Posts mit dem Label Ур дүй werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Ур дүй werden angezeigt. Alle Posts anzeigen

Donnerstag, 9. August 2012

Би бол ван, би боол, би - өт, бас БУРХАН.



Зээ хө, би гэдэг хүн ни герман хэлээ сайжруулах нэгэн аргыг өөр дээрээ туршсан маань энэ хэл дээр “уран зохиолын ном унших” байв. Ер нь уран зохиолд хорхойсдоггүй хүн цөөн байдаг байх, харин бүүр донтогчдын тэргүүн эгнээнд хацар дээрээ ялааны баас шиг ов товхон сэвхтэй нэгэн өндөр хүүхэн давхиж харагдах нь үүнийг бичиглэгч юм аа. 

... Хэл анхлан суралцагч над мэтийн хөөрхийсүүд уг ни үсгийн хэмжээ томхон, мөр хоорондын зай холхон, зураг хөрөг арвинтай номнуудыг сонговол хурдан хурдан уншаад урамтай байх байж хэмээн үг, үсэг шигүү бичигдсэн, ганцын төдий зураггүй найман зуу гаран хуудсыг уншиж байхдаа хэд хэдэн удаа харамссанаа нуугаад яахав. Тэдгээр хуудсууд нийлээд Ф.М.Достоевскийн “Чөтгөрүүд” хэмээх роман болно.
Тэнэг, тэг дундуур ни гэгчээр энэ бас их сайн юм боллоо, учир ни Оросын үндэстний үзлийн тухай  би энэ номноос олныг уншив. 

Оросууд ч бас нэгэн үед гадныхныг “шүтдэг” байсан. Герман гэхээр юу ч байсан “отличный” болж, Оросынх гэхээр ямар мундаг ч “плохой”-дож нутагтаа гологддог үе байсан. Арван долоогоос арван есдүгээр зууныг дуустал энэ үргэлжилсэн. Яахав, Европууд газарзүйн их нээлтийг хийж, шинэ шинэ тивүүдийг колоничлон газар нутгаа өргөтгөж, баяжиж, “алтжиж”, бас шинжлэх ухаан физикжиж, философи улам “гүнзгийрч” байхад эх газрын Оросууд хуучинсаг янзаараа, дундад зуунаараа үлдсэн байсан. Харсаар байтал хажуудах улсууд нь урагшлаад явчихыг Хаан I Петр өөрийн биеэр Европод жуулчлан явж мэдсэн гэдэг. Олон олон шинэтгэлийг тэр Орос оронд авчирсан, шашин ханхалсан Орос хэмээх байшинд шинжлэх ухааны салхийг оруулсан. Олон залуусыг Германд сургасны нэг нь бидний сайн мэдэх алдарт химич Ломоносов. 

Далан нурахад боогдсон ус асар хүчтэй сад тавидгийн адилаар олон талаар хоцорсноо мэдсэн Оросын ард түмэн Нэгдүгээр Петрээсээ хэд дахин илүү гайхан биширч, өөрсдөө хэт жижгэрч, шинжлэх ухааныг шүтэж, гадныхан, тэр дундаа Герман, Францыг бараг л бурханчлан тахисан. Яг л Ардчилсан хувьслаас хойш Монголчууд өөрснөөсөө бусдыг өндрөөр үнэлж, өөрсдийгөө өт хорхой мэт үзэж эхэлсэнтэй адил... Хүн төрөлхтний “уулгамч” зан гэчихвэл хөнгөдөхгүй байгаа.
“Ногоолин хайрцаг” гэдэг нэг ном надад байсан юм. Түүнийг би лав хорин удаа уншсан. Хувьсгалаас өмнөх Орос орны газрын баялагийг, за ер ни нэлэнхүйд ни Германууд хэрхэн тонон хоосруулж байсан тухай гардаг. Ихэнх уурхай, үйлдвэрийн эзэд, баячууд ни Герман хүмүүс байсан ба тэдэнд бялдуучлах Орос дарга нар ядуу ажилчдаа хэрхэн дарлаж байсныг дурсамж маягаар олон өгүүллэгт хуваан гаргасан ном. Басхүү бодит мэдлэг, туршлагагүй Герман мэргэжилтнүүд, түүхий шинжлэх ухаанчдыг Орос мастерууд унаган авияас чадвар, дадлагаар олж авсан амид танин мэдэхүйгээрээ хэрхэн “мадлаж” байсныг бахархалтай өгүүлнэ. За энэ бол өөр сэдэв.
Толгой сэргэг ажилладаг язгууртны хүүхэд болгон гадаадад боловсрол эзэмшиж, эх хэлээрээ зөв ч бичиж чадахаа байсан үе Орост байсан. Өөрөөр хэлбэл Оросууд өөрсдийнхөө юуг ч үнэлдэггүй байсан гэсэн үг. Өөрсдийгөө үгүйсгэж байсан гэсэн үг. Энэ бүхний хор уршгийг олж харж үндэстнийхээ үзлийг тодорхойлохыг хичээж байсан хүмүүс мэдээж байлгүй яахав, ялангуяа зохиолчид энэ үүргийг голчлон ба гарамгай гүйцэтгэсэн. Октябрын хувьсгал хэдхэн сарын дотор бүх Оросыг хамарч засгийн эрхийг ажилчин, тариачдын гарт өгсөн байж болноо, гэхдээ энэ хувьсгалын “сэтгэлзүйг” хэдэн арван жилийн турш Оросын их зохиолчид гардан бэлтгэсэн байдаг.
Хувьсгалыг хэн хийх вэ? Ард түмэн хийнэ. Түүн дотроо голлох үндэстэн хийнэ. Үндэстэн гэж юу вэ? Нэгэн нийтлэг шинжийн доор цугларсан олон хүмүүс. Тэр нийтлэг шинж нь юу вэ? Тэр нь “тухайн хүмүүсийн” буюу “үндэстний” үзэл санаа. Тэхээр үндэстэн бүрийн Үндэсний үзэл нь өөр байж таарах нь. Яагаад гэвэл газар газрын хүн зоны амьдрах орчноос эхлүүлээд, уламжлал, зан заншил, сэтгэхүйн арга барил, итгэл бишрэл нь ондоо шүү дээ. Шууд хэлбэл, хүмүүс ни ондоо учраас, Үндэстнүүд  ондоо, Үндэстнүүд ондоо учраас Үзэл Санаа ни бас ондоо байна. Гагцхүү Үндэстний үзэл үүсэн бүрэлдэх зүй тогтол адилхан байж болох юм. Өөрөөр хэлбэл ГАЗАР НУТАГ буюу БАЙГАЛИ ОРЧИН, ХЭЛ СОЁЛ буюу ТҮҮХ, ХҮҮН буюу ЭРҮҮЛ МЭНД, АХУЙ буюу ЭДИЙН ЗАСАГ, ТАРХИ буюу МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, БОЛОВСРУУЛАХ ЗАРЧИМаа хамгаалах арга ухаанаа боловсруулснаар тэр ни ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ болдог зүй тогтол.  Ингээд харвал Үндэстний үзэл бол өөрийн гэсэн бүхнээ хамгаалах “хамгаалалтын бодлого”. Яаж хамгаалах вэ гэдгийг тоймлон тогтооно гэдэг харин санаснаас бэрхшээлтэй. Учир ни уг үндэстэнд харияалагдаж буй бүх хүмүүсийг энэ бодлого доороо нэгтгэх ёстой, болж өгвөл бүүр бүгдийнх ни саналыг авах ёстой. (Дашрамд хэлэхэд олон түмний санал, сэтгэлийг хураах хамгийн шилдэг арга ни Аравтын зохион байгуулалтын хэлбэр юм. )

Хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөн нэгтгэх үйл явц нилээн удаан, хоёр гурван үе дамжин бэлтгэгдэнэ. Өвөөгийн үед яригдаж эхэлсэн шинэ санаа, ач хүүгийн үед биелэлээ олно гэсэн үг. Зиа яг энэ бэлтгэлийг манай зохиолчид хангасан байгаа юм даа. Пушкинаас эхлээд, Лермонтов, Некрасов, Гоголь, Белинский гэх мэт олон олон суут зохиолчид, мэдээж бас Достоевский.
“Чөтгөрүүд” зохиолоос би зохиолчийг өөрийг нь (чадлаараа л) хайв. Хэн гэдэг дүрийнхээ ямар үгээр юу гэж хэлэхийг хүсэв? Хэзээ, хаана зохиолч яг өөрөө гарч ирж хэдэн үг хэлчихээд буцаад дүрийнхээ ард нуугдчихаж байна?... гэх мэтчилэн, гэх мэтчилэн. Учир ни эл зохиолыг тэрээр 50 гаран насандаа туурвисан. Оюуны бүтээл ид боловсордог нас. Олон олныг үзэж туулсныхаа дараа охилон дээжилж ард түмэндээ барисан бэлэг. Иймээс үндэстний үзэлтнүүдийг дооглон тохуурхагчдаас эхлээд үл тоогчид, зөвхөн өөрийгөө бодож амидрагсад, зүгээр л материаллаг эд зүйлд шунан дурлагчдад Достоевскийн энэ зохиол, заримдаа аянгын цохилтыг өгч, заримдаа ахын ёсоор сургаж басхүү андын дайтай зөвлөж ч зүй ёсоор чадах юм.
Ингээд “түүний” зарим ишлэлийг орчуулан хүргэсү. 

 “Хэн төрсөн нутгаасаа хүйн холбоо тасарна, тэр бүх шүтээнээ алдана, бүх зорилгоо, өөрийгөө ч алдана.”

“... Үндсэндээ энэ бүгд зүгээр суухаас эхтэй. Энд ч ялгаагүй бидний бүх л зүйл, бүүр сайн нь ч тэр, сайхан нь ч тэр зөвхөн анхиагүй зүгээр суухаас л гарч ирж байна. Бүгд, бүх зүйл нөгөөх л бидний хайртай, чухал, боловсон, олон ааштай “ажилгүй суулт”-аас бий болж байна. Би үүнийг олон жилийн туршид сануулсаар ирлээ. Өөрийнхөө хөдөлмөрөөр амьдардаг гэдгийг Оросууд ойлгоогүй байна. Гэтэл бүгд л олон нийтийн үзэл санаа гэдгийг нэг өдөрт бий болчих юм шиг ярих юм? Тэр үзэл санаа нь надаас чамаас биш, Тэнгэрээс гэнэт буугаад ирнэ гэж үү? Олон нийтийн үзэл санаатай байхын тулд юуны түрүүнд өөрийнхөө хүчээр, өөрөө бүтээж, бий болгож, өөрөө хөдөлмөрлөж, дадлага туршлага хуримтлуулах хэрэгтэй гэдгийг ойлгохгүй байна гэж үү? Хичээл зүтгэл үгүй бол үнэ цэнэ үгүй. Бид өөрсдөө ажиллаж үзэж байж л тодорхой үзэл бодол, мэдлэгтэй болно шүү дээ. Хэрвээ бид өөрсдөө хэзээ ч хөдөлмөрлөж эхлэхгүй бол өнөөдрийг хүртэл бидний өмнөөс ажилласаар ирсэн тэдгээр Европууд, бидэнд сүүлийн хоёр зууны туршид багшилсаар ирсэн тэр Германуудын заасан, тэдний ноёрхсон тэр л үзэл санааг дагах ёстой болно. Тэр тусмаа Орос бол Германгүйгээр, ажил хөдөлмөргүйгээр, бид дангаараа, одоо байгаагаараа учрыг ни олж чадахааргүй эмх замбараагүй ахуй юм. Яг ингэж би сүүлийн хорин жилийн туршид Шуургын дохиог хонходсоор ажил хөдөлмөрт уриалан дуудсаар байна. Бүхий л амьдралаа би энэ хонхыг дуугаргахад зориулсан, одоо ч гэсэн дуудсаар, хонхоо дугтарсаар байна, үхэн үхтлээ ингэж уриалсаар байх болно, тэр хонхыг, тэр дохиог гараас минь автал оршуулгынхаа ёслол дээрээ ч би дуугаргасаар байх болно.” 

“Би үеээ өнгөрөөсөн нэг муу хөгшин эр боловч дараах зүйлийг баяртайгаар хэлэхийг хүснэ. Одоо үе, бидний хүүхдүүдийн энэ цагт амьдралын утга учир яг л бидний үе шиг дарцаглаж, сүр хүч нь огтхон ч ширгээгүй байнам.  Одооны залуусын урам зориг цэвэр ариун, гэрэл гэгээтэй, яг тэхэд бидэнд байсан шиг. Нэг л зүйл өөр болсон. Тэдний зорилго өөрчлөгдөж, нэг гоо сайхныг өөр нэг гоо сайхнаар орлуулдаг болсон... Аль нь илүү сайхан бэ? Шекспир үү, хос гутал уу? Раффаэл уу нефть үү? Үүн дээр санал зөрөлдөөд байгаа юм. Би харин хэлдэг, Шекспир ба Раффаэл нар хамжлагат ёсыг ялахаас ч өндөрт,  ард түмний нэгдлээс, социализмаас, химээс, бүхэл бүтэн залуу үеээс ч илүү өндөрт тавигдана гэж, бүхий хүн төрөлхтнөөс ч илүү чухалд  тооцогдоно гэж. Яагаад гэвэл тэд бүх хүн төрөлхтний үр жимс, магадгүй ерөөсөө байж болох хамгийн дээд үр дүнг бий болгосон. Тэр ялгуусан гоо сайхангүйгээр магадгүй би амьд гэдгээ ч мэдрэхгүй байсан байх. Англичуудгүйгээр, Германгүйгээр, Оросгүйгээр хүн төрөлхтөн цаашид оршин байсаар байхыг, шинжлэх ухаангүйгээр, талхгүйгээр амьдарч чадахыг, гагцхүү Гоо сайхан гэгчгүйгээр ертөнц өөрийгөө хөнөөхийг та нар ойлгохгүй байна гэж үү? Энэ бол дэлхийн түүхийн бүрэн нууц. Тэр бүү хэл шинжлэх ухаан ч гоо сайхангүйгээр оршин байж чадахгүй...”

“Амиа хорлохгүй амьдрахын тулд Бурхан гэдгийг хүн өөрөө санаанаасаа зохиосон.”

“Өдийг хүртэл шашингүй ард түмэн, үндэстэн гэж нэг ч байгаагүй. Энэ нь сайн, муугийн тухай ухагдахуунгүй ард түмэн гэж байхгүй гэсэн үг. Үндэстэн бүр сайн, муугийн тухайд өөрийн гэсэн өвөрмөц ойлголттой. Өөрсдийн нүгэл, буяны хэмжүүртэй. Сайн ба муугийн тухай энэ ойлголтууд олон үндэстний хувьд адилшаад ирэх үед тэдгээр үндэстнүүд мөхөх ба тэхэд сайн муугийн ялгаа арилж үгүй болж эхэлнэ. Хэзээ ч хүний оюун ухаан сайн ба мууг тодорхойлох, адаглаад барагцаагаар зааглаж чадахуйц хэмжээнд байгаагүй бөгөөд эсрэгээр ни эдгээр ойлглолтуудыг өрөвдөм басхүү ичгүүртэйгээр холиж солисоор ирсэн, шинжлэх ухаан гэхэд л энэ асуудалд маш бүдүүлэг хариултыг л өгч чадаж байна.” 

“Аливаа Үндэстэн оршин байсан цаг хугацааны мөчлөгт гарч байсан үйлдэл бүрийн зорилго нь Бурханыг хайх, өөрийн гэсэн, зөвхөн өөрсдөө итгэдэг Бурханыг заавал хайж олох байсан. Бурхан бол тухайн ард түмний хүн чанарын цогц юм. Хэзээ ч бүх Үндэстэн, эсвэл олон тооны Үндэстнүүд адилхан Бурхан, адил шүтээнтэй байсан нь үгүй бөгөөд эсрэгээр бүгд өөрсдийн гэсэн онцгой Бурхантай байсаар ирсэн.”

Шашин хэмээх маргаантай хэрнээ хамгийн хүчирхэг нэгэн ойлголт. Шашин гэж ... угтаа тухайн улс түмний ИТГЭЛ БИШРЭЛ л гэсэн үг шүү дээ. Хүн юунд итгэнэм, сэтгэл нь тэр зүгт хандаж, түүнд захирагддаг учраас шашнаар дамжуулж үндэстэн угсаатнуудыг өлмийдөө өвдөг сөхрүүлдэг арга маш удаан хугацаанд амжилттай хэрэгжиж байсан. Шинжлэх ухаан шашныг эсрэгцэн гарч ирсэн боловч, одоо өөрөө эргээд өөр нэгэн төрлийн шашин болох замдаа шааригдаж буй.
“Хүн төрөлхтөн Бурханыг хайсаар ирсэн” гэж зохиолч хэлжээ. Би бол Монголчуудаас бусад нь тийм гэж хэлмээр байна. Харин Монголчууд бол ҮНЭН-ийг хайсан ба олсон. Хэн нэгэн Бүтээгчийг хайхаасаа илүүтэй, оршин байхуйн зүй тогтлыг эрэн бэдэрсэн ба мэдсэн. Зүй тогтол гэдэг бол хууль. Тэхээр Ертөнцийн Оршихуйн Хуулийг нээн ойлгож түүнд захирагдахаас илүү юм юу байх билээ. Хэрхэхийг ТЭНГЭР мэднэ хэмээхүй ийм учиртай...
Тийм юм бол тэр ХУУЛЬ чинь хаа байна? Яагаад би мэдэхгүй байгаа юм? Яагаад Монголчууд өнөөдөр тэгвэл ийм гуйлгачин байгаа юм? ... гэх мэт асуултыг зарим уншигч авгай тавих нь зүй ёсных. Тэр хууль бол Их Засаг хууль болон “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах хутагтай Алтан Дээд ГЭР ИЭ” гэх судруудад, үлгэр домог, туульс хайлсад нуугдсан байгаа даа. Тэгээд “Эх орноо хайрла, ТҮҮХЭЭ СУДАЛ” гэж би өөрийн зүгээс нэмье. Зөвхөн би ч биш. Ф.М.Достоевский бас зөвлөж байгаа юм. Яагаад гэвэл энэ номонд “дэлхийн түүх харуулж байна” гэсэн дөрвөн үг ороогүй сэтгэлд хүрсэн харилцан яриа байгаагүй. Гэхдээ нэг анхаарууштай нь тухайн үеийн Оросууд дэлхийн түүх гэдэгтээ зөвхөн Европын түүхийг л оруулдаг байсан, өөр түүхийг мэддэггүй, мэдлээ гэхэд Арав, Энэтхэг, Хятадаар хязгаарлагддаг байсан биз. (Хэрвээ Достоевский Монголын ҮНЭН түүхийг мэддэг байсан бол түүний зохиолууд тийм эмгэнэлтэй байхгүй байхсан...)
Тэхээр эндээс түүх судлахын ач холбогдлыг гарган авч байгаа юм. Хэзээ ч ямар үед хэрхэн зөв шийдвэр гаргахаа мэдэхийн тулд хүн өөрийгөө таних хэрэгтэй. Өөрийгөө танихын тулд эхлээд түүхээ судлах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ түүхийг судласнаар танд хэний ямар ген удамшсаныг, хэний ямар эрчим хуралдсаныг олж эзэмшинэ гэсэн үг. Ер ни ямар ч юмны мөн чанарыг олж харахын тулд бас л хаанаас эхтэй, ямар зорилгоор бий болсныг судлах ёстой болдог. 

Феодор Михайловичийн хувийн амьдрал, янз бүрийн зүйлийг мэдэхийг огт хичээсэнгүй. Нийтэд чиглэсэн үзэл бодол нь юу байв гэдгийг олж үзэхийг эрмэлзлээ. Үүнтэй бас адилаар Үндэстний дорой буурай байдал, үзэмж, өнөө маргаашийн мөнгө төгрөгний асуудал “ёстой яамай” юм. Үндэстнийг ҮЗЭЛ САНАА нь тодорхойлно. Энэ Үзэл санаан дороо хэр бат нэгдсэн нь тодорхойлно. Хэрвээ энэ эв нэгдлээс зугтвал, эх орноо гээвэл юу болдгийг Ф.М.Достоевскийн анхааруулсныг дахин сануулсу:
“Хэн төрсөн нутгаасаа хүйн холбоо тасарна, тэр хүн бүх шүтээнээ алдана, бүх зорилгоо, өөрийгөө ч алдана.”

Хүндэтгэн ёсолсон, Монгол Удам

Samstag, 14. Juli 2012

Эх хэлний гажуудлаас үүссэн сэтгэлгээний "төөрөгдөл"-ийг багасгах зарим санаа

Өсөхөөс сурсан Үндэсний хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон.
Монгол цустай, Монгол хэлтэйн хувьд, үр хүүхдүүд маань ч энэ л хэлээр ярьцгаах болно гэж хатуу итгэдэг хүний хувьд зарим нэг шүүмжлэл, санаа оноогоо хамтатган бичлээ. Сурч боловсрохын хүслээр жигүүрлэн яваа зарим дүү нарт хэрэг болж магад гэж бодсоны тул ийнхүү хэл шинжлэлийн тухай том сэдвийг зориглон барьж авав.
Хэл гэдэг бол хэрхэн сэтгэж байгааг илэрхийлэх хамгийн чухал хэрэгсэл гэж би ойлгодог. Маш олон төрөл, аялгатай ба ижил хэлтэй хүмүүсийн хувьд хоорондоо ойлголцох хамгийн хурдан арга. \мэдээж өвөг дээдсүүд маань бодлоороо харьцаж чаддагийг эс тооцвол шүү дээ\   
Үүнээс өөрөөр бодож сэтгэж байгаагаа илэрхийлэх маш олон хэлбэрүүдийг хүн төрөлхтөн бий болгосон нь дуу хөгжим, уран зураг, дохио зангаа, дүрс бичиг, үсэг бичиг, томъёо товчлол гэх мэт үргэлжилнэ.
Үсэг бичиг ямар нэгэн хэлээр дамжиж биеждэг болохоор хэл, бичиг, сэтгэлгээ гурвыг  салгах аргагүй юм. Мэдээж бичиг үсэггүй ч дуржигнатал ярьдаг хүмүүсийг, ганц үг хэлж үзээгүй мөртлөө бүгдийг ойлгодог ярих чадваргүй цөөнхийг мартаж болохгүй. Тэхээр хүн шалтгаан нөхцлийг үл хамааран өсөхөөс нь эхлээд ямар хэлээр эргэн тойрныхон нь ярьж байна, тэр хэлээр буюу эх хэлээрээ сэтгэдэг байх нь.
Жишээ нь би заримдаа герман үгнүүд урд хойно нь оруулаад германаар яриад байгаа боловч  дотроо Монголоор сэтгээд байгаагаа анзаардаг. Ер нь өөр хэл ашиглах үед хүн эхлээд өөрийнхөө хэл дээр сэтгээд дараа нь  толгойдоо нөгөө хэл рүүгээ орчуулаад эцэст нь амаараа ярьж ойлголцдог. Энэ нь ихэвчлэн маш хурдан явагддаг тул олон хүмүүс тархиныхаа энэ их үйлдлийг анзаардаггүй.
Шинэ орчинд дасаад гадаад хэлээр чөлөөтэй харьцдаг болоод ирэх тусам тухайн хэлээрээ сэтгэж эхэлдэг юм шиг байгаа юм. Дасах тусам гадаад хэл дээр хэрэглэдэг үгүүдээ төрөлх хэл рүүгээ “орчуулах” асуудал тулгардаг болно. Сэтгэлгээ нь ондоо тул тохирсон үг амар олдохгүй. Төрөлх хэлээрээ гацаатай түгдэрч ярих, гадаад үг хавчуулж ярих гэх мэт асуудлууд үүснэ. Энэ нь “хэл, түүнийг биежүүлж байгаа бичиг нь эргээд СЭТГЭХҮЙдээ нөлөөлж байдаг“ гэсэн “энгийн” дүгнэлтэд хүргэнэ.
Орос хэл, сүүлийн үед англи, солонгос хэлнүүдийн давшилтад өртсөөр салмайж, сарсайсан нь дэндэж байгаа нэг хэл бол манай Төв Монгол хэл. Ямарваа хэл ийм нөлөөнд орох нь нэг их сайны ёр бишээр үл барам, хэлийг хэл биш болгосноор тухайн хэлээр ойлголцдог хүмүүсийн хувьд сэтгэлгээний “төөрөгдөл” үүсч яриад байгаа юм шиг хэрнээ бүрэн ойлголцож чадахгүй байдал үүсч байна.
Ер нь сонсож байгаа үгнийхээ утгыг бүрэн гүйцэд мэдэхгүй байна гэдэг бол өнгөц, ухвар мөчид сэтгэхийн эх үүсвэр болж, бусдыг аялдан дагамхай, олон аятайхан үг нийлүүлээд ярьж л байвал утгын авцалдаагүй ч байсан, бүүр өөрийнх нь эсрэг утгатай ч байсан толгойгоо бөнжигнөтөл дохиж л суудаг,  мөн чанарыг нь мэдэхгүй мөртөө хоосон цээж ханхалзуулж хамар сарталзуулан бардамнадаг хүмүүжлийн уг язгуур болоод байна л даа.
Манай багш нар социализмын үед олон гадаад үгийг орчуулалгүй авсан байдаг. Хор уршиг гэж нуршилгүй ганц л асуулт асууя. Арван жилдээ функцийн график зурж үзээгүй хүн гэж байдаггүй байх. Тэгвэл функц гэж яг юу вэ?  Нэг хувьсагчийн функц, олон хувьсагчийн функц, гармоник функц, функцын уламжлал гээд л зөндөө олон сонсож, бодож байсан байх.
Математикийн шинжлэх ухааны тодорхойлолт нь нэг ба түүнээс олон хэмжигдэхүүнүүдээс хамаарч, тэдгээрээр тодорхойлогддог  хувьсах хэмжигдэхүүнийг функц гэнэ гэсэн байдаг шүү дээ. Манайд тоог заахдаа тодорхойлолт бичүүлээд, шал абстракт хэдэн жишээ аваал шууд бодлого руу ордог. Хүүхдүүд тухайн хичээлийн мөн чанарын талаар маш бүдэг, төсөөлөл төдий ойлголттой хоцордог. Харин тухайн үгийг яг эх хэлээрээ ойлговол ондоо шүү дээ. Жишээ нь германаар ямар нэг зүйл ажиллахгүй, хүлээж байсан үйлдлийг нь хийхгүй байхыг „Es functioniert nicht“ гээд хэлчихдэг. Тэхээр герман хүүхдүүд бол функц гэдэг чинь ямар нэгэн үйлдэл хийдэг юм байна гээд шууд ойлгоно. Үнэхээр олон төрлийн функцүүдийн ард, янз янзын үйлдлүүд л байдаг шүү дээ. Жишээ нь хэдэн дараалсан тоо аваад зэрэг дэвшүүлдэг зэргийн функцүүдээр үйлчлүүлэхэд огцом өөрчлөлттэй утгуудыг өгдөг ба тэдгээр утгуудыг харгалзуулан хооронд нь холбож зурснаа графикийг нь хийчихлээ гэж ярьдаг. Үнэндээ график гэдэг үгийг нь ч монголоороо дүрслэл гээд сольчихвол аштай юу.
Өөрөөр тайлбарлавал, та сардаа мэдээж тодорхой хэмжээний мөнгө олж байгаа. Цалин буусны дараа найзуудтайгаа нэг газар сууна, цахилгаан, усны мөнгө төлнө гэх мэт тодорхой хэмжээний санхүүгийн үйлдлүүд явагддаг даа? Тэгвэл x – таны олж буй мөнгө, y – таны үрж буй мөнгө гэвэл f хэмээх санхүүгийн үйлдлүүдийг таны орлогоос хамаарсан зарлагын функц гээд y=f(x) бичдэг. Энэ f үрэлгэн, арвич хямгач, урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхдөг ч байж болно.  
Түүнчлэн бидний сэтгэхүй, тархины үйл ажиллагаа нь бас л функц буюу үйлдлүүд байдаг.Тодруулбал: х - таны уншиж, үзэж, сонсож буй мэдээллүүд, у - өөрийн тань дүгнэлт, ойлголт, үзэл бодол, итгэл үнэмшил гэвэл
f – тэдгээр мэдээллүүдийг оюун ухаанаараа, сэтгэлгээний арга барилаараа, далд ухамсраараа, зөн мэдрэхүйгээрээ шүүн тунгаадаг үйлдлүүд
ба f гэсэн үйлдлийн цогцыг мэдээллээс хамаарсан үзэл бодлын тань функц гэчихэж болно. Ямар мэдээлэл авч байгаагаас хүний үзэл бодол ихээхэн хамаарч байдаг. (жишээ нь би Өвөр Монголчуудын тухай үнэн бодит мэдээлэл авч байгаагүйгээс болоод, тэднийг үндсэндээ хятадчилагдсан гэж алд дэлэм эндүүрч явсан хүн)
Харин бидний дэвтрээ дүүртэл боддог байсан синус, косинус, зэргийн, логарифм зэрэг ихэвчлэн гадаад нэртэйгээсээ болоод хүүхдүүд мөн чанарыг нь огтхон ч мэддэггүй абстракт, математик хийсвэрлэлийн функцүүд бол ямарваа үзэгдлийг лавшруулан судлахад туслах хэрэглэгдэхүүнүүд төдий л юм.
Өөрөөр хэлбэл таны сар болгон төлдөг төлбөрүүд, хийдэг худалдаа гэх мэт зарлагууд чинь тодорхой ямар нэгэн зүй тогтолтой байх ба түүнийг математикийн хийсвэр функцүүдээр ойролцоогоор илэрхийлж хэрхэн зарлагаа багасгах вэ, эсвэл орлогоо ихэсгэх вэ гэх мэт бодлогуудыг бодоод, гарсан хариуг нь амьдралд дээр буулгаж ашиглахад туслах ёстой хийсвэр ойлголтууд юм.
Функцээс гадна маш олон ийм мэт үл ойлгогдох үгс сурах бичгээр дүүрэн бий. Тэдгээрийг ойлгомжтой болгох энгийн арга нь багш нар сурагчиддаа гадаадаар нэг хэлээд дараа нь “буюу” холбоос хэрэглэн Монголоор гол утгыг нь хэлдэг байхад болчих мэт. Хичээлийн хуваарь дээр хими буюу бодисыг шинжлэх ухаан, математик буюу тоог судлах ухаан, физик буюу байгалийн үзэгдлүүдийг шинжлэх ухаан, биологи буюу амьд бодгалийг судлах ухаан гээд биччихдэг бол хүүхдүүд юу судлахын тулд сургуульд явж алтан цагаа зарцуулж байгаагаа өдөр тутам мэдэрч зорилготой суралцах болов уу хэмээн мунхаглах юм, та юу гэж бодно?
Харин хамгийн үр дүнтэй аргыг би “өөрөөсөө эхлэх” гэж хэлмээр байна. Боловсролын тогтолцоо, улс төрийн тогтолцоо буруу байгаа нь ярилтгүй зүйл. Гэхдээ аливаа юмны мөн чанарыг хүн өөрөө л өөрөө өөртөө нээдэг шүү дээ.
Тэхээр та өдөр тутам яригдаж байдаг зарим үгүүдийн яг юу болохыг мэдэхийн тулд үргэлж эрэлхийлж байгаарай. Ардчилал гэж яг юу вэ? Төр гэж юу вэ? Мөнгө гэж юу вэ? Хүний эрх, үүрэг гэж юу вэ? Үнэхээр эрхээ эдлэчихээд үүргээ биелүүлэх ёстой гэж үү? Үүргээ биелүүлсэн нь эрхээ эдлэх ёстой биш үү?  
Түүнчлэн шинээр сурч байгаа гадаад үгүүдээ Монголоор яаж оновчтой илэрхийлэх вэ гэж байнга сэтгэж ажиллаарай.
Бяцхан хүүхдүүддээ Монгол үлгэр уншиж өгч эх хэлийг нь эрхэмлэж эзэмшүүлээрэй. Үүгээр чинь дамжиж үгэн дотор үг нууцалдаг, утган доторхи утгыг тайлдаг, нэг үгээр мянган утга илэрхийлдэг, цээжнээс цэцэн үгсийг дэлгэрүүлдэг, ухаанаас уран үгсийг ундруулдаг, дэлхийн энгээр орчлонг цоо сэтгэдэг Монгол сэтгэлгээ удамшин, үеийн үед залгамжлагдах болно.  
 
Монгол улс мандан бадрах болтуухай. 

Мэхийн ёсолсон, Монгол Удам
2012

Алд биеийн алжаалыг үл ойшоон зүтгэгч эрэлхэг баатруудыг гүнээ хүндэтгэн биширмү


Түүхээ өмөөрөн босоо зогсож, цусандаа үнэнч үлдсэн Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриад, Хазара гэх мэт өөр олон Монгол Үндэстнүүд, тэдний тэмцэгч нарыг, Монгол нутаг, ард түмэндээ эрх чөлөөг олгохын тулд алтан амиа өргөсөн дайчин баатрууд, одоо ч Хятадын шоронд тамлуулан хоригдож буй тэмцэгч Хадаа болон Хуучинхүү нарыг, мөн өнөөгийн Монгол улсад тогтсон авилгач арилжааны феодализмыг эсэргүүцээд эрүүл мэнд, эрх чөлөө, энхрий хайрт хүмүүсээрээ хохирсон одоо цагийн бахархалт тэмцэгч нарын гавъяаг дурсаж, уйлан, уяран суухад орж ирсэн мөрүүд билээ. Өөрөө ая данг найруулж дуу болгосон нь бий.

Тэргүүн бадаг: Гандаж харласан хүмүүн заяа
                      Ганхуулж зөрүүлсэн үнэн цадиг
                      Гадуурхаж алагчлах төр засаг...

Ижийдээ бичсэн захидал

Сайн байна уу, Миний хайрт ээж ээ.

Бодол дэвэрч нойр хулжсан сартай шөнөөр охин нь тандаа захидал бичиж сууна. Өглөө бүр л таныхаа сэтгэлээрээ сүлсэн цайг ууж, орой бүр хайраараа амталсан хоолыг тань идэж хорин жилийг үдсэн ч тандаа "хайртай" гэдэг үгийг тоотой хэлсэн байх юм. Өдийг хүртэл олигтойхон хэлж "амжаагүй" яваа энэ л үгийг минь дамжуулах ачтай боломж гарсанд талархан үзэг цаас аргамжиж, нойроо үргээн суугаа минт энэ ээ.
Хөлсийг тань урсгаж, хөмхийг тань зуулгаж, ясыг тань эвдэж, ядан ядран төрүүлсэн анхны тань үр билээ, би. Уйлан уйлан мэндэлсэн минь тантай учрах гээд баярласных шүү хэмээн усан нүдэлсэн учраа тайлбарлая.
Ингэж та минь анх ээж болчихоод эгдүүтэй бяцхан улаан охиныг харахдаа "энэ жижигхэн гараас нь хөтлөөд хотын гудамжаар дуунд гардаг шиг алхах сан" гэж мөрөөдөж суусан гэдэг. Цаг хугацаа гэдэг харавсан сум адил хурдалж цэцэгтэй цэнгэлтэй хорин зун, цалгим бялхам хорин намар, цан хүүрэгт хорин өвөл ээрүүлийн хөвөрсөн утас мэт ээлж дараалан өнгөрөхөд өдгөө би таниасаа өндөр болчихоод өнөөх дуунд гардаг мөрөөдлийг тань хэд дахин давуулан биелүүлж сугадаад алхдаг болчихож.
Энэ хугацаанд хайртай ээж таныхаа сэтгэлийг чилээж, уурлуулж, гомдоож байсан үе зөндөө. Учир мэдэхгүй бага балчрын гай, үргэлж дэргэд байх юм шиг санах гэнэн тэнэгийн балгаар намайг л гэсэн үгийг тань тоолгүй сэртэлзэж, сээхэлзэж, гоохолзож яваад хатуу хорвоогийн хүйтэн цэвдгийг таньж, харуусал гунигаа хацар дээрээ бөмбөрүүлэхийн цагт хайрт ижий минь та л намайгаа халуун хайрандаа дахин өлгийдөж орчлонг зөөллөсөн билээ. Одоо ч эргэн санахад таныхаа ачит сургаалийг дагалгүй уурлаж, ундууцаж явсандаа өөрийгөө зүхэн буруутгадаг. Намайгаа уучлаарай ээж ээ.
Хар бараан, нулимстай, гомдолтой үеүүд олон байсан ч таниараа бахархуулж, таныгаа баярлуулж, инээлгэж байсан цаг мөч цөөн биш бийд өөрийгөө бас багахан тоодог.

Таныхаа надад итгэдгийг би мэднэ ээ. Та намайгаа "итгэлээрээ" хүмүүжүүлсэн. Юу ч хийж чадахгүй юм шиг өөрт санагдаж, хэн ч надад итгэхгүй байгаа үед та наддаа итгэсээр л байдаг. Та надад итгэсэн болохоор би өөртөө итгэж, тэгээд ч тулгарсан саад бэрхшээлийг даван туулсан удаа олоон. Бага балчир байхаас минь та намайг бие даалгаж, урам, дэмээр тэжээн хийж бүтээх дундрашгүй их хүсэл зоригийг өгсөн билээ. Таны сургасан энэ гэгээрэл, хүмүүжил намайг хаана ч явсан амьдралын минь замыг гэрэлтүүлсээр байна гэдэгт би нь итгэдэг.
Ингээд бодохоор ээж минь та охиныхоо хувьд хичнээн мундаг ачтан, буянтан, "гэгээнтэн" билээ. Энэ хорвоо дээр эхийнхээ ачийг хариулсан хүн нэгээнхэн үгүй гэлцэнэ. Ийм үгэнд охин чинь шантрахыг бас үл хүснэ. Хүсэл мөрөөдлийг тань биелүүлж, таныгаа амар амгалан амьдруулах бол миний амьдралын гол зорилго бөгөөд үүнийг мөн өөрийнхөө үүрэг хариуцлага хэмээн ухамсарладаг.

Уучлалаараа та намайг ухааруулдаг
Урмаараа та намайг зоригжуулдаг
Итгэлээрээ та намайг хурцалдаг
Сэтгэлээрээ та намайг амьдруулдаг

Энэ хорвоод таны л үр болж төрсөндөө би азтай хүн.
Тандаа маш их "ХАЙРТАЙ".

20.. он

Ертөнцийн бүх ижийд сөхрөн мөргөсөн, Монгол Удам

Багш та, ирээдүйг бүтээгч - цаг хугацаагаар аялагч

Сайн байна уу, багш аа.

Саран наран ээлжилсэн он жилүүдийн энэтэйгээс
Самбарт л бичигддэг асан салгуу хол тэртээгээс
Санаанд минь та шингээсэн сайн сайхны дээдтэйгээс
Салж, учрах тавилангийн санах, хайрлахын дэргэдээс
Шавь тань хэмээх алдраар нэгэн насаа чимсэн
Шаргалхан толгойт шадар нэгэн сурагч нь
Шад шүлэг талбиад мэхийн байж ёслоё.
Шавдуулж бас давраад тохойг тань хүндлэн золгоё.

Эрдмийн өргөө болсон 102 тоотдоо
Эрх тоодгийн дэгдээхий шиг ижилдэн суугаад
Эхний үсэг, эхний тоог эхэлж таниараа заалгасан
Энхрий балчир насны эрхэм андуудтайгаа хамт
Энэ өдрийг сонгон  ийн золголдохыг хүслээ.
Томоогүйхэн хүүхэд байхаасаа тогтож нөхөрлөж ирсэн
Тоотойхон хэдэн шавь нар нь одоо ч гэсэн
Эетэй, холбоотой емэйлддэг чаатладаг хэвээрээ
Эв, зав олдвол уулздаг учирдаг янзаараа.

Канттай хослол жавхайтал өмссөн таныгаа харж биширдэг
Коридороор нэг гүйлдсэн нусгайнууд байж дээ бид \хэхэх\
Цаг хугацаа гэгч сонин этгээд тэгтэл
Цаадуулыг чинь ямар болгоотохсоныг нэг хар даа \мммундаг\
... Гэвч
Бие өсөх яахав, ухаан өсөх гэдэг
Бэрхтэй нэгэн асуудал нийтэд тулгамдаад байх шиг
Бид харин тандаа шавилсан болохоор
Билэг оюуны минь суурийг та бат шавалсан болохоор
Чөтгөрийн тэр оюуны доройтолд автсан нь бас ч үгүй
Чиртааны зураас алгасах мэт дээгүүр нь дэгдсээр ирж.
Архинд орж амьдралаа уусан нь үгүй
Гутлаа чирээд гудамж метрлэсэн нь үгүй
Бүгдээрээ л дор бүрнээ явдал суудлаа цэгцэлж
Болохоос нь болохгүйг хүртэл тэмцэж, ялсаар л явна.
Түүх эргэлдэж, түүх давтагдаж,
Түүх, түүхээ бүтээдэг гэнэм
Тэхээр бид эцэстээ бүгдээрээ л ялах болно
Тэр чигтээ хүн төрөлхтний түүх ялгуусан байг.
За тэр яахав, жаахан даруухан байя,
Заяа нь босоо, тэнгэрлэг Монгол гэдгээрээ
Зүрхээ савчуулж цусаа булгилуулж бахархдаг болохоороо муу шавь нь
Завсар олдвол тэр сэтгэлээ, үг болгон цалгиулна
Зай олдвол түүнийгээ, бичээс болгон халгиулна
Бодол дэвэрвэл болоогүй, нулимс болгон мэлтэлзүүлнэ
Болзол тохиовол боломжоор нь, бодит болгон хэрэгжүүлнэ.
Тоо үсэг зааж томъёо уншуулсан төдийгөөр
Тоймгүй их гавъяаг тань тооцож яахан болох?
Үйлдэл бүрийг шүүж, зөв бурууд чиглүүлдэг
Үнэт хүмүүжил гэдэг таниас эхтэй билээ.
Дөрвөн жилийн турш таныгаа хормойлдохдоо бид
Дүн тавиулж, өгүүлбэр зохиож, үсэглэж хайчлахгүйгээр
Нэмж хасаж, ноогдуулж үржүүлж, тогтоож цээжлэхгүйгээр
Нэг л юмыг боловсролын системээс гадуур сурсан нь
Нэрлээд л хэлчихэе, зоригтойгоор, үнэндээ ХҮМҮҮЖИЛ шүү дээ.
Баримт бэлтгэж эрхлэгчээр батлуулсан юм байхгүй ээ, энэ тухайд.
Байгаа байдлаас чинь л бид нар копидоод авчихсан юм.

            Бяцхан хүүгээ орхичихоод бидэн дээр ирдэг байснаас тань “хариуцлагыг”
            Биеийнхээ алжаалыг умартан бичсэнийг минь засдагсанаас тань “тэвчээрийг”
            Болчимгүй асуултуудад минь хариулт эрэн суудгаас тань “үл шантрахуйг”
            Буруу зөвд бурхан чөтгөрийг ялгахгүй “хүний ёсыг”
            Заах аргын ямар ч тактик мактикгүйгээр
            Зан суртахуунаас чинь л залгуулаад авчихсан юм.
            Үүнийг магадгүй хэн ч анзаараагүй байж болно
            Үнэндээ энэ бол таны хамгийн том гавъяа,
            Оюуны шижир бүтээл,
            Та өөрөөрөө БИДнийг бүтээсэн байна.