлүүд дэм өгч хүчжүүлчихээд буй нэгэн хуйларсан эрчмийн урсгал буюу манай эгч орж очих нь тэр ээ. Басхүү өрөөний гадна хүлээх хоёр гурван хүний “Бүтээчихээсэйййй...” гэх залбирал, хүсэл уг эрчмийн хуйлралд хүч өгөн хурдасгах авай. Яг л Торнадо шиг. Ингээд ярилцлага эхэлж, эгчийн харц, үгээр дамжин дарга нэгийг бодох ба, түүнд нь нөгөө Торнадо байн байн давшилт өг, өгсөөр даргын эрчмийн урсгал, эгчийнхтэй нэг долгион дээр таарах үест мань дарга зөвшөөж, үзгээ аван гарын үсэг зурснаар эгч талархлаа илэрхийлээд инээмсэглэн гарч буй л юм.
Үүнд махан бие, бариу зангиа, бүдүүн гүзээний ач холбогдол огт харагдахгүй байгаа биз дээ? Даргын сэтгэл, оюун л асуудлыг шийдвэрлэнэ үү гэхээс хувцас, яс, цус нь биш. Харин орж байгаа хүний өөртөө итгэх итгэл буюу бас л сэтгэл, оюуны хүч нь шийдвэрт нөлөөлдөг байх нь. 
 Бидний амьдрал түг түмэн уулзалт, учрал тохиолуудын нэгдэл нийлбэр байдаг. Тиймээс бид буюу эрчмүүд маань өдөр тутам ийм харилцаанд орж л байдаг. Тэхээр ерөөсөө нийгмийн шинжлэх ухаан гээчийг хөгжүүлж ирсэн, тухайн нийгэмдээ байр суурьтай байх гэсэн эрмэлзэл бол угтаа энэ сэтгэл, оюуны хүчээ төгөлдөржүүлэх чармайлт байсан байж таарах нь. 

Өөрийгөө таниснаар үзэл бодолдоо тууштай байдаг, аливаа нөхцөл байдалд оновчтой дүгнэлт өгч шийдвэрлэдэг, ямарваа асуудлыг шийдэх гарцыг алсын хараатай олж хардаг, аливаа үзэгдлийн мөн чанарыг таниад тохирсон аргаар хариу үйлдэл үзүүлдэг, юу юугүй сэтгэл санаагаар уначхаад уйлж унжхааргүй сэтгэлийн тэнхээтэй байхыг л би ухаандаа сэтгэл, оюуны хүч гэж нэрлээд байгаа юм. 

Энэ чадваруудыг эцэг эхүүд нь үр удамдаа сургааль үгс, амьдралаараа зааж сургадаг байв. Харин сүүлийн зуун орчим жилд аав ээжийн үүрэг оролцоог багасгаж сургуулийн системээр сэтгэл оюуныг чадваржуулахаар оролдох болжээ. Тэгээд тэр системийн дамжлагуудаар бүрэн гүйцэд дамжигдаж бэлэн болсон оюуны бүтээгдэхүүнүүдээ “Боловсролтой хүн” гэж нэрлээд тал талаас нь гэрэл цохиулан рекламдсаар өдийг хүрлээ.
Энэ хугацаанд маш  олон хэлний зөв бичих дүрэм шинэчлэгдэн тогтоогдож, олон хүн уншиж бичиж, тоо бодож, физик ертөнцийн олон үзэгдлийн “өнгөц шалтгаан”-тай танилцсан нь гайхамшигтай. Гэвч агуу найрагч Р.Чойномын шүлэглэсэнчлэн “хэлбэрт баригдах дургүй хорвоо”-г хүмүүсийнх нь сэтгэхүйтэй хамт хэлбэрчлэх гэж оролдсон нь, тодруулбал үнэн түүхийг өөрсөддөө тохируулан хэлбийлгэсэн нь, шинжлэх ухаан гэдгээрээ ертөнцийн зөвхөн материаллаг оршихуйн зүй тогтлыг эрэн бэдэрснээ “цорын ганц ҮНЭН” байдлаар хүмүүсийн тархинд  "боловсрол"-оороо

Samstag, 14. Juli 2012

Эх хэлний гажуудлаас үүссэн сэтгэлгээний "төөрөгдөл"-ийг багасгах зарим санаа

Өсөхөөс сурсан Үндэсний хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон.
Монгол цустай, Монгол хэлтэйн хувьд, үр хүүхдүүд маань ч энэ л хэлээр ярьцгаах болно гэж хатуу итгэдэг хүний хувьд зарим нэг шүүмжлэл, санаа оноогоо хамтатган бичлээ. Сурч боловсрохын хүслээр жигүүрлэн яваа зарим дүү нарт хэрэг болж магад гэж бодсоны тул ийнхүү хэл шинжлэлийн тухай том сэдвийг зориглон барьж авав.
Хэл гэдэг бол хэрхэн сэтгэж байгааг илэрхийлэх хамгийн чухал хэрэгсэл гэж би ойлгодог. Маш олон төрөл, аялгатай ба ижил хэлтэй хүмүүсийн хувьд хоорондоо ойлголцох хамгийн хурдан арга. \мэдээж өвөг дээдсүүд маань бодлоороо харьцаж чаддагийг эс тооцвол шүү дээ\   
Үүнээс өөрөөр бодож сэтгэж байгаагаа илэрхийлэх маш олон хэлбэрүүдийг хүн төрөлхтөн бий болгосон нь дуу хөгжим, уран зураг, дохио зангаа, дүрс бичиг, үсэг бичиг, томъёо товчлол гэх мэт үргэлжилнэ.
Үсэг бичиг ямар нэгэн хэлээр дамжиж биеждэг болохоор хэл, бичиг, сэтгэлгээ гурвыг  салгах аргагүй юм. Мэдээж бичиг үсэггүй ч дуржигнатал ярьдаг хүмүүсийг, ганц үг хэлж үзээгүй мөртлөө бүгдийг ойлгодог ярих чадваргүй цөөнхийг мартаж болохгүй. Тэхээр хүн шалтгаан нөхцлийг үл хамааран өсөхөөс нь эхлээд ямар хэлээр эргэн тойрныхон нь ярьж байна, тэр хэлээр буюу эх хэлээрээ сэтгэдэг байх нь.
Жишээ нь би заримдаа герман үгнүүд урд хойно нь оруулаад германаар яриад байгаа боловч  дотроо Монголоор сэтгээд байгаагаа анзаардаг. Ер нь өөр хэл ашиглах үед хүн эхлээд өөрийнхөө хэл дээр сэтгээд дараа нь  толгойдоо нөгөө хэл рүүгээ орчуулаад эцэст нь амаараа ярьж ойлголцдог. Энэ нь ихэвчлэн маш хурдан явагддаг тул олон хүмүүс тархиныхаа энэ их үйлдлийг анзаардаггүй.
Шинэ орчинд дасаад гадаад хэлээр чөлөөтэй харьцдаг болоод ирэх тусам тухайн хэлээрээ сэтгэж эхэлдэг юм шиг байгаа юм. Дасах тусам гадаад хэл дээр хэрэглэдэг үгүүдээ төрөлх хэл рүүгээ “орчуулах” асуудал тулгардаг болно. Сэтгэлгээ нь ондоо тул тохирсон үг амар олдохгүй. Төрөлх хэлээрээ гацаатай түгдэрч ярих, гадаад үг хавчуулж ярих гэх мэт асуудлууд үүснэ. Энэ нь “хэл, түүнийг биежүүлж байгаа бичиг нь эргээд СЭТГЭХҮЙдээ нөлөөлж байдаг“ гэсэн “энгийн” дүгнэлтэд хүргэнэ.
Орос хэл, сүүлийн үед англи, солонгос хэлнүүдийн давшилтад өртсөөр салмайж, сарсайсан нь дэндэж байгаа нэг хэл бол манай Төв Монгол хэл. Ямарваа хэл ийм нөлөөнд орох нь нэг их сайны ёр бишээр үл барам, хэлийг хэл биш болгосноор тухайн хэлээр ойлголцдог хүмүүсийн хувьд сэтгэлгээний “төөрөгдөл” үүсч яриад байгаа юм шиг хэрнээ бүрэн ойлголцож чадахгүй байдал үүсч байна.
Ер нь сонсож байгаа үгнийхээ утгыг бүрэн гүйцэд мэдэхгүй байна гэдэг бол өнгөц, ухвар мөчид сэтгэхийн эх үүсвэр болж, бусдыг аялдан дагамхай, олон аятайхан үг нийлүүлээд ярьж л байвал утгын авцалдаагүй ч байсан, бүүр өөрийнх нь эсрэг утгатай ч байсан толгойгоо бөнжигнөтөл дохиж л суудаг,  мөн чанарыг нь мэдэхгүй мөртөө хоосон цээж ханхалзуулж хамар сарталзуулан бардамнадаг хүмүүжлийн уг язгуур болоод байна л даа.
Манай багш нар социализмын үед олон гадаад үгийг орчуулалгүй авсан байдаг. Хор уршиг гэж нуршилгүй ганц л асуулт асууя. Арван жилдээ функцийн график зурж үзээгүй хүн гэж байдаггүй байх. Тэгвэл функц гэж яг юу вэ?  Нэг хувьсагчийн функц, олон хувьсагчийн функц, гармоник функц, функцын уламжлал гээд л зөндөө олон сонсож, бодож байсан байх.
Математикийн шинжлэх ухааны тодорхойлолт нь нэг ба түүнээс олон хэмжигдэхүүнүүдээс хамаарч, тэдгээрээр тодорхойлогддог  хувьсах хэмжигдэхүүнийг функц гэнэ гэсэн байдаг шүү дээ. Манайд тоог заахдаа тодорхойлолт бичүүлээд, шал абстракт хэдэн жишээ аваал шууд бодлого руу ордог. Хүүхдүүд тухайн хичээлийн мөн чанарын талаар маш бүдэг, төсөөлөл төдий ойлголттой хоцордог. Харин тухайн үгийг яг эх хэлээрээ ойлговол ондоо шүү дээ. Жишээ нь германаар ямар нэг зүйл ажиллахгүй, хүлээж байсан үйлдлийг нь хийхгүй байхыг „Es functioniert nicht“ гээд хэлчихдэг. Тэхээр герман хүүхдүүд бол функц гэдэг чинь ямар нэгэн үйлдэл хийдэг юм байна гээд шууд ойлгоно. Үнэхээр олон төрлийн функцүүдийн ард, янз янзын үйлдлүүд л байдаг шүү дээ. Жишээ нь хэдэн дараалсан тоо аваад зэрэг дэвшүүлдэг зэргийн функцүүдээр үйлчлүүлэхэд огцом өөрчлөлттэй утгуудыг өгдөг ба тэдгээр утгуудыг харгалзуулан хооронд нь холбож зурснаа графикийг нь хийчихлээ гэж ярьдаг. Үнэндээ график гэдэг үгийг нь ч монголоороо дүрслэл гээд сольчихвол аштай юу.
Өөрөөр тайлбарлавал, та сардаа мэдээж тодорхой хэмжээний мөнгө олж байгаа. Цалин буусны дараа найзуудтайгаа нэг газар сууна, цахилгаан, усны мөнгө төлнө гэх мэт тодорхой хэмжээний санхүүгийн үйлдлүүд явагддаг даа? Тэгвэл x – таны олж буй мөнгө, y – таны үрж буй мөнгө гэвэл f хэмээх санхүүгийн үйлдлүүдийг таны орлогоос хамаарсан зарлагын функц гээд y=f(x) бичдэг. Энэ f үрэлгэн, арвич хямгач, урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхдөг ч байж болно.  
Түүнчлэн бидний сэтгэхүй, тархины үйл ажиллагаа нь бас л функц буюу үйлдлүүд байдаг.Тодруулбал: х - таны уншиж, үзэж, сонсож буй мэдээллүүд, у - өөрийн тань дүгнэлт, ойлголт, үзэл бодол, итгэл үнэмшил гэвэл
f – тэдгээр мэдээллүүдийг оюун ухаанаараа, сэтгэлгээний арга барилаараа, далд ухамсраараа, зөн мэдрэхүйгээрээ шүүн тунгаадаг үйлдлүүд
ба f гэсэн үйлдлийн цогцыг мэдээллээс хамаарсан үзэл бодлын тань функц гэчихэж болно. Ямар мэдээлэл авч байгаагаас хүний үзэл бодол ихээхэн хамаарч байдаг. (жишээ нь би Өвөр Монголчуудын тухай үнэн бодит мэдээлэл авч байгаагүйгээс болоод, тэднийг үндсэндээ хятадчилагдсан гэж алд дэлэм эндүүрч явсан хүн)
Харин бидний дэвтрээ дүүртэл боддог байсан синус, косинус, зэргийн, логарифм зэрэг ихэвчлэн гадаад нэртэйгээсээ болоод хүүхдүүд мөн чанарыг нь огтхон ч мэддэггүй абстракт, математик хийсвэрлэлийн функцүүд бол ямарваа үзэгдлийг лавшруулан судлахад туслах хэрэглэгдэхүүнүүд төдий л юм.
Өөрөөр хэлбэл таны сар болгон төлдөг төлбөрүүд, хийдэг худалдаа гэх мэт зарлагууд чинь тодорхой ямар нэгэн зүй тогтолтой байх ба түүнийг математикийн хийсвэр функцүүдээр ойролцоогоор илэрхийлж хэрхэн зарлагаа багасгах вэ, эсвэл орлогоо ихэсгэх вэ гэх мэт бодлогуудыг бодоод, гарсан хариуг нь амьдралд дээр буулгаж ашиглахад туслах ёстой хийсвэр ойлголтууд юм.
Функцээс гадна маш олон ийм мэт үл ойлгогдох үгс сурах бичгээр дүүрэн бий. Тэдгээрийг ойлгомжтой болгох энгийн арга нь багш нар сурагчиддаа гадаадаар нэг хэлээд дараа нь “буюу” холбоос хэрэглэн Монголоор гол утгыг нь хэлдэг байхад болчих мэт. Хичээлийн хуваарь дээр хими буюу бодисыг шинжлэх ухаан, математик буюу тоог судлах ухаан, физик буюу байгалийн үзэгдлүүдийг шинжлэх ухаан, биологи буюу амьд бодгалийг судлах ухаан гээд биччихдэг бол хүүхдүүд юу судлахын тулд сургуульд явж алтан цагаа зарцуулж байгаагаа өдөр тутам мэдэрч зорилготой суралцах болов уу хэмээн мунхаглах юм, та юу гэж бодно?
Харин хамгийн үр дүнтэй аргыг би “өөрөөсөө эхлэх” гэж хэлмээр байна. Боловсролын тогтолцоо, улс төрийн тогтолцоо буруу байгаа нь ярилтгүй зүйл. Гэхдээ аливаа юмны мөн чанарыг хүн өөрөө л өөрөө өөртөө нээдэг шүү дээ.
Тэхээр та өдөр тутам яригдаж байдаг зарим үгүүдийн яг юу болохыг мэдэхийн тулд үргэлж эрэлхийлж байгаарай. Ардчилал гэж яг юу вэ? Төр гэж юу вэ? Мөнгө гэж юу вэ? Хүний эрх, үүрэг гэж юу вэ? Үнэхээр эрхээ эдлэчихээд үүргээ биелүүлэх ёстой гэж үү? Үүргээ биелүүлсэн нь эрхээ эдлэх ёстой биш үү?  
Түүнчлэн шинээр сурч байгаа гадаад үгүүдээ Монголоор яаж оновчтой илэрхийлэх вэ гэж байнга сэтгэж ажиллаарай.
Бяцхан хүүхдүүддээ Монгол үлгэр уншиж өгч эх хэлийг нь эрхэмлэж эзэмшүүлээрэй. Үүгээр чинь дамжиж үгэн дотор үг нууцалдаг, утган доторхи утгыг тайлдаг, нэг үгээр мянган утга илэрхийлдэг, цээжнээс цэцэн үгсийг дэлгэрүүлдэг, ухаанаас уран үгсийг ундруулдаг, дэлхийн энгээр орчлонг цоо сэтгэдэг Монгол сэтгэлгээ удамшин, үеийн үед залгамжлагдах болно.  
 
Монгол улс мандан бадрах болтуухай. 

Мэхийн ёсолсон, Монгол Удам
2012

Үл мэдэг жиндүүхэн авч бээрэмгүй, гэхдээ амнаас хөнгөхөн уур савсаж, удаан зогсвол даарах шинжтэй ... үдшүүдийг санаад л ...

Надаас хэдхэн алхмын зайд
Намрын борооноос эсвэл хаврын цаснаас
Тунаж үлдсэн эсвэл хайлаад хоцорсон
Тэрүүхэндээ тэнгэрийг өөртөө тусган гялайх
Бяцхан шалбааг, буцаад царцах нь сонстож
Бүртийх үүлгүй тэнгэрт одод мичид нь гялалзавч
Бүүдийх тэртээ хаяа нь наран цацрагт гийгүүлэгдэж
Бүдэг цэнхэрээс гүн харанхуй руу ууссан
Би өөр хаана ч олж үзээгүй тэр Монгол тэнгэрийг,
Би өөр хаана ч амталж чадаагүй тэр Монгол амьсгалыг,
Би өөр хаана ч мэдэрч болоогүй тэр их амар тайвныг...

Үг хэлэх тоолонд үл мэдэг уур ярьсныг гэрчилж
Үеийн нөхдийн инээлдэх дуун орчлон амьдыг гэрчлэх
Аяа тэр л арай дулаарч амжаагүй хаврыг,
Аяа тэр л арай хүйтрэх болоогүй намрыг,
Тийм сэрүүхэн цоглог үдшүүдийг,
Тийм сэтгэлд дулаахан агаарыг,
Шарласан мод, салхи, навчсын сэрчигнээнтэй нь
Сар, гудамжны гэрэл, замхрах онгоцны утаатай...
Салгаж сонсохын аргагүй нотгүй амьдралын чимээтэй нь
Санаад байна аа таныгаа Эх орон минь!
Сайхан мэдээ аваад очноо ивээ намайгаа.


 Эх орноо санасан, Монгол Удам
2011.07.02 

Нэгэн киноноос төрсөн сэтгэгдэл

 Хичнээн агуу ч энэ хайр ямар гунигтай юм бэ? Харахад хичнээн өрөвдмөөр бас атаархмаар юм бэ?
Хүнийг түүн шиг хайрлаж чадахгүйдээ гутарч бас баярланам. Хайраас өөр хийх зүйлтэйдээ олзуурхаж бас харамснам.
Тэд ийм хайртай учраагүй байсан бол тийм амжилтанд хүрч чадах байсан болов уу?
Тэр их хайраасаа илүү зүйлийг золиослож чадахгүй байсан болохоор, өөрсөддөө байсан хамгийн үнэтэй зүйл болох "хайр сэтгэлээ" золиослож байж амьдралынхаа замыг сонгосон болохоор, тийм өндөр үнээр олдсон ажлаа хамгийн сайнаар хийж тэгээд ч түүхэнд нэрээ мөнхөлж чаджээ. Jane Austin, Thomas Lefroy
Надад тийм халуун сэтгэл, тийм халуун дурлал тохиохгүйд Бурханд баярлаж, өөртөө гомдоё.
Хайраар дэлбээлж, хайраар шатаж, хайраар хурцалж, хайраар хагдарсан халуун залуу наснуудын өмнө нэгэнтээ бөхийе. Хайраар дэлбээлж амжаагүй байхдаа хагдраад хатуужчихсан, хатуужихдаа амьдралын хөрснөөс аль байдгаараа, хамаг чадлаараа зуураад шигдчихсэн "модон" цэцэг билээ би.

... Хайр чи хичнээн увайгүй юм бэ
Хиргүй тунгалаг сэтгэлүүдийг юунд тэгтлээ зовооном?
Хичнээн их зовлон гуниг бэтгэрлээс
Хэн, юуг хожиж байгаа юм тэгээд?
Хөггүй хөгжмөөр хөнгөхөн ая дарах шиг
Хүний сэтгэлээр даанч дэндүү тоглох юм чи
Хөөрхий залуусын шаналал уйтгар цөхрөл
Хөгжилтэй байна уу чамд? Хэлээч.


Аруухан гэгээлэг, агуу их хайрын тань төлөө би танд мэхийе.
Аа харин. Тэр их сэтгэлийг тань би бишрэе. Бас тэвчээрийг тань.
Үнэнийг хэлэхэд, энэ насыг таных шиг хайргүйгээр өнгөрөөнө гэхээр уйтгартай байгаа боловч өөрт минь хийх ажил дэндүү их, оюун санаа сэтгэл зүрхэнд минь түүнийг багтаах орон зай байхгүй учраас хөнгөхөн шохоорхлоор сэтгэлээ зугаацуулаад, дуу аялж дундуур нь исгэрсэн шиг өөрийнхөө замаар хөгжилтэй цааш алхаллаа шүү. Хонгор Jane! Хонгорхон дурлагчид минь!

Та бүхний агуу хайрыг гүнээ хүндэтгэсэн: Модон цэцэг